“Итгэлийн зээл”-ийн санхүүжилтийг УЛСЫН ТӨСВӨӨС шийдэж ХЭДС-нд суулгасан уу

“Итгэлийн зээл”-ийн санхүүжилтийг УЛСЫН ТӨСВӨӨС шийдэж ХЭДС-нд суулгасан уу

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол тэргүүтэй нэр бүхий гишүүд жилийн гурван хувийн хүүтэй, барьцаагүй “Итгэлийн зээл”-ийг иргэдэд олгох хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Гэхдээ УИХ-аар хараахан хэлэлцэж эхлээгүй байна.

Эрх баригчид уг зээлийн зорилгыг тайлбарлахдаа, Монгол Улсын иргэдийн багагүй хувь нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур буюу тогтмол бус, бага орлоготой байгаа тул тэдний орлогыг нэмэгдүүлэх, өрхийн болон бичил бизнесий гтөрийн зүгээс дэмжих шаардлагатай. Тийм учраас бага хүүтэй, барьцаа хөрөнгө шаардахгүй, санхүүгийн уян хатан нөхцөлтэй бага дүнтэй зээлийг зорилтот бүлгийн иргэдэд хүргэх зорилгоор “Итгэлийн зээл”-ийг бий болгоно. Уг зээлийг олгосноор өрхийн амьжиргаа дээшилж иргэд ядуурлаас гарна. “Итгэлийн зээл”эхний ээлжинд 200-300 тэрбумын санхүүжилттэй байна. Зээлийн дээд хязгаар 20.0 сая төгрөг тул нийт зээлдэгчийн 90 хувь буюу давхардсан тоогоор 3.0 сая иргэн, хуулийн этгээдэд урт хугацаатай, бага хүүтэй, барьцаагүй зээл авах боломж бүрдэнэ гэж тооцоолж байна”гэсэн юм.

Эндээс үзвэл тус зээлийг ямар нэгэн шалгуургүйгээр гурван сая иргэнд бүгдэд нь тараах зорилготой аж. Зээлийг авсан хүн өрхийн бичил бизнес, үйлдвэрийн ажлыг эхлүүлэх ёстой. Хэрвээ уг зээлийг олговол яг ядуу гэх түвшинд бичигддэг хүмүүс өрхийн бичил бизнес эрхлэх чадвар хэр вэ, зээлийн эргэн төлөлт хийх боломжтой юу гэдэгт мөн судалгаа хийх ёстой юм.  Хэрвээ хяналтгүй, шалгуургүй тараавал тус мөнгө буцаж улсын төсөвт орж ирэхгүй их том алдагдал хүлээж мэдэх юм.  Өөрөөр хэлбэл, угажил нь 2020 оны сонгуульд зориулсан судалгаагүй, эргэн төлөгдөх боломжгүй мөнгө тараалт болохвий гэсэн болгоомжлол бий.

-МАНАЙ НАМЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨРТ БАГТСАН БОЛ ХАМААГҮЙ-

Мөн тус зээлийн санхүүжилтын эх үүсвэрийг хаанаас авах нь тодорхойгүй байгаа юм. Эхний ээлжийн 200-300 тэрбумыг хаанаас босгохоо тооцоолоогүй байж УИХ-ын гишүүд хуулийн төслөө өргөн барьчихсан. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Манай намын мөрийн хөтөлбөрт "Итгэлийн зээл"-тэй холбоотой заалт бол бий. УИХ-ын нэр бүхий гишүүд хуулийн төсөл өргөн барьж Засгийн газар төгсөн. Ямар арга замаар шийдэх вэ гэдгээ засгийн газар ирэх долоо хоногийн хуралдаанаараа шийднэ. Өнөөдөр би энэ асуудлыг Хууль зүйн яам руу шилжүүлсэн. Эдийн засгийн тооцоо хийлгэхээр судалж үзэж байна” гэсэн юм. Хуулийн төсөл өргөн барихаасаа өмнө тооцоо судалгаагаа хийсэн байх атал барьсан хойноо мөнгө хайж буй нь МАН-ынхан мөрийн хөтөлбөртөө тусгасан ажлаа биелүүлсэн болж харагдах,  2020 онд иргэдийн саналыг авахын тулд мөнгө тараах гэсэн зорилготой харагдаж байна. МАН-ын мөрийн хөтөлбөрт орсон л бол улсын төсвийн хөрөнгө хий дэмий, үрэгдэх эсэх нь хамаагүй юу.

Хууль батлагдаагүй мөртлөө санхүүжилтийг УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР шийдсэн гэх мэдээллийг зарим эх сурвалжууд дурдлаа. 

Тодруулбал, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын тушаалаас аймаг, дүүрэг бүрийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөвт суулгасан гэх мэдээлэл байна. Нэг дүүргийн төсөвт 100 сая төгрөг суулгасан гэх мэдээлэл байна.

Бид энэ талаар баримтаар мэдээлэл хүргэнэ.

Энэ жил ЖДҮХС-ийн төсвийн нэг дахин танасан. Танасан мөнгийг “Итгэлийн зээл” –рүү оруулсан уу гэх хардлага байна. Тодруулбал,  2018 онд ЖДҮХС 99 тэрбум төгрөгийг 200 гаруй аж ахуй нэгжид өгсөн. Харин 2019 онд 47 тэрбум төгрөгийг 500 орчим ЖДҮ-чдэд өгсөн байна.

Тэгэхээр судалгаагүй мөнгө тараах ажил буюу “Итгэлийн зээл”-ийг улсын төсвөөс санхүүжилж мэдэхээр байна.