ВИДЕО: Б.Эрдэнэбилэг "Дилав хутагт Б.Жамсранжав тагнуул хийхээр гарын үсэг зурж, Монголоос гарсан чухал баримтууд нууцаас гарсан"

ВИДЕО: Б.Эрдэнэбилэг "Дилав хутагт Б.Жамсранжав тагнуул хийхээр гарын үсэг зурж, Монголоос гарсан чухал баримтууд нууцаас гарсан"

Дилав хутагт Б.Жамсранжавт холбогдох нууцад хамаарах нийт есөн хадгаламжийн нэгж бүхий 1199 хуудас баримтаас Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасан мэдээлэлд хамаарахаас бусад 1039 хуудас баримтыг төрийн нууцаас гаргаж, ил болгохоор шийдвэрлэсэн билээ. Тэгвэл бид ямар баримтууд нууцаас гарсан талаар Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын орлогч дарга, түүхийн ухааны доктор Б.Эрдэнэбилэгтэй ярилцлаа. 

ВИДЕО:

-ДИЛАВ ХУТАГТ Б.ЖАМСРАНЖАВ ДАМБИЙЖАНЦАНГ УСТГАХ ТАГНУУЛЫН АРГА ХЭМЖЭЭНД ГОЛ ҮҮРЭГТЭЙ ОРОЛЦСОН-

-Дилав хутагтад холбогдох 1039 хуудас хавтаст хэргийг нууцын зэрэглэлээс гаргахаар болсон. Ямар шалтгаан, үндэслэлээр энэ материалыг нууцаас гаргахаар болсон талаар яриагаа эхлүүлье?

-Энэ онд орчин цагийн тагнуулын байгууллагын 100 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбоотойгоор тагнуулын байгууллагаас Дилав хутагтаар төлөөлүүлэн улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө зүтгэж ирсэн тагнуулчдынхаа алдар гавьяаг алдаршуулах, олон нийтэд түүхийн үнэнийг хүргэж, залуу хойч үeд эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, таниулах, ойлгуулах зорилгоор Дилав хутагтын тагнуулын үйл ажиллагаанд холбогдох баримтуудыг ил болгох ажлыг зохион байгуулсан. Дилав хутагтын тагнуулын үйл ажиллагаанд холбогдох 9 хадгаламжийн нэгжийн 1199 хуудас материал ТЕГ-ын Тусгай архивт хадгалагдаж байна. Үүнээс 1039 хуудас баримтыг төрийн болон албан нууцын тухай хуулийн хүрээнд нууцаас гаргаж, ил болгох шийдвэрийг Засгийн газрын 2022 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар гаргасан.

-Тухайлбал, нууцаас гаргасан баримтуудад ямар, ямар баримт ил болсон бол?

-Нууцаас гаргасан баримтад 1922-1960 оны үеийг хүртэлх хугацааг хамарсан Дилав хутагтын тагнуулын үйл ажиллагаанд холбогдсон баримтууд багтсан. Тухайлбал, Дилав хутагт орчин цагийн тагнуулын байгууллага үүсэж байхад буюу 1922 онд баруун хязгаарыг салан тусгаарлуулах төрийн эсрэг үйл ажиллагаа явуулж байсан Дамбийжанцанг устгах тагнуулын арга хэмжээнд гол үүрэгтэй оролцсон талаарх баримт, Дотоодыг хамгаалах газартай Дилав хутагт хамтарч ажиллахаар нууцын баталгаа гаргаж, гэрээ байгуулсан, Өвөрмонголын нутаг руу тусгай үүрэг гүйцэтгэхээр явсан, 1940 оны үеийн түүхийг харуулах Дилав хутагтын хятадын нутаг дахь үйл ажиллагаа, 1949 онд Америк руу гарсан болоод насан эцэслэх хүртэлх хугацааны нөхцөл байдлыг харуулсан зэрэг баримтууд ил болсон.

-ХЯТАД-ЯПОНЫ ХАРИЛЦАА ЗЭРГИЙГ ТОДРУУЛАХ УЛС ТӨРИЙН ЗОРИЛГООР ГАРГАСАН-

-Ил болсон баримтад Дилав хутагтыг тагнуулын үйл ажиллагаа хийлгэхээр эх орноос нь гаргасан талаарх баримт бий гэлээ. Үүнийг жаахан тодруулаач?

-Тухайн үед Дотоодыг хамгаалах газраас улс төрийн зорилгоор Дилав хутагтыг судалж, Өвөрмонголын нутагт байсан Банчин богдын үйл ажиллагаа хийгээд Өвөрмонголын нутагт орж ирээд байсан Япончуудын бодлого, үйл ажиллагаа, Хятад-японы харилцаа зэргийг тодруулах улс төрийн зорилгоор гаргасан байдаг.

