Боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтнууд хугацаагүй ажил хаялт зарлаад байна. Мөн энэ сарын сарын 20-24-ний өдрүүдэд буюу ирэх долоо хоногт сурагчдын “Бие даалтын долоо хоног” эхэлж буй.
Ингэснээр бага насны хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, хамгааллыг сайжруулах шаардлага үүсээд байна. Тэгвэл Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас уриалга гаргажээ.
Тус уриалгад “Өнөөдрийн байдлаар Монгол Улсад цэцэрлэгийн насны 257 мянга орчим хүүхэд, ерөнхий боловсролын сургуульд 826.8 мянган сурагч суралцаж байгаа нь хүүхэд бүрийн аюулгүй байдлыг хамгаалах, орчны эрсдэлээс сэргийлэх ажлыг нэн тэргүүнд тавих хэрэгтэйг харуулж байна. Иймд байгууллага, аж ахуйн нэгжүүдийг ажилтныхаа ажил, амралтын цагийг оновчтой зохицуулж, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөлийг бүрдүүлэх, хүүхэд хамгааллын зарчимд нийцсэн ээлтэй шийдвэр гаргахыг уриалъя. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт “Ажил олгогч нь ажил, амралтын цагийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл хэрэглэх зэргээр ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлэх, хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгах замаар ажилтны хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлнэ” гэж заасныг мөрдөж ажиллахыг анхааруулж байна” гэжээ.