Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар нийслэлийн нутаг дэвсгэрт энэ онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаарыг батлах талаар танилцууллаа.
Танилцуулгыг Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Р.Энхтайван хийв. “Ногоон бүсийн ойн сангийн эрүүл ахуйн орчныг сайжруулах, модны өсөлтийг нэмэгдүүлэх зорилгоор ойн арчилгааны огтлолыг 10 га талбайд, хортон шавжид нэрвэгдэн цаашид сэргэн ургах чадваргүй болсон хатсан мод бүхий цэвэрлэгээний огтлолыг 24 га талбайд, 190 га талбайд унанги модод, гишүү мөчрийг цэвэрлэн ойн төлөв байдлыг дээшлүүлэх, ой дахь шатах материалын хуримтлалыг багасгах арга хэмжээг хэрэгжүүлэх саналыг Р.Энхтайван танилцуулсан юм.
Ойн арчилгаа, цэвэрлэгээний огтлолт, ойн цэвэрлэгээгээр нийт 4809м3 хэрэглээний болон түлшний модыг бэлтгэж, ногоон бүсэд оршин суугч айл өрхийн түлшний хэрэгцээг хангахаар төлөвлөсөн байна. Энэхүү арга хэмжээг хэрэгжүүлснээр ойн экологийн төлөв байдал сайжирч ойн түймэр, хөнөөлт шавж тархах нөхцөлөөс урьдчилан сэргийлэх юм. Түүнчлэн ойгоос хэрэглээний болон түлээний мод бэлтгэсний төлбөрийн орлого 30.7 сая төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлнэ.
Нийслэлийн усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох талаар танилцууллаа
Нийслэл хотын усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох талаар Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг танилцууллаа. Хамгаалалтын бүсийн саналын тухайд Туул голын тэжээгдлийн дотоод муж болох Баянгол, Сэлбэ, Улиастай голуудын урсац бүрэлдэх эхийн салбар голуудын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийг тогтооно. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 50-р тогтоолоор батлагдсан усны сан бүхий онцгой хамгаалалтын бүсийг 23104.0 га, энгийн хамгаалалтын бүсийг 37585.9 га хэмжээтэй байхаар санал боловсруулжээ.
Усны сан бүхий онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээг голын голдирол, татмын хэмжээгээр 343 байршилд тодруулж, боловсруулалтын ажлуудыг хийсэн байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бааст нэртэй усан сан бүхий газар бүртгэгдээгүй, Төв цэвэрлэх байгууламжийн ус гаргалгааны сувагт усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоосон байна. Иймд уг усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд хээрийн судалгаа хийж, ус гаргалгааны сувгийн хамгаалалтын бүс тогтоох ажлын хүрээнд хамгаалалтад авах саналтай байгаа талаар тус тус танилцуулсан юм. Цаашид усан сан бүхий газарт цэнгэг усны орд, рашаан булгийг тусгай хамгаалалтад авах, хамгаалалтын бүсэд оруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулах аж.