Засгийн газраас Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яаманд үүрэг өгч, Туулын хурдны замын төслийг шалгахаар болжээ

Засгийн газраас Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яаманд үүрэг өгч, Туулын хурдны замын төслийг шалгахаар болжээ

Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32 километр урт үргэлжлэх Туулын хурдны замын төсөл иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа. 

Энэ ч утгаараа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар томилогдсон Ц.Сандаг-Очир ажлаа хүлээн авсныхаа дараа Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр болон төслийн гүйцэтгэгч БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хаоюань женерал констракшн” ХХК-ийн төлөөлөлтэй уулзалт хийж, улмаар Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг хуульд нийцүүлтэл түр зогсоох шийдвэрийг гаргасан. 

Тэгвэл Туулын хурдны замын төслийг хуулийн байгууллагаар шалгуулаах болсон байна. Тодруулбал, Засгийн газраас Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яаманд үүрэг өгч, Туулын хурдны замын төслийг шалгахаар болжээ.

Тодруулбал, "Хатан туулаа хамгаалъя" иргэдийн хөдөлгөөнөөс Туулын хурдны замын төслийг хэрэгжүүлэх асуудалд анхаарал хандуулахыг хүсэж, Ерөнхий сайдад хүсэлт хүргүүлсэн байдаг. Тус шаардлагад Туулын голын бургасыг устгаж байгааг даруй зогсоох, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дүгнэлтийг зохих ёсоор гаргуулаагүй, байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй асуудалд анхаарал хандуулахыг хүссэн юм. Тиймээс Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар томилогдсон Ц.Сандаг-Очирт хандаж, дээрх шаардлагад дурдсан асуудлын хүрээнд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, хууль зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдвол холбогдох хууль тогтоомжид заасан арга хэмжээг авч ажиллахыг уламжилсан байна.