-Дилав хутагт яагаад буцаж эх орондоо ирэх боломж гараагүй талаар эдгээр баримтад юу гэж өгүүлсэн байх юм?

-1930-аад онд ХХ зууны Монголын түүхийн хамгийн эмгэнэлтэй, бас сургамжтай их хэлмэгдүүлэлт болсон. Энд бас тагнуулын олон арван ажилтнууд гэрчийг үлдээлгүй устгадаг их гүрний бодлогын золиос болж хэлмэгдсэн. Тухайн үед Хутагтад үүрэг даалгавар өгч явуулсан, бодлого, зорилгыг нь мэдэх хүмүүс үүнд өртсөн. Тагнуулын үйл ажиллагааны нууцлал талаасаа Дилав хутагтыг тийм үүрэг даалгавар, зорилготой гарсан гэдгийг тагнуулыг арга хэмжээг удирдаж, хэрэгжүүлж байсан хүмүүс нь л мэднэ. Мөн Дилав хутагтыг дагалдаж байсан хүмүүс нь эргээд Дотоодыг хамгаалах газарт түүний талаар буруу, зөрүүтэй мэдээлэл өгсөн байдаг. Энэ бүхнээс болоод Дилав хутагт Монголд эргэж ирэхгүйгээр Хятад руу гарч, хожим Америкт очин, Халимагуудын дунд залагдаж, сүм хийдээ байгуулан амьдарсан түүхтэй. Анх энэ хүнийг тагнуулаар “эх орноосоо урвасан” гэж гаргасан байдаг. Тагнуулын ажлыг нь нууцлах зорилгоор “Дилав хутагт эх орноосоо урваад, оргоод гарлаа” гэсэн мэдээ хүртэл тухайн үеийн Монголын өдөр тутмын сонинд гарсан байна. Тиймээс ч тухайн үeд олон нийт Дилав хутагтыг урвагч гэж харж байсан. Харин өнөө үед энэ баримтуудыг ил болгосноор түүхийг үнэнээр нь гаргаж, анх тагнуулын байгууллагаас үүрэг, зорилго, чиглэл аваад гаргасан тэр зорилго нь эцсээ хүртэл өөрчлөгдөөгүй явсан гэдгийг харах боломжтой болсон.

-ДИЛАВ ХУТАГТ НЬ ДОТООДЫГ ХАМГААЛАХ ГАЗАРТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСГЭЭ ЗУРСАН БАРИМТ ИЛ БОЛСОН-

-Дилав хутагтыг холбогдсон хэрэгтэй нь холбоотойгоор тагнуулын байгууллагаас хүчээр тагнуулын үйл ажиллагаа явуулахаар гаргасан байж магадгүй гэх хардлага байдаг. Энэ талаар ил болсон баримтад юу гэж өгүүлсэн байдаг юм бол?

-1922 онд баруун хязгаарыг салан тусгаарлуулах бодлого, үйл ажиллагаа явуулж төрийн эсрэг гэмт хэрэг өдүүлэх ажлыг зохион байгуулсан тухайн үеийн Дамбийжамцыг устгах тагнуулын ажиллагаанд Дилав хутагт биечлэн оролцсон. Тодруулбал, Дамбийжанцан ч Дилав хутагтыг багш гэж хүндэлдэг, шүтдэг байсан учир Дотоодыг хамгаалах газраас Дилав хутагтаар “Таныг засгийн газрын сайдаар томилох гэж байгаа учраас төлөөлөгчид очиж байна” гэсэн утгатай захидал бичүүлээд Дамбийжанцанд өгүүлж, улмаар ажиллагаа явуулж түүнийг устгаж чадсан байдаг. Үүнээс үзээд Дилав хутагт нь 1922 оноос эхэлж, өөрийн итгэл үнэмшлээрээ тагнуулын байгууллагатай хамтарч ажиллаж байсан юм. Тэрбээр насан эцэслэх хүртлээ Монголын тусгаар тогтнол, бие даасан байдлын төлөө явсан ийм л түүхэн хүн. Мөн Дилав хутагт нь Дотоодыг хамгаалах газартай хамтарч ажиллах гэрээнд гарын үсгээ зурсан баримт бий. Нөгөөтээгүүр тагнуулын байгууллагаас өөрийнх нь хэрэгт холбогдуулан үүрэг гүйцэтгүүлэхээр гаргасан зүйл ч бий. Түүхийн үнэн хоёр талтай. Нэг талдаа энэ хүн Монгол орныхоо төлөө зүтгэе гэсэн хүсэл, эрмэлзэл, чин сэтгэл байсан. Нөгөө талдаа тагнуулын байгууллагаас энэ хүнийг тухайн үед хэлмэгдүүлэлтийн хэрэгт холбогдуулаад тагнуулаар гаргасан түүхийн процесс ч байна.

-Дилав хутагт зургаан жилийн турш Хятадын ерөнхийлөгчид зөвлөж байсан гэдэг мэдээлэл байдаг. Энэ талаар нууцаас гарсан материалд хэрхэн дурдсан байдаг юм бол?

-Дилав хутагтын Хятад дахь үйл ажиллагааны талаар энэ баримтуудад нэлээн хомс байгаа. Гэхдээ Хятадад ямар нөхцөл байдалтай байсан гэх мэт тухайн үеийн нөхцөл байдлыг судалсан мэдээ, материалууд бол байгаа.

-ГОМИНЬДАНЫ ХЯТАДУУДААР МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛЫГ ЗӨВШӨӨРҮҮЛЭХЭД ИХ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ БАЙСАН ГЭДГИЙГ ХЭЛСЭН БАРИМТ, НУУЦААС ИЛ БОЛСОН-

-Тухайлбал, Хятадад ямар нөхцөл байдалтай байсан гэж баримтад өгүүлсэн байна вэ?

-Дилав хутагт 1940-өөд оны эхэн үед Хятадын засгийн эрхийг барьж байсан  Ерөнхийлөгч Чан Кайшигийн дэргэд зөвлөхөөр ажиллаж байсан. Энэ хугацаандаа “Монгол бол тусгаар тогтносон улс, тусгаар улс байх ёстой” гэж хэлж, зөвлөж байсан гэдэг. Үүнийг 1962 онд Монголд айлчлалаар ирсэн Америкийн Конгресийн гишүүн байсан нэрт монголч эрдэмтэн О.Латтимор “Дилав хутагт Монголчуудын тусгаар тогтнолыг ялангуяа 1945 оны чөлөөлөх дайны дараа 1946 оны нэгдүгээр сард тухайн үеийн Гоминьданы Хятадуудаар Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрүүлэхэд их чухал үүрэгтэй байсан” гэдгийг хэлсэн баримт, нууцаас ил болсон. Энэ ил болсон баримтуудын хамгийн чухал, үнэ цэнэтэй хэсэг нь.

-Тэгвэл дараагийн хавтас баримтуудад ямар түүхийг өгүүлсэн байгаа бол?

-1940 оноос хойш тагнуулын байгууллагаас Дилав хутагтыг урвасан гэдэг байдлаар сэрдэж, судалгааны мэдээ, материал цуглуулж байсан талаар энэхүү баримтад байгаа. Тухайлбал тухайн үеийн нийгмийн сэтгэл зүйтэй адил тагнуулын байгууллага энэ хүнтэй харилцаа тасармагцаа урвасан гэж судалж байсан талаарх баримт энд нэлээн хувийг эзэлдэг. Мөн Дилав хутагт тухайн үед Монголын тагнуулын байгууллага надад итгэхгүй, хардаж сэрдэж байна гэж байсан сонирхолтой баримтууд бий. Гэсэн ч Дилав хутагт 1940-өөд оны эхэн үед Японы тагнуулын албанд баригдсан байсан Монголын хоёр тагнуулчийг суллаад явуулж байсан ийм жишээ баримтууд хүртэл энэ баримтад байгаа.

-Дилав хутагтыг гаднын тагнуулын байгууллагын үүрэг гүйцэтгэж байсан гэх баримт олдсон байдаг юм болов уу?

-Түүхийн баримтууд өөрөө түүхийн үнэнийг харуулдаг. Эдгээр баримтуудаас тийм зүйл баримт олдоогүй. Удахгүй хэвлэлтээс гарах “Дилав хутагт ба тагнуулын байгууллага” хэмээх номонд энэ талаар дэлгэрэнгүй өгүүлсэн.

-Дилав хутагтын хэргийг цагаатгасан гэхээр тагнуулын үйл ажиллагаатай холбож ойлгоод байдаг. Энэ нь ташаа байх нь ээ?

-Тийм ээ. Дилав хутагтыг 1929 онд тэнсэн харгалзах ялаар шийтгэсэн байдаг. Тухайн үед Монголд өрнөж байсан хэлмэгдүүлэлтийн улмаас шашны дээд хутагт хувилгаан байсных нь төлөө Ёнзон хамбын хэрэгт холбогдуулан түүнийг тэнсэн харгалзах ялаар шийтгэсэн. Тэр ялыг хожим 1992 онд дээд шүүхийн тогтоолоо цагаатгасан байдаг. Түүнээс бус тагнуулын үйл ажиллагаатай холбогдуулж шийтгээд хожим цагаатгасан асуудал байхгүй.

