Шүдний өвчлөл нь улаан хоолой, толгой, хүзүү болон уушигны хорт хавдар үүсэх эрсдэлтэй холбоотой болохыг Японы эрдэмтэд тогтоосон байдаг.
Харин манай улсад сүүлийн жилүүдэд хүүхэд, ялангуяа 02-12 насныхны дунд шүд, амны хөндийн өвчлөл ихэсчээ. Тодруулбал, 2016 онд нийслэлийн төвийн зургаан дүүргийн 3-5 настай хүүхдийн дунд хийсэн судалгаагаар шүд цоорох өвчний тархалт 92.9 хувь, эрчим 8.2 гарсан байдаг.
Иймд энэ оны тавдугаар сараас эхэлж орон даяар “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Тодруулбал, 2019-2023 он хүртэл таван жилийн хугацаанд 02-12 насны хүүхдийн шүдийг эмчилж, эрүүлжүүлэн хүн амыг амны хөндийн эрүүл ахуйг сахих дадал хэвшилд сургах, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилготой энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ажээ.
Харин Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургууль 900 гаруй хүүхдээ "Эрүүл шүд Эрүүл хүүхэд" хөтөлбөрт хамруулж, шүдийг нь эмчилсэн анхны сургууль болсон батламжийг өнөөдөр 13:00 цагт Эрүүл мэндийн яамны 215 тоот хурлын танхимд гардуулах ажээ.