Монголчууд эрт дээр үеэс хүний сүлд, хийморь малгай бүсэндээ байдаг хэмээн хүндэтгэж, дээдэлдэг. Улмаар газар тавих, дээгүүр нь гарах зэргийг хатуу цээрлэдэг билээ. Тэгвэл түмэн онынхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн улс, аймгийн цолтой бөхчүүдийн Үндэсний их баяр наадмаас эхлээд барилдаандаа өмсдөг жанжин малгай урладаг Б.Баянбаттай цөөн хором ярилцлаа.
Тэрбээр Э.Оюунболд, Ц.Бямба-Отгон, Б.Пүрэвсайхан зэргээс эхлээд олон бөхчүүдийн малгайг урлажээ. Түүний хийсэн малгай нь тухайн хүний ивээл өнгө, хээ угалзыг тодотгож өгөхөөс гадна ивээл жил, өдөр нь эсгэж эхэлдэг зэргээрээ онцлог байна.
ВИДЕО:
"МАЛГАЙГАА УРЛАХДАА ҮРГЭЛЖ САЙН САЙХАН ЗҮЙЛСИЙГ БОДОЖ, ЕРӨӨДӨГ"
-Юуны өмнө та уншигчдад маань өөрийгөө товч танилцуулахгүй юу?
-Түмэн олондоо энэ өдрийн мэндийг хүргэе. Би бол Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат хүн. Аав, ээж маань Өвөрхангайн Өлзийт сумын харьяат хүмүүс. Миний хувьд Улаанбаатарт суурьшаад 10 гаруй жил болсон байна. Ер нь 1990 оноос үндэсний дээл, малгай, шуба зэргийг оёж байгаа. Харин сүүлийн жилүүдэд илүү дуучин, бөх, харваач, уяачдын малгайг захиалгаар урлаж байна.
-Таны хувь хүн болоод аж, амьдралын талаар ярилцвал бидэнд цаг хүрэлцэхгүй. Иймд бөх хүний малгайг хэрхэн урладаг талаар илүү ярилцахыг хүсэж байна. Та бөхчүүдийн малгайг урлахдаа юунаас эхэлдэг вэ?
-Ямар ч хүнд малгай урлахдаа хамгийн түрүүнд харагдах байдалд анхаарна. Тухайн хүний төрхөд тохируулах нь чухал. Бөхийн малгай онцлогтой. Малгайны оройны өндөр, нам зэрэг харилцан адилгүй. Тухайн хүний санаа бодлыг сонсоно. Мөн нөгөө талд гарын ая даах буюу бат бөх байх нь чухал. Тэгээд эхний ээлжид хар зургаа гаргаад дахин ярилцдаг.
-Бөхчүүдийн малгай хийхэд бэлгэдэл шингээх нь нэн чухал байх.
-Тийм ээ. Миний аав аймгийн заан цолтой хүн байлаа. 56 насандаа сумандаа түрүүлж байсан юм. Тийм ч учир би бөх сонирхож, үзэх дуртай болсон байх. Харин миний ээжийн талын хүмүүс хачин сайхан уран хүмүүс бий. Би малгай урлаж эхлэхдээ олон судлаач, лам нараас зөвлөгөө авч байсан. Ингээд аль болох бэлгэдэл шингээж хийдэг.
Малгайн дээр байгаа хээ, угалз бүр утга учиртай. Үүнээс гадна малгайгаа бүтээж байхдаа үргэлж сайн сайхан зүйлсийг бодож, ерөөж хийдэг.
Жишээлбэл, энэ оёод дууссан малгай бол Улсын арслан Э.Оюунболдын захиалга. Э.Оюунболд арслан оройг нь намхан хийлгэнэ гэсэн юм. Тэгээд өнгө нь шар, цэнхэр өнгөөр л хийлгэхийг хүссэн. Цаашлаад эргэн тойрон Бадамлянхуа цэцгийн дүрсэлсэн. Энэ бол бурхны сэнтийд байдаг хээ шүү дээ. Ер нь тэгээд эцсийн дүндээ бүх зүйл нь сайн сайхныг л хүсэж байгаа шүү дээ.
