Монгол орны баруун хязгаар Увс аймгийн Давст сумын Боршоо боомт, Ховд аймгийн Үенч сумын хилийн отрядад цоо шинэхэн бага сургууль үүдээ нээлээ.
Хүүхэд бүрд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох зорилготой “Багийн бага сургууль” төслийг Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн сангийн санаачилгаар ХААН Банкны санхүүжилт дэмжлэгтэйгээр Хил хамгаалах ерөнхий газар, бусад хувийн хэвшлийн байгууллагын оролцоотойгоор хэрэгжүүлж буй бөгөөд эхний 2 сургуулиа ийнхүү хүлээлгэн өгөөд буй нь энэ юм. Нээлтийн арга хэмжээнд Боловсролын яамны Ерөнхий боловсролын газрын дарга М.Цогзолмаа, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан болон ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа болон Хил хамгаалах ерөнхий газрын харьяа байгууллагынхан, орон нутгийн удирдлагууд, мөн багш сурагчид, эцэг эхийн төлөөлөл оролцсон юм.
“Багийн бага сургууль” төслийн хүрээнд ашиглалтад орсон эдгээр сургууль тус бүр 75 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд барилгын зураг төсөл, барилгын ажлыг Хил хамгаалах ерөнхий газрын харьяа нэгж байгууллагуудын мэргэжлийн баг хамт олон хийж гүйцэтгэсэн юм.
Увс аймгийн Давст сумын Боршоо боомт дахь цэцэрлэг, сургуулийн цогцолборын нээлтийн үеэр ХААН Банкны Гүйцэтгэх захирал, НҮБ-ын Хүүхдийн сангийн үндэсний элч Р.Мөнхтуяа “НҮБ-ын Хүүхдийн сангийн Үндэсний элчийн хувиар Монгол орны алс хязгаар нутагт амьдран суугаа сум, багийн гэр бүлүүд, бага насны хүүхдүүдэд боловсролыг тэгш хүртээмжтэй хүргэх зорилготой “Багийн бага сургууль” төслийн маань анхны сургууль хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн болж, өнөөдөр үүдээ нээж байгаад баяртай байна. “Багийн бага сургууль” санаачилга бол харилцагчид, бизнес эрхлэгчид, нийгэм улс оронтойгоо хамтдаа өсөж урагшлах эрхэм зорилготой ХААН Банкны үнэт зүйлстэй нийцэж байгаа утга төгөлдөр, алсын хараатай төсөл юм. Өнгөрсөн оноос энэ санаачилга эхэлж, хэдхэн сарын өмнө хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж байсан бол өнөөдөр бодит ажил хэрэг болж, ийм сайхан тохилог, эрс тэс уур амьсгалд тэсвэртэй, хүүхдэд ээлтэй бүх орчин нөхцөлийг бүрдүүлсэн шинэ сургуультай болсон нь оролцогч талууд бүх түвшинд ойлголцож, хамтран ажилласны үр дүн юм” хэмээн онцоллоо.
Хүүхэд бүр боловсрол эзэмших эрхтэй. Гэвч өнөөдөр Монгол Улсад байгаа 1,575 багийн дөнгөж 44-т бага сургууль үйл ажиллагаа явуулж, 36,000 гаруй хүүхэд жилийн есөн сард гэр бүлээсээ хол суралцаж байна. Тиймээс энэхүү төсөл 6–10 насны бага ангийн хүүхдүүдийг гэрийнхээ ойролцоо сургуульд хамрагдах боломж нөхцөлийг бүрдүүлж өгч байгаагаараа онцлог юм.
Шинээр баригдсан сургууль, цэцэрлэгийн цогцолборт олон улсын стандартад нийцсэн анги танхим, эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн өрөө, “Үдийн цай” хөтөлбөрийн гал тогоо, урлаг, спортын танхим, Starlink өндөр хурдны интернэт бүхий цахим орчин, тоглоомын талбай, сэргээгдэх эрчим хүчний шийдэлтэй ногоон байгууламж зэргийг иж бүрнээр нь шийдэж өгсөн байна.
НҮБ-ын Хүүхдийн сан, Боловсролын яамны санаачилгаар хувийн хэвшилтэй хамтран 2027 он гэхэд төв суурин газраас алслагдсан 60 орчим багт бага сургууль байгуулж, бага насны болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг өөрийн гэртэйгээ ойр сургуульд суралцах боломжийг бүрдүүлэхээр зорьж буй. Харин ХААН Банкны хувьд нийт 4 бага сургууль буюу дээрх хоёр сургуулиас гадна Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг баг болон Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багт барьж буй бага сургуулиудын барилгыг барьж байгуулах бүх зардлыг санхүүжүүлж буй юм.
ХААН Банкны Гүйцэтгэх захирал, НҮБ-ын Хүүхдийн сангийн үндэсний элч Р.Мөнхтуяа энэхүү төслийн санаачилгыг анхнаас нь дэмжиж, хүүхдийн боловсрол, хөгжлийн тэгш боломжийг бүрдүүлэх үйлсэд манлайлан оролцож байгаа төдийгүй хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хамтын оролцоог уриалан ажиллаж буй.
ХААН Банк 2007 оноос хойш ХААН Банк сангаараа дамжуулан нийгмийн хариуцлагын хүрээнд хүн амын эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, спорт, хүүхэд хамгаалал зэрэг олон салбарт 520 гаруй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, нийт 27.7 тэрбум төгрөгийн санхүүжилт үзүүлээд байна. Энэ удаа “Боловсрол- Хүүхдийн ирээдүй” уриан дор алслагдсан бүс нутгийн хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгохоор, итгэл, боломж, ирээдүйг нь ойртуулж өгөхөөр ийнхүү томоохон хөрөнгө оруулалт хийгээд байна.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк