Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулахдаа хууль зөрчиж, буруу "саналын томъёолол"-ыг ашигласан гэх асуудлаар Үндсэн хуулийн цэц маргаан үүсгээд байна. Ингэхдээ УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг шалгаж эхэлжээ. Энэ бол Засгийн газрыг огцруулсан УИХ-ын шийдвэр бүрэн хэрэгжих боломжгүй, ардаа асуултын тэмдэгтэй үлдсэнийг илэрхийлнэ.
-ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛСАН УИХ-ЫН ШИЙДВЭР АРДАА АСУУЛТЫН ТЭМДЭГТЭЙ ҮЛДЛЭЭ-
Тодруулбал, бүтэн долоо хоногийн сунжирсан Төрийн байгуулалтын байнгын хороо өнгөрсөн пүрэв гарагийн өглөө 09.00 цагт хуралдаж Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргасан. Ингээд "Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг дэмжье" гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон 22 гишүүний 19 гишүүн буюу 86 хувь нь огцруулахыг дэмжээгүй. Харин гурван гишүүн буюу 13.6 хувь нь зөвшөөрсөн.
Төрийн байгуулалтын байнгын хороо нь 31 гишүүнтэй бөгөөд үүний олонх нь Засгийн газрыг ил шүүмжилж, огцрох ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Гэтэл яг санал хураах мөчид "огцруулахгүй" гэсэн эсрэг санал өгч, тэд саналын томъёоллоор тоглох гэж байгаагаа ил болгосон юм. Үүнийг Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал "Бидэнд хайргүй гээд байсан нөхөд минь гэнэт хайр зарлалаа" гэж шоглосон билээ.
Энэ дагуу "Байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжих үү" гэдгээр УИХ дээр санал хураалгах болоход Засгийн газрын сайд нар болон нэр бүхий гишүүд Үндсэн хууль болон УИХ-ын тухай хууль, Дэгийн хууль зөрчих нь гэж мэдэгдэн Үндсэн хуулийн цэцэд хандсаныг Цэц хэлэлцээд маргаан үүсгэснээ өчигдөр албан ёсоор /2025.10.17/ мэдэгдсэн. Хуулийн дагуу бол "Ерөнхий сайдыг огцруулах дэмжих үү" гэсэн саналын томъёоллоор санал хураалгах хуулийн зохицуулалттай байсан.
Тодруулбал, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. УИХ-ын нийт гишүүдийн олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно” гэж заасан.
Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101.1-д “Гишүүд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулах саналыг Улсын Их Хуралд албан ёсоор тавьсан бол Улсын Их Хурал уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ” гэж, 101.2-т “Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдыг огцруулах саналыг хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд танилцуулна” гэж, 101.3-т “Нэгдсэн хуралдаан Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, ил санал хураалт явуулна” гэж, 101.4-т “Улсын Их Хурлын нийт гишүүний олонх Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол баталсанд тооцно. Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжээгүй бол уг асуудлаар шийдвэр гарахгүй” гэж тус тус заасан.
Тайлбар, үндэслэл:
- Дэгийн хуульд зааснаар Ерөнхий сайдыг огцруулах саналыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцсэн санал, дүгнэлтийг Нэгдсэн хуралдаанд зөвхөн танилцуулж сонсгоно.
- Нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар санал хураахгүй.
- Өөрөөр хэлбэл, Үндсэн хууль болон Дэгийн хуульд заасан тодорхой томьёолол буюу “Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжиж байгаа эсэх” гэдгээр санал хурааж, Улсын Их Хурлын 126 гишүүний 64-өөс дээш гишүүн уг саналыг дэмжвэл Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно гэсэн байдаг
-"Х.БУЛГАНТУЯАГ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ХЭМЭЭН ШАЛГАЖ БАЙНА" ГЭЖ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МЭДЭЭНД БИЧЖЭЭ-
Тэгэхээр хуулийн энэ агуулгаар бүр тодруулал, дээрх Үндсэн хуулийн 43.1 дүгээр заалт, мөн 70.1 дэхь заалт буюу “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэх үндэслээр Үндсэн хуулийн цэц маргаан үүсгээд байна.
Үндсэн хуулийн цэцийн маргаан үүсгэсэн тухай мэдээг харвал УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг Үндсэн хууль зөрчсөн байх магадлалтай гэж үзэн шалгаж эхэлжээ. Энэ тохиолдолд тэднийг эргүүлэн татах хүртэл нөхцөл ч бүрдэж болзошгүй.
Тодруулбал, УИХ-ын тухай хуулийн 9.1.4.-т Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т зааснаар гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн, 9.3.-т Монгол Улсын Үндсэн хуулийн цэц гишүүнийг тангаргаасаа няцаж Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол түүнийг эгүүлэн татах эсэх асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ гэсэн байна.
Эдгээр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг парламентын гишүүний тангарагаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл түүнийг эргүүлэн татах асуудал үүсэх нь.