-Бөхчүүд ивээл өнгөндөө их ач холбогдол өгдөг байх.
-Тийм ээ. Хийц, чанар, өнгөнд маш их ач холбогдол өгдөг. Хар өнгө орох ёсгүй гэдэг ч юм уу. Тийм өнгө орж болохгүй шүү гэж анхааруулдаг. Зохих, зохихгүй гэдгээс ч чухал. Мөн нөгөө талд ганц хими цэвэрлэгээний ая даахгүй чанаргүй байж болохгүй. Миний малгайны онцлог нь тэр. Маш олон удаа уйгагүй давхарлаж, чулуу шиг хатуу болгодог. Бас бөхийн цол чимэг чинь өөрөө маш хүнд шүү дээ.
-Та бөхийн малгайгаар дагнаад багагүй хугацаа өнгөрчээ. Мэдээж, маш олон дуучид, бөхчүүдийн малгайг урласан байх. Заримыг нь дурдвал.
-Улсын арслан Э.Оюунболд, Улсын арслан Ц.Бямба-Отгон, Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын харцага Э.Даш, Улсын харцага Ш.Мөнгөнбаатар, Улсын харцага Б.Цэдэнсодном гээд олон сайхан бөхчүүдийн малгайг хийсэн байна. Дуучид бол маш их. Тэр дундаа уртын дуу, ардын дуу дуулдаг дуучид их хийлгэдэг. “Хулан хонгор” дуугаараа танигдсан дуучин Э.Мөнгөнчимэг их олон малгай, дээл хийлгэсэн. Тэгээд уяач, засуул гээд олон салбарын хүмүүс ханддаг.
"ТУХАЙН ХҮНД ЗОРИУЛЖ ЦОР ГАНЦ, ТӨГС МАЛГАЙ ХИЙХИЙГ ХҮСДЭГ"
-Яг энэ урлаж байгаа хоёр малгай ямар хүний захиалга вэ. Та ер нь хэд хоногт нэг малгай дуусгадаг бол.
-Энэ хоёр малгай бол Улсын харцага О.Мөнх-Эрдэнийн захиалга. Гэхдээ өөртөө биш. Өвөр Монгол хоёр бөх найз нь хийлгэж байгаа гэсэн. Улсын арслан Ц.Бямба-Отгоны хийлгэсэн загвараар хийлгэнэ гэж захиалга өгсөн. Ер нь нэг малгайг 3-4 хоногт оёж дуусгадаг. Харин энэ хоёр малгайг яаралтай захиалга гээд хоёр хоногт дуусгах гээд оёж байна.
Улсын арслан Ц.Бямба-Отгоны хийлгэсэн малгай их гоёмсог, өөрт нь сайхан зохисон санагдсан. Танд хэрхэн санал тавьж байв.
-Бөхчүүд нэг нэгнээсээ сураг сонсдог юм шиг байна лээ. Наадмын өмнөхөн утсаар нэг хүн хийлгэе гээд л залгаад байсан юм. Тэгэхээр нь би амжихгүй гээд хэлчихсэн. Гэтэл манай гэрийг зориод ирсэн. Тэгээд зориод ирсэн нутгийн шинэ арсландаа оёж өгөхгүй гээд яах билээ. Түмэн олон минь тэр малгайг их сайшаасан байсан. Энэ жил наадмын дараа Улсын арслан Э.Батмагнай холбогдсон. Би үнэхээр амжаагүй. Наадмын өмнө үнэхээр захиалга ихтэй байдаг. Би чинь массаар биш ганцаараа тухайн хүнд зориулж ганцхан ширхгийг хийж байгаа хүн шүү дээ.
"МАЛГАЙ ХИЙЖ ӨГСӨН БӨХЧҮҮД ЦОЛ НЭМЭХЭД МАШ ИХ БАЯРЛАЖ, БЭЛГЭШЭЭДЭГ"
-Та энэ ажлынхаа юунаас хамгийн их аз жаргалыг мэдэрдэг вэ?
