Х.Мандахбаяр нарын дэмжиж батлуулсан "Худал мэдээлэл тараах" заалтаар Үндсэн хуулийн Цэц маргаан үүсгэсэн тул ЭХ-ийн 13.14 зүйлээр шүүгдэх хэргүүд түр түдгэлзээд байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тэгвэл Үндсэн хуулийн цэц сэтгүүлч А.Баярмаа, Ж.Баттуул, иргэн Л.Галбаатар, С.Номынбаясгалан нарын гаргасан гомдлыг ирэх даваа гарагт хэлэлцэхээр товлосон байна.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн “13.14 дүгээр зүйл.Худал мэдээлэл тараах” буюу “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван cap хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... эрх чөлөө, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 16 дахь заалтын “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх ... эрх чөлөөтэй. ...”, Арван зургадугаар зүйлийн 17 дахь заалтын “төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэснийг тус тус зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 9.30 цагаас Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй болно.