Тэртээ 2008 онд Япон улсын иргэн Юкико Харигүчи Монгол улсад анх удаа ирж, тэр тусмаа хөдөөгийн айлд хоёр сар амьдарчээ. Тэр үед Юкико Харигүчи 15 настай байсан юм. Хөрш айлын хөрслөг бор хүүтэй хамт усанд явж, хонь мал эргүүлж, тоглож наадаж нөхөрлөж явсан тэд ирээдүйд аав, ээж болоод мал маллаж амьдарна хэмээн хэн хэн нь ч төсөөлөөгүй.
ВИДЕО:
"ЭХНЭРТЭЭ АНХНЫ ХАРЦААР ДУРЛАСАН"

Юкико Харигүчи “Анх уулзахад бид хоёр хэн хэн нь хэл мэддэггүй байлаа. Би ч Монгол хэлгүй, нөхөр маань ч Япон хэл мэддэггүй. Тэгээд бид хоёр маш их инээдэг байсан. Харин тэр инээмсэглэлээс гэрэл гэгээг мэдэрсэн. Залуу маань гэлтгүй Монгол хүмүүс маш сайхан инээмсэглэж байдаг. Монголд хоёр сар амьдраад буцахдаа үргэлж, инээмсэглэж ярихыг эрхэмлэх болсон” хэмээн анх уулзаж байсан түүхээ дурсаж байлаа.
Үүнээс хойш тэд 10 жилийн дараа буюу 2018 онд дахин учирчээ. Тэр үед Юкико сувилагч болсон байсан бөгөөд амралтаараа Монголд ирсэн байжээ. Энэ л үед хэн хэндээ татагдаж, үерхэж эхэлсэн байна. Харин өдгөө тэд гурван хүүхдийн аав, ээж болж, энгийн бөгөөд эрхэм нандин амьдралаар амьдарч байна.
"2008 ОНД ЮКИКОГ АНХ ИРЭХЭД ААВ МААНЬ МАНАЙ БЭР БОЛООРОЙ ГЭЖ БАЙЛАА"
Энэ талаар өрхийн тэргүүн Т.Ванданцэрэн “2018 онд дахин уулзахдаа түүндээ анхны харцаар дурласан даа. Ямар сайхан эмэгтэй болоо вэ хэмээх бодол төрсөн. Тэр үед ч бид ойлголцож, ярилцах бэрхшээлтэй хэвээр байсан. Тэгээд л нэг өдөр шийдээд хонинд явж байхдаа надтай гэрлээч гээд л бөгж өгчихсөн.
2008 онд Юкиког анх ирэхэд аав маань манай бэр болоорой гэж байсан. Тэр үед үлгэрийн юм ярьж байгаа юм шиг л санагдаж байсан. Гэтэл өдгөө үнэхээр гурван хүүхдийн аав болчихсон байна гэж хэн мэдэх билээ. Амьдрал үнэхээр сайхан, баялаг юм” гэв.

-Хуримаа хэдэн онд хийсэн бэ?

"ЯПОН ХҮНИЙГ ХӨДӨӨ АМЬДАРЪЯ ГЭЭД АВААД ЯВНА ГЭДЭГ ӨӨРӨӨ ИХ ЗОРИГ, ЗҮРХ"
Тэд энэ жил тэмээ худалдаж авснаар таван хошуу малаа тал дүүрэн бэлчээж элбэг хангалуун, энх тунх амьдарч байна. Гэхдээ тэдний амьдрал мэдээж дардан байгаагүй юм. Хэл, ёс заншил, шашин шүтлэг, хоол хүнс гээд тохирох зүйл бараг л үгүй. Өнгөрсөн хугацаанд тэд Япон улсад нэг жил, нийслэлд хүртэл амьдарч үзжээ.

Өрхийн тэргүүн Т.Ванданцэрэн “Мэдээж, хэцүү зүйл олон байсан. Эхнэр маань Монгол хоол огт идэж чадахгүй. Жаахан сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглээд л гэдэс нь хямарч, бие нь өвдөх үнэхээр хүнд байсан. Би ч Япон хэл, ёс заншил мэдэхгүй. Тэгээд Япон хүнийг хөдөө амьдаръя гээд аваад явна гэдэг өөрөө их зориг, зүрх. Тэгээд хоёулаа ярилцаад амьдаръя гээд шийдсэн. Эрс тэс Монгол өвлийн улиралд мал дээрээ эхнэр маань анх удаа өвөлжих гэж байна. Одоо ч бидний хэл сайн биш хэвээр. Би сонсоод ойлгодог ч ярьж чаддаггүй. Эхнэр маань ч ялгаагүй. Үнэхээр нандин, чухал зүйлсээ ярилцах гэхээр хүндрэл гарч ирдэг. Гэсэн ч болоод байдаг юм” гэлээ.
-Эргэн тойрон, нийгмээс дайралт шахалт ирж байсан уу?
-Хоёр талын гэр бүл бол гайхаж, муухайгаар хүлээж авч байгаагүй. Харин огт танихгүй хүмүүс Японы тагнуул зэргээр хэлэхэд таагүй санагдаж байсан. Гэхдээ бид хоёр тоогоогүй. Нэг зорилготой хамтдаа хичээж байгаа бидэнд хэн юу гэхээс илүү урагшлах нь их чухал.
Хүн сайн сайхан ханьтай байна гэдэг их чухал юм билээ. Намайг тамхинаас хүртэл гаргачихсан. Энэ мэт нэг нэгнээ сайн сайханд чиглүүлж, нөмөр нөөлөг түшиг болдог.

-Эхнэрийн тань ямар зан чанар нь хамгийн их таалагддаг вэ?
-Хань минь маш дөлгөөн, тайван. Уурлаж, бухимдаж байгааг нь би огт харж байгаагүй. Япон хүмүүс маш зарчимч санагддаг. Бурууд хатуу, зөвд зөөлөн хүмүүс.

Юкико Харигүчи “Монгол хоол хүнсэнд дасах л хамгийн хэцүү байсан. Япон улсад хонь, ямааны мах идэж үзээгүй байсан шүү дээ. Гэхдээ одоо дасаж байгаа. Миний хамгийн дуртай хоол бол цуйван. Монгол, Япон аль аль хоол хийж чадна. Ер нь би өдөрт үнээ сааж, малын саравчаа цэвэрлэж, хүүхдүүдээ халамжилдаг. Хааяа мориор хонинд явдаг. Би энэ амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун, аз жаргалтай байдаг “ гэсэн юм.

Тэд өдгөө хоёр хүү, нэг охинтой. Том охин Т.Хүслэн таван настай. Харин удаах хүү Т.Борчи гурван настай бол отгон хүү Т.Сүбээдэй нэг ой хүрэх гэж байна. Өнгөрүүлсэн, туулсан цаг хугацаа нь их ч тэдний амьдрал одоо л эхэлж буй мэт. Одоо л итгэл төгс Монголын хөдөө талд мал маллаж амьдрахаар шийдсэн мэт санагдана. Арга ч үгүй биз. Тэдэнд өнгөрсөн хугацаанд хэн хэнээ таних, хоёр талдаа зөвшөөрөгдөх, хаана тохинохоо шийдэх гээд асуудал дуусаагүй. Мөн тэд ирэх зунаас малчин айлын дэргэдэх аялал жуулчлалын бизнесээ эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Амьдрал болгоё, бүтээе гэвэл энэ амьдрал юу ч бэрхшээл биш ажээ.
