Улсын физикийн олимпиадыг анх удаа хувь хүний нэрэмжит болгосон нь энэ удаагийнх юм. Тодруулбал, Монгол Улсын анхны онолын физикч, их эрдэмтэн Д.Цэрэнгийн нэрэмжит болгон зохион байгуулж байна.
Д.Цэрэн нь МУИС-ийн Физик-математикийн факультетын декан, Онолын физикийн тэнхимийн эрхлэгч байсан хүн бөгөөд физикийн олимпиад зохион байгуулах санааг анх гаргаж, анхны физикийн сурах бичгүүдийг зохиож байжээ. Түүний шавь нараас 20 гаруй доктор, академич төрөн гарчээ. Энэ удаагийн Улсын физикийн 37 дугаар олимпиадад 21 150 гаруй багш сурагч оролцож, 35 хүнтэй шүүгчдийн бүрэлдэхүүн ажиллаж байгаа юм. Олимпиадыг БШУЯ, Улсын физикийн олимпиадын хороо, Дорнод аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулж, МУИС, ШУТИС, МУБИС, Физик технологийн хүрээлэн, Эрдэмтдийн “Маргад” сургууль, Цөмийн физикийн агентлагийн төлөөллүүд мөн оролцож байна.