3х3 сагсан бөмбөг, жүдо бөх, цахим спорт зэрэг төрлөөр монгол тамирчид маань олон улсад өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг тив дэлхийгээр цуурайтуулах болсон. Энэ нь олон сайхан боломжуудыг бий болгож байгаа ч зарим тохиолдолд нэр бүхий эрхмүүдийн улс төржилтийн индэр болж буй нь харамсалтай.
Тухайлбал, тив, дэлхийн тэмцээнд амжилт гаргасан тамирчдад хэн нэгэн улс төрч байр, машин, мөнгөн шагнал өгнө хэмээн олны нүдэн дээр амлаж, нэр хүндээ өсгөөд амласан зүйлээ өгөөгүй тохиолдол цөөнгүй бий. Жишээ нь УИХ-ын гишүүн Д.Өнөрболор нь холимог тулаанч З.Шинэчагтагад байр амлаад өгөөгүй гэж ярьдаг. Мөн УИХ-д нэр дэвшихдээ тамирчид, бөхчүүдийг дагуулж явж сонгуулийн сурталчилгаагаа хийдэг ч цөөнгүй хүмүүс бий. Нөр их хичээл зүтгэлээр олж авсан тамирчдын нэр хүндийг хэн нэгэн улс төрдөө ашиглаж байгаа нь тун харамсалтай.
Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Х.Баттулга ажилладаг. Гэвч тэрбээр жүдо бөхийн тамирчдаар улс төр хийдэг байж магадгүй байна.
Тухайлбал, өнгөрсөн хавар 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг маань дэлхийн аварга болж, Монгол түмнээрээ баярлаж, Ерөнхийлөгчийн зарлигаар тэднийг Монгол Улсын Гавьяат тамирчин гэх цол тэмдгээр шагнасан. Мөн Засгийн газар, соёлын яамнаас мөнгөн шагнал, хотын дарга түрээслээд өмчлөх байр зэргийг гардуулсан. Харин энэ үеэр цөөхөн хэдэн сөрөг байр суурьтай байсан хүмүүс байсны нэг нь жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч М.Бундмаа байв.
Тэрбээр, “Сагсан бөмбөгийн охидууддаа баяр хүргэе, бас бахархаж баярлаж байна. Гэхдээ бусад төрлийнхөн адилхан амжилт гаргаад байхад ялгавартай хандаж байгаа нь харамсалтай” хэмээн байр сууриа илэрхийлсэн нь олны дургүйцлийг төрүүлээд байсан. Иргэд эл явдалд “спортын ялгаварлал гэж спортын олон хүнийг турхирч буй үйлдэл, Эсвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулгын багийн гишүүн учир улстөржиж дээрх байр суурийг илэрхийлэв үү, Х.Баттулгын явуулгаар MCS-ийг харлуулах ажлын нэг хэсэг байв уу” зэргээр байр сууриа илэрхийлж байв.
Үнэн хэрэгтэй монголчуудын олимп, дэлхийд амжилт гаргадаг цөөн хэдэн спортын нэг болох жүдо бөхийн спортын тамирчдыг бусад салбарын тамирчдаас илүүтэйгээр дэмжиж, урамшуулдаг гэсэн яриа ч байдаг. Гэтэл түүхэндээ анх удаа өндөр амжилт гаргасан сагсан бөмбөгийн залуу тамирчдынхаа амжилтад атаархсан мэт уг үйлдэл нь олны дургүйцлийг төрүүлж байлаа.
Тэгвэл саяхан олимпын мөнгөн медальт, МУГТ тамирчин Б.Баасанхүүд Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөл байр өгнө гэж амлаад өгөөгүй талаараа өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн. Ингэхдээ, “Хүний хөдөлмөрийн яасан сайхан үнэлдэг юм бэ. Хөвсгөлийн нутгийн зөвлөл маань ч нэг батламж л өгсөн дөө. Олимпоос медаль аваад баахан л батламжтай боллоо” гэсэн юм.
Харин Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлөөс байрны түлхүүрийг нь гардуулж өгсөн гэж мэдээлсэн.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газраас ergelt.mn мэдээллийн сайтад өгсөн тодруулгадаа “Хөвсгөл аймгийн Тамгын газраас Б.Баасанхүүг аав, ээжтэй нь хамт хүлээж авахдаа хоёр өрөө орон сууцны түлхүүрийг нь гардуулж өгсөн. Тийм учраас Тамгын газрын зүгээс Б.Баасанхүүд өгөх ёстой бэлгээ тухайн үед нь гардуулсан” гэжээ.
Иймд МУГТ Б.Баасанхүү яагаад дээрх зүйлийг ярих болов гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Магадгүй энэ нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын явуулга байсан байж болзошгүй. Учир нь Х.Баттулга нь Хойд бүс буюу Хөвсгөл, Булган, Орхон аймгаас УИХ-д сонгогдсон. Үүнтэй холбоотойгоор МУГТ Б.Баасанхүүгээр дамжуулан, жүдогийн холбоогоор дамжуулан Х.Баттулга улс төр хийж байж магадгүй байна.