А.Амартүвшин: Хоттой ойр амралт аяллын газрууд руу автобус явуулж тус байгууллагуудад иргэдийг амраах, тухтай салхинд гарах нөхцлөөр хангахаар ажиллаж байна

А.Амартүвшин: Хоттой ойр амралт аяллын газрууд руу автобус явуулж тус байгууллагуудад иргэдийг амраах, тухтай салхинд гарах нөхцлөөр хангахаар ажиллаж байна

Өнөөдөр /2024.12.10/ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагаа, сайжруулсан түлшний нөөц, чанарын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын мэдээллийг сонсохоор товлосон.  Тэгвэл Хотын дарга Х.Нямбаатар өөрийнхөө оронд нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшингээ явуулсан байна. Энэ үеэр А.Амартүвшингээс зарим асуултад хариулт авлаа. 

-ЭВДЭРХИЙ, УЛАМЖЛАЛТ ЗУУХТАЙ 32 МЯНГАН АЙЛД ЗУУХ ТАРААНА-

-Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг хүчингүй болгох зөвлөмжийг ЗГХЭГ-ын Н.Учралаас Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Баярт хүргүүлсэн. Учир нь 2025 оны төсвийн төслийг батлахдаа төсвийн тухай хуулийн шатлалыг зөрчсөн гэж үзэж байгаа. Нийслэлийн 2025 оны төсвийн төсөлд тодотгол хийх үү эсвэл хүчингүй болгоод дахин өргөн барьж хэлэлцэх үү. Ямар байдлаар ажиллаж байна вэ? 

-Нийслэлийн төсвийг хуулийн хугацаанд нь баталсан. Манай нэгдүгээр орлогч Т.Даваадалай, Н.Учрал сайдтай хамт ажиллаж байгаа. 

-Утааны асуудлаар иргэд жагсаж, сонсгол хийхийг шаардсан. Жагсагчдад ямар хариу өгөхөөр ажиллаж байна вэ? 

-Жагсагчидтай уулзсан. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Баярт жагсагчидтай уулзсан. Бидний хувьд шаардлагын хариуг бэлдээд явж байна. Жагсагчид хоттой ойр агаарлах цэгийг бий болгож өгөөч, автобус явуулдаг болгооч гэсэн. Манай аялал жуулчлалын газар, нийтийн тээврийн газар хамтарч судалгаа хийгээд хотын захын амралтын газруудтай гэрээлж ажиллахаар болсон. Мөн төрийн өмчит цэргийн амралт, Онцгой байдлын сувилал зэрэгт хүүхдүүдээ агаарт гаргаж хүмүүсийг хүлээж авахуулахаар ажиллаж байгаа. Хүмүүс эдгээр газрууд руу автобусаар очоод хүүхдээ агаарлуулангаа халуун цай, хоолоор үйлчлүүлэх зэрэг боломжийг нээнэ. Автобусны чиглэл хийж байна. Автобусыг шугамынх шиг явуулах уу эсвэл тусад нь явуулах уу гэдгээ ярилцаж байгаа.

-Хүмүүс төлбөрөө төлөөд уг үйлчилгээг авах юм уу. Эсвэл нийслэлээс тодорхой хэмжээний төсөв гаргаад дээрх байгууллагуудад татаас өгөх юм уу? 

-Нийслэлээс дээрх байгууллагуудад татаас өгөхгүй. 

-Та Нийслэлийн Засаг даргын агаар орчны асуудал хариуцсан орлогч. Ирэх онд утааг багасгахад хэдэн төгрөг төсөвлөсөн бэ? 

-Нийслэлийн нийт төсвийн 80 гаруй хувийг том бүтээн байгуулалтад зарцуулж байгаа. Тодруулбал, дахин төлөвлөлт, Сэлбэ дэд төв, Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалт, гүүр, хурдны зам, метроны ажилд зарцуулагдана. Ингэснээр агаар, орчны бохирдлыг бууруулна. 820 гаруй мянган машины утаа, тортог нь агаарын бохирдлын 30 гаруй хувийг дангаараа эзэлж байна. Энэ машинуудын асуудлыг шийдвэрлэнэ. Үлдсэн 55 хувийн бохирдол нь гэр хорооллын айл өрхүүдийн яндангаас гарч байна. Энэ янданг хаах зорилгоор дахин төлөвлөлтийг хийх, дэд төвүүдийг байгуулах зэрэг ажлыг хийж байгаа юм. Мөн дахин төлөвлөлтөд орж чадаагүй, дэд бүтэцгүй хотын захын гэр хороололд хийн дэд төвийг байгуулж, хийгээр халаана. Ирэх жил гэхэд 15-20 мянган өрхийг хийтэй холбоно. Бидэнд дунд болон алсын бодлогууд байна. Гэр хорооллыг хийтэй холбосноор айлуудыг дулаан, хэрэглээний газтай болгочих юм.Ингэснээр тус айлууд тог хэрэглэхээ болино. Тог хэрэглэхээ больсноор төвийн шугамын ачаалал багасна. Ирэх жилдээ багтаан хийн дэд төвийг байгуулж, хоёр жилдээ багтаан Сэлбэ, Баянхошуу дэд төв дээр нийт 20 мянган айл, өрхийг орон сууцжуулна. Цаашлаад зургаан дэд төвийг байгуулна. 

-ТАВАНТОЛГОЙ ТҮЛШИНД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭГЭЭР ХҮХЭРЛЭГ ХИЙ, ТООСОНЦОР НЬ 2-3 ДАХИН БАГА ГАРСАН-

-Мөн 32 мянган өрхөд зуух тараахаар тендер зарласан байсан. Өнгөрсөн жилүүдэд зуух тараагаад үр дүнгүй байсныг бүгд мэдэж байж дахиад яагаад зуух тараах гээд байгаа юм бэ? 

-Гэр хороололд гэрт нийт 95 мянган айл өрх амьдарч байна. Энэ айлууд бүгд гар хийцийн энгийн зуух ашиглаж байна. Уламжлалт зуухыг ашиглаж байгаа нь угаарталтад нөлөөлж байгаа. Энэ зуухууд нь стандартгүй шаардлага хангахгүй байгаа. Эдгээр 90 мянган айлын 32 мянгыг нь зуухаар хангана. Угаарын хий хамгийн бага гаргадаг, сүүлийн үеийн технологи ашигласан зуухыг нийлүүлэх гол шалгуураа тавиад тендерээ зарласан. 

- “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагаа, сайжруулсан түлшний нөөц, чанарын талаар та өнөөдөр байнгын хороонд мэдээлэл өгөх юм байна? 

- "Тавантолгой түлш"-нээс өдөр бүр дээж авч шинжилгээ хийж байгаа. Шинжилгээний хариугаар илчлэг нь 1-2 дахин их, хүхэрлэг хий, тоосонцор нь стандартад зааснаас 2-3 дахин бага байгаа нь батлагдсан. Тавантолгой түлшийн баруун үйлдвэрийг зогсоож, төв дээр хоёр шугам, зүүн төв дээр гурван шугамын ажиллуулж байна. Өдөрт 2500 тонн сайжруулсан түлшийг бэлдэж байна.