Ардчилсан намын бүлгээс гарсан шийдвэрийн талаар АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ч.Лодойсамбуу нар мэдээлэл хийлээ.
АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, "УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ нь агуулгын хувьд УИХ-ын дарга аль нэг намын дарга байж болохгүй тухай, тодорхойлбол УИХ-ын дарга тухайн намынхаа гишүүнээс түдгэлздэг байх тухай олон улсын парламентын засаглалтай орнуудын жишиг байдаг. Энэ хүрээнд хуулийн төслийг өргөн барих нь зүйтэй гэсэн асуудлыг хэлэлцлээ. Хоёрдугаарт энэ долоо хоногт хэлэлцэх эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал дээр мэдээлэл сонслоо. Мөн энэ долоо хоногийн тав дахь өдөр буюу Монгол бахархлын өдөр АН-ын үндэсний бодлогын хорооны хурал болно. Энэ хурлаар АН-ын Үндсэн дүрмийн өөрчлөлтөд тодорхой зүйл заалтууд буцаагдсан тул хуульд нийцүүлэх шаардлага байгаа талаар хэлэлцэнэ. Арваннэгдүгээр сар ер нь Ардчилсан намтай их холбоотой өдрүүд байгаа. Арваннэгдүгээр сарын 21-ний өдөр буюу Монгол бахахрлын өдөр нь үүх түүхээ эрхэмлэдэг АН-ын хувьд их чухал өдөр. Хоёрдугаарт Арванхоёрдугаар сарын 6-ны өдөр АН-ын төлөөх намууд нэгдсэн баярын өдөр. Арванхоёрдугаар сарын 10-ны өдрийг мөн эрх чөлөөний ардчиллын өдөр гэж үздэг. Тэгэхээр эдгээр өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар АН-ын бүлэг дээр мэдээлэл өгсөн. Гуравдугаарт, гурван хуулин дээр АН-ын бүлэг онцгойлон анхаарч, ажлын хэсэг гарган ажиллуулахаар болсон. Нэгдүгээрт, Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийг сонгууль дөхүүлж байгаад өөрчилдөг асуудлууд байдаг тул АН-аас ажлын хэсэг байгуулж ажиллуулахаар тогтлоо. Мөн Төрийн албаны тухай хуульд олон өөрчлөлт шинэчлэлт хэрэгтэй тул Ж.Баярмаа гишүүн энэ ажлын хэсгийг ахалж ажиллахаар болсон. Түүнчлэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэр, удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат гишүүн ахалж ажиллахаар боллоо. УИХ гэдэг нь өөрөө ойлголцлын танхим. Гэтэл аль нэг намын эрх ашгийг эрхэмлэж байгаа хүн тэнд суух нь парламентат ёсны бэхжилтэд зохистой асуудал биш гэдгийг олон улсын жишгээс нь аваад судалж, үзээд хуулийн төсөл бэлдэж байна" гэв.
ВИДЕО:
Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, “Сүүлийн үед улс төрийн намын хуваагдал албан тушаалын зодоон маягтай болж ирсэн. Энэ хувирал дотор хамгийн их хохирол амсаж байгаа институц бол парламент буюу УИХ байсан. Дэлхийн сайн туршлагаас харвал парламент гэдэг нь олонх цөөнхөөр хоорондоо мэтгэлцэж, маргаж, үзэл бодлоо уралдуулж, ойлголцож улс орныг авч явдаг суурь тогтолцоо. Тийм учраас парламентийг нэг намын хурал, нэг нам хүч хэрэглэдэг талбар болгохгүйн тулд парламентын спикер намаасаа түдгэлздэг. Иймд Монгол Улс ч тэр чанарыг гээхгүйн тулд намын дарга, парламентын толгой дээр гарч суудаг бус, эрүүл мэтгэлцээнийг өрнүүлдэг, төвийг сахигч байх ёстой юм байна. Тэгэхээр парламентын даргын давхар ажил эрхлэлт дээр тодорхой хязгаарлалтыг тавьж өгөх ёстой юм. УИХ улс төрд орж савладаг байхгүйн тулд УИХ-ын дарга нар нам бус байна гэдэг олон улсын туршлагаар урагш явах ёстой" гэлээ.
ВИДЕО: