"Нүүрсний" гэх Т.Аюурсайхан нарын хэргийг шалгасан АТГ-ын мөрдөгч Австралид гэр бүлээрээ 2 жил амьдарч ирээд, албан тушаал дэвшжээ

"Нүүрсний" гэх Т.Аюурсайхан нарын хэргийг шалгасан АТГ-ын мөрдөгч Австралид гэр бүлээрээ 2 жил амьдарч ирээд, албан тушаал дэвшжээ

"Нүүрсний" гэх хэргээр УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүн шүүгдэж, хэргийг шүүх эцэслэсэн байдаг. 

Харин тухайн хэргийг шалгасан АТГ-ын мөрдөгч гэр бүлээрээ Австрали улс руу удаан хугацаагаар явсан талаар бид одоогоос хоёр жилийн өмнө мэдээлж байсан билээ. Тодруулбал,  АТГ-ын мөрдөгч Д нь "Нүүрсний" гэх хэргийг шалгаж дуусаад, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлснийхээ дараахан Австралийн Сидней руу гэр бүлээрээ гарч явсан байдаг. Энэ нь магадгүй "Нүүрсний" гэх хэрэгт холбогдсон Б.Ганхуяг нарын хэргийг шалгасны "шан" байхыг үгүйсгэхгүй гэх хардлага байсан юм. 

Тэгвэл "Нүүрсний" хэргийг шалгаж, улмаар гаднын улс оронд багагүй хугацааг өнгөрүүлээд ирсэн АТГ-ын мөрдөгч Д нь Монголд эргэж ирээд албан тушаал дэвшсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Тодотоговол, "Нүүрсний" хэргийг мөрдөж байсан АТГ-ын мөрдөгч Д нь Монголд ирснийхээ дараа АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны даргаар томилогдсон байна. Өдгөө тэрбээр тус албан тушаалаа хашиж байгаа аж. "Нүүрсний" хэргээс олон албан тушаалтныг "сугалж" үлдсэн байж болзошгүй гэх хардлага нийгэмд байдаг. Гэтэл хэргийг мөрдсөн мөрдөгч, гаднын улс оронд багагүй хугацааг өнгөрөөж, улмаар буцаж ирээд албан тушаал дэвшиж томилогдсоны цаана АТГ-ын дарга З.Дашдаваа нарын ашиг сонирхол "Нүүрсний" гэх хэрэгт орсон юм биш биз гэх хардлагыг төрүүлж байгаа юм. 




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө