НЗДТГ: БЯ-наас ширээ сандал, гал тогоо зэргийг шийдэж өгөөгүй шинэ 20 цэцэрлэг, 13 сургууль байна

НЗДТГ: БЯ-наас ширээ сандал, гал тогоо зэргийг шийдэж өгөөгүй шинэ 20 цэцэрлэг, 13 сургууль байна

Нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажлуудыг үе шаттай хийж буй. Тодруулбал, энэ онд 139 сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлснээс өнөөдрийн байдлаар 15 барилгыг ашиглалтад оруулсан. Гэвч Боловсролын яамнаас ширээ сандал, сургалтын хэрэглэгдэхүүн, гал тогоо зэрэг тоног төхөөрөмжийг шийдэж өгөх боломжгүй гэсэн тул сургуулийн насны 10,500 гаруй хүүхэд, цэцэрлэгийн насны 3740 хүүхэд гэрийнхээ ойролцоо, шинэ сургууль, цэцэрлэгт суралцах боломжгүйд хүрээд байгаа тухай Нийслэлийн засаг даргын тамгын газраас мэдээлээ. 

Өөрөөр хэлбэл, нийслэлийн хэмжээнд ийм нөхцөл байдалтай 20 цэцэрлэг, 13 сургууль байгаа юм. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, 179 дүгээр бага сургууль, цэцэрлэгт ажиллалаа.

Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Уг бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгыг өнгөрсөн тавдугаар сарын 7-нд ашиглалтад оруулсан. Гэвч Боловсролын яамнаас ширээ сандал, сургалтын хэрэглэгдэхүүн, гал тогоо зэрэг тоног төхөөрөмжийг шийдэж өгөх боломжгүй гэсний улмаас сурагчдаа хүлээн авах боломжгүйд хүрээд байна. Өөрөөр хэлбэл ирэх хичээлийн шинэ жилд Баруун салаа орчмын 350 гаруй хүүхэд гэрээсээ зургаан буудлын зайд орших сургууль, цэцэрлэгт явах нөхцөл байдал үүссэн” гэв.

Мөн нийслэлийн зүгээс шинээр ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмжийг шийдэж өгөхийг хүссэн албан бичгийг удаа дараа явуулсаар байгааг тодотгосон юм.