-Олны танил дуучид, бөхчүүд хийсэн малгайг минь өмсөөд явж байх л сайхан. Наадмаар бөхчүүд хийсэн малгайг өмссөн байхыг зурагтаар хараад суух гоё байдаг. Дээл, хувцаснууд ч гэсэн. Миний хийсэн юм шүү дээ гэж бодох гоё. Бас миний малгай хийж өгсөн бөхчүүд цол нэмээд явахаар их баярлана. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат аймгийн арслан О.Наранбаатар энэ жил Улсын начин боллоо. Би их бэлгэшээсэн. Учир нь өнгөрсөн цагаан сараар малгай хийлгэсэн юм. Тэгээд надтай цагаан сараар золгож ирэхэд нь миний хүү энэ жил улсын цолтон болно гээд үнсээд гаргаж байлаа. Гэтэл энэ жил миний хийсэн малгайг өмсөөд улсын цол хүртэхээр чинь баярлахгүй байх араггүй шүү дээ.
-Танд ирсэн захиалгуудаас хамгийн хэцүү, хугацаа шаардсан малгай хэний захиалга байсан бол.
-Хамгийн удаан хийсэн нь кинонд хэрэглэх баатрын малгай байсан. 13-р зууны үеийн татар цэргийн малгай. Зураг шиг нь хийхийн тулд эсгүүр гаргах, олон ширээсийг хийх зэрэг нь их хугацаа шаардсан. Мөн тэр малгайг цавуу хэрэглэхгүй, тааран даавуугаар хийх ёстой байсан юм.
"ҮНДЭСНИЙ ДЭЭЛ, МАЛГАЙ БОЛ ТУХАЙН ГЭР БҮЛИЙН НЭГ ҮНЭТ ӨВ"
-Та ярилцлагын эхэнд шуба оёдог байсан тухайгаа ярилаа. Бараг 30 гаруй жил үслэг эдлэл давхар оёсон байна. Үслэг эдлэлээр малгай оёх хэцүү юу?
-Тийм ээ. Би бүр төрлийн малгай оёдог. Үслэг эдлэл хэцүү. Хамар ам руу бургиж орохоос эхлээд хэцүү тал бий. Харшил хөдөлгөөд байдаг юм. Ихэвчлэн хүмүүс хуучин үстэй малгайгаа сэргээлгэж оёулдаг. Гэтэл тэр чинь задлаад өөр загвартай болгоход урагдчих гээд байдаг тал бий. Гэхдээ л үсийг нь сэргээгээд танигдахгүй болтол нь шинэ болгож өгөхийг хичээдэг.
-Та ажилдаа чин сэтгэлээсээ хандаж хийдэг бололтой. Сэтгэл шингэх чинээгээрээ гоё болдог байх.
-Тийм шүү. Би тухайн хүнд зориулж цор ганц, төгс малгай хийхийг хүсдэг. Монголын хийморь золбоо бөхчүүдтэй байдаг гэж ярьдаг шүү дээ. Иймд тэр сайхан торгон ногоон дэвжээн дээр цолоо дуудуулж гарч ирж байгаа бөхчүүдийн тэргүүнд байгаа малгайг сэтгэлээ шингээж, гоё хийхийг хичээнэ. Ядаж л цавгийг нь наахдаа хүртэл шороо, тоос хүргэдэггүй. Маш, чамбай хийхийг зорино. Тэгж байж тухайн хүний эрхэм хувцсанд зөв бодол, энерги шингэнэ. Бас нөгөө талд үндэсний дээл, хувцас бол гэр бүлийн нэг өв. Бид аав, ээжээсээ өвлөж ирсэн дээл, малгайгаа хүндэлж нандигнадаг ард түмэн. Тийм болохоор маш сайн хийцтэй, чанартай, сэтгэл шингэсэн зүйл хийхийг хүсдэг.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.