ҮСХ: Улсын хэмжээнд инфляц 9 хувьтай гарлаа

ҮСХ: Улсын хэмжээнд инфляц 9 хувьтай гарлаа

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны эхний есдүгээр сарын голлох үзүүлэлтүүдийг ҮСХ  танилцууллаа. 

 

ҮСХ-ны мөнгө, санхүү, үйлчилгээний статистикийн хэлтсийн дарга Л.Энхбаатар "Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны есдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 9.0 хувиар, өмнөх сараас 0.2 хувиар тус тус өсжээ. Энэ оны есдүгээр сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд барааны бүлгийн үнэ 7.0 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 15.0 хувь, хүнсний бүлгийн үнэ 10.4 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 8.5 хувиар тус тус өссөн байна. Инфляцын түвшин 2025 оны есдүгээр сард улсын хэмжээнд 9.0 хувь гарсны 2.8 нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлэг 1.9 нэгж хувь нь орон сууц, ус, цахилгаан,түлшний бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2025 оны эхний есдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 22.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 611.3 тэрбум төгрөгөөр буурсан байна. Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2025 оны эхний есдүгээр сард 22.1 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ. Татварын нийт орлого 2025 оны эхний есдүгээр сард 19.0 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.0 их наяд төгрөгөөр буурахад орлогын албан татварын орлого 609.0 тэрбум төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 1.3 их наяд төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ. Харин нийгмийн даатгалын орлого 645.1 тэрбум төгрөг, хөрөнгийн албан татвар 120.1 тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 77.3 тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 76.8 тэрбум төгрөгөөр тус тус өсжээ" гэлээ.