Төрөөс олгодог хүүхдийн мөнгөө авахын тул нас барсан хүүгийнхээ талаарх мэдээллийг нууцалж, 3.7 сая төгрөг авсан аавд тэнсэн харгалзах ял оноожээ.
Тодруулбал, Баян-Өлгий аймгийн иргэн Б нь төрөөс олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмжийг авах зорилгоор хүүгээ 2019 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр нас барсан байхад нас барсан талаар улсын бүртгэлийн байгууллагаар нас барсны бүртгэл хийлгэлгүйгээр түүнийг амьд байгаа мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж, хүү Б.Н-ийн нэрээр 2020 оны нэгдүгээр сараас 2023 оны нэгдүгээр сар хүртэл хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 3 сая 460 мянган төгрөг, Коронавирусын үед буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр иргэн бүрд олгосон Засгийн газрын нэг удаагийн дэмжлэг 300 мянган төгрөгийг хууль бусаар авч, нийгмийн халамжийн санд нийт 3 сая 760 мянган төгрөгийн хохирол учруулж, хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах гэмт хэрэгт буруутгагдсан байна.
Улмаар тухайн аавд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн аж. Харин Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус хэргийг хэлэлцээд иргэн Б-т хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оноосон байна.