УИХ-ын 2024 оны сонгуулиар байгуулагдсан 126 гишүүнтэй парламентын анхны ээлжит бус чуулган энэ долоо хоногт эхэлж, 2024 оны төсвийн тодотгол, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг асуудлыг хэлэлцэж эхэллээ.
-“ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУУЛИЙГ ШИНЭЧИЛНЭ” ГЭЖ ПАРЛАМЕНТ АНХ УДАА ДУУГАРЛАА-
Тэгвэл 126 гишүүнтэй шинэ парламент хууль тогтоох үйл ажиллагааныхаа нэгдүгээрт “Хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй хуулийн үзэл баримтлалд тулгуурласан эрх зүйн тогтолцоог бүрдүүлнэ” гэдгээ мэдэгдлээ. Тодруулбал, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ээлжит бус чуулганыг нээж хэлсэн үгэндээ, “Хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй хуулийн үзэл баримтлалд тулгуурласан эрх зүйн тогтолцоог бүрдүүлж ажиллах чиглэлд хууль, тогтоомж нь иргэн хүний эрх ашиг, нийгмийн эрэлт шаардлагад нийцэж байх зарчмыг эн тэргүүнд тавьж, мөн Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг шинэчлэх”-д ажиллана гэдгээ мэдэгдсэн юм.
“Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг шинэчлэх”-д парламентын түвшинд анхаарч ажиллана гэж мэдэгдсэн анхны тохиолдол гэж болно. Учир нь 1998 онд батлагдсан тунхгийн төдий хуулийн зохицуулалт Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөөг сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд зохицуулж байгаа юм. Хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү. Энэхүү хууль нь дөрвөн зүйлийн таван заалтаас бүрддэг ба нарийн зохицуулалт байхгүй, тунхгийн төдий гэж зарим судлаачид шүүмжилдэг.
-АНУ-ЫН СЭТГҮҮЛЧ ТӨРИЙН НУУЦЫГ ЗАДРУУЛСАН ХҮНИЙ НЭРИЙГ ХЭЛСНЭЭР ШОРОНГООС СУЛЛАГДАЖ БАЙВ-
Гэтэл иргэдийн хэвлэл нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэхийг хязгаарласан Эрүүгийн тухай хуулийн олон хуулийн заалт хэрэгжиж байгаа гэхэд болно. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1-д заасан “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэсэн заалт байгаа юм. Гэтэл хүний нэр, алдар хүнд гэдгийн цаана даргын нэр төрд халдсан, даргыг муухай харагдуулсан гэдэг үндэслэлээр сэтгүүлч нарыг яллаж, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж байгаа гэхэд болно. Гэтэл гаднын зарим улс оронд “илт худал мэдээллийг тараах” гэсэн хуулийн зохицуулалтыг даргын нэр төрд халдсан худал мэдээлэл тараах үйлдэл дээр бус харин нийгмийг үймээн самуунд уриалсан, Үндэсний аюулгүй байдлын хэмжээний худал мэдээлэл тараахыг эрүүгийн хуульд оруулж өгсөн байдаг байна.
Мөн Эрүүгийн хуулийн 21.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөрдөн байцаалтын нууц задруулсан хүн” гэсэн заалтаар мөн сэтгүүлчдийг буруутгах нөхцөл байдал үүссэн. Мөрдөн байцаалтын нууц задруулсан “Хүн” гэдэг үгийн ойлголт дээр Улсын дээд шүүх тайлбар гаргаж нэг тийш болгохгүй бол олон сэтгүүлчийн эрх ашиг хөндөгдөхөөр байгаа юм.
Улмаар Эрүүгийн хуулийн 19.11 дүгээр зүйлийн 1-д заасан “төрийн нууцыг хууль бусаар олж авах” гэсэн заалтаар ч сэтгүүлчдийг яллах байна. Үүний хамгийн ойрын жишээ нь Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг. Энэхүү хуулийн зохицуулалтаар төрийн нууцыг хадгалж, задруулахгүй байх үүрэгтэй хүн нь хариуцлагаас мултарч үлддэг байх ёсгүй юм. Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16.17-д “Төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй” гэж заасан байдаг. Товчхондоо, манай иргэнд төрийн нууцаас бусдыг мэдэх эрхтэй гэж ойлгож болно.
Тэгвэл АНУ-ын тагнуулын байгууллагад ажилладаг хүмүүсийн нэрийг тус улс “Төрийн нууц”-д хамааруулдаг байгаа юм. Гэтэл The New York Times сонины сэтгүүл Жудит Миллер АНУ-ын тагнуулын төв байгууллагад ажилладаг нууц ажилтны нэрийг нийтэлсэн ба Америкийн прокурорын байгууллага түүнийг мэдээлэл өгсөн хүнийхээ нэрийг өгөхийг шаардаж хоёр сарын хугацаанд хорьсон байдаг. Эцэст нь Жудит Миллер “мэдээлэл өгсөн хүнээсээ асууж байж хэлнэ” гэснээр эх сурвалж нь зөвшөөрснөөр түүнд мэдээлэл өгсөн хүн нь шоронд орж Жудит Миллер суллагдсан түүх байдаг. Үүнээс харвал олон улсад төрийн нууцыг хадгалах үүрэгтэй хүн нь нууцыг бусдад задалсан бол өөрөө эрүүгийн хуулийн хариуцлага хүлээлгэдэг байгаа юм.
-318 ХУУЛИЙН 800 ГАРУЙ ЗААЛТ ХҮНИЙ ЭРХИЙГ ЗӨРЧИЖ БАЙГАА НЬ ТОГТООГДЖЭЭ-
Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг зааж өгсөн байдаг. Тухайлбал, Үндсэн хуулийн 16.16-д “Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй” гэж заажээ. Гэтэл Эрүүгийн тухай хуульд орсон олон заалтууд нь Монгол Улсын иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөг зөрчиж байж магадгүй байгаа юм.
Учир нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ээлжит бус чуулганыг нээж хэлсэн үгэндээ, “Одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа 318 хуульд шинжилгээ хийж үзэхэд хүний эрхийг зөрчсөн 800 гаруй зүйл, заалт байгаа нь тогтоогдсон байна. Эрх зүйн энэ мэт зөрчлийг засаж залруулахад манай парламент хүч анхаарал тавьж ажиллана” гэж мэдэгдсэн.
Мөн түүний хэлснээр Улсын Их Хурлаас баталсан 880 хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд эдгээр хуулийн 437 нь нийгмийн өдөр тутмын харилцааг тогтмол зохицуулж, даган мөрдөгддөг хуулиуд харин үлдсэн 443 хууль нь нэг удаагийн шинжтэй үйлчилдэг хуулиуд байна. Мөн нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актын бүртгэлтэй 2768 журмаар нийгмийн харилцааг зохицуулж байгаа аж. Харин Хууль тогтоомжийн 32 хувь нь хууль, 68 хувь нь захиргааны хэм хэмжээний акт болсон байна. Энэ нь хуулиар зохицуулбал зохих харилцааг журмаар зохицуулахад хүрч, хуулиар албан тушаалтан, төрийн байгууллагад нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоох эрхийг олгож ирснийг илэрхийлж байна. Тодруулбал, хуулиар зохицуулбал зохих харилцааг журмаар зохицуулснаар хүний эрхэд халдах ноцтой үр дагаварт хүрээд байгаа ажээ.