-ГОМИНЬДАНЫ ХЯТАДУУД ДИЛАВ ХУТАГТЫГ АШИГЛАХЫГ БАС ОРОЛДОЖ БАЙСАН БАРИМТ БИЙ-

-Гадны тагнуулын байгууллагаас Дилав хутагтыг өөрийн тагнуулын байгууллагын үйл ажиллагаанд татан оролцуулах гэж оролдож байсан гэдэг. Энэ талаар нууцаас гаргасан баримтад хэрхэн өгүүлсэн байдаг юм бол?

-Дилав хутагтыг Японы тагнуулын байгууллагаас ашиглахыг оролдсон талаар энэ баримтуудад өгүүлсэн зүйл бий. Тухайлбал, 1930-аад оны эхэн үед Монголд Зүүнтнүүдийн явуулсан алдаатай бодлогын улмаас “дүрвэх нүүх хөдөлгөөн” хилийн аймгуудад ихээр өрнөсөн. Ингээд Япончууд Өвөрмонголын нутагт дүрвэж гарсан халх иргэдийг эргээд Монголын эсрэг тагнуулын бааз суурь болгох зорилготойгоор 1939 онд зохион байгуулалтад оруулж, Дилав хутагтын нэрээр буюу “Дилавын хошуу” гэдэг хошууг байгуулсан байдаг.  Дилав хутагт Халх, Өвөрмонголд нэр хүндтэй шашны зүтгэлтэн хүн байсан учир түүний нэр нөлөөг Япончуудаас гадна Хятадууд ч ашиглахыг оролдсон. Харин Дилав хутагт тэр үйл ажиллагаанд оролцолгүйгээр, тэр хошуунд суурьшихгүйгээр Хятад руу явсан байдаг. Энэ баримтуудаас харахад Дилав хутагт өөр улсын тагнуулын үйл ажиллагаанд аль болох татагдан оролцохоос зайлсхийж явсан түүхэн баримтууд ч ил болсон.

-Дилав хутагтыг Хятадууд ч ашиглахыг оролдож байсан гэлээ. Энэ талаар тодруулаач?

-1949 онд БНХАУ байгуулагдах хүртэл Коммунист Хятадууд, Гоминьданы Хятадууд төрийн эрхийн төлөө хоорондоо тэмцэлдэж байсан. Тэгэхээр Гоминьданы Хятадууд Дилав Хутагтыг ашиглахыг бас оролдож байсан баримт бий. Мөн тухайн үед Төвдийн засгийн эрхийн төлөө өрсөлдөж байсан Далай ламын тал, Банчин богдын тал Дилав хутагтыг ашиглахыг оролдож байсан тал бий. Дилав хутагт тусгаар Монгол, нэгдсэн Монгол байх гэдэг зорилгынхоо үүднээс энэ үйл ажиллагаанд татагдаж оролцож байсан болов уу гэсэн судлаачийн дүгнэлт байдаг.

-НҮБ-д Монгол Улс элсэхэд гадаа нь төрийнхөө далбааг барьчихсан залбираад сууж байсан гэдэг. Энэ бол түүх, домог холилдсон явдаг гэсэн ойлголт байдаг юм байна. Тийм үү?

-Дилав хутагтыг НҮБ-ын байранд нулимсаа арчаад сууж байсан гэдэг хүмүүсийн хэлсэн, ярьсан түүх бий. Гэтэл яг түүхийн үнэнийг хараад үзвэл тухайн үеийн НҮБ-ын чуулганы хуралд Дилав хутагт оролцоод явна гэдэг тухайн үеийн нөхцөл байдалд боломжгүй зүйл. Дилав хутагтын дэргэд хамгийн олон жил шадарласан н.Жамбалдоржийн дурдатгалд “Монгол Улс НҮБ-ын гишүүн болсоны дараа төв байрны гадаа Монгол Улсын төрийн далбаа мандахад Дилав Хутагт төв байрны гадна сүслээд, залбираад зогсож байсан” гэдэг. Энэ бол түүхэн баримт юм.

-Нууц баримтуудыг хураангуйлж, тайлбартайгаар хөрвүүлэн гаргаж байгаа юу?

-Тийм. Энэ баримтуудыг бүгдийг нь багтаасан ном удахгүй хэвлэлтээс гарах гэж байна. 2018 онд маш нууцын зэрэглэлтэй бичигдсэн бэлтгэл хурандаа Д.Зоригт докторын судалгааны бүтээл удахгүй олон нийтэд хүрэхээр хэвлэлтэд орсон байгаа. Тэрхүү номонд тагнуулын  архивт хадгалагдаж байсан 9 хадгаламжийн нэгжийн 1000 гаруй хуудас  баримтууд бүгд орсон байгаа. Удахгүй олон нийтэд энэ ном бүтээл хэлбэрээр хүрэх ажил зохион байгуулагдаад явж байна.