Хөгжлийн банкны зээлдэгчдийн барьцаа хөрөнгөний 25 хувь буюу 786.1 тэрбум төгрөг нь ирээдүйд бий болгох хөрөнгө байгаа гэдгийг Хөгжлийн банкнаас мэдээлсэн.
Тиймээс барьцаа хөрөнгө нь хангалтгүй ирээдүйд олох орлого барьцаалсан чанаргүй зээлдэгч нарын асуудлыг хууль хяналтын байгууллага руу шилжүүлнэ гэдгээ мэдэгдээд буй. Тэгвэл хэний компани, хэдэн төгрөгийн барьцааг ирээдүйд бий болгох хөрөнгөөс “босгоно” хэмээн Хөгжлийн банкнаас зээл авав.
“МОНГОЛ ДРАЙ МИЛК” ХХК 17 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ИРЭЭДҮЙД БИЙ БОЛОХ ХӨРӨНГӨ ГЭЖ БАРЬЦААНД ТАВЬЖЭЭ
Алтай констракшний Х.Бат-Эрдэнийн хамаарал бүхий “Монгол драй милк” ХХК Хөгжлийн банкнаас зээл авахдаа хуурай сүү, аарцны иж бүрэн тоног төхөөрөмж, бэлэн бүтээгдэхүүн хадгалах, савлагааны үйлдвэр, үйлдвэрийн газрыг ирээдүйд бий болгох хөрөнгө хэмээн 17 тэрбум төгрөгөөр үнэлж, барьцаалсан байх аж. Өдгөө тус компанийн зээл чанаргүй зээлийн ангилалд орж, Х.Бат-Эрдэнийг шүүхээс нэг сар цагдан хорих шийдвэр гаргаад байгаа юм.
"ЭРЭЛ" ХХК 31.2 ТЭРБУМЫГ ИРЭЭДҮЙД БИЙ БОЛОХ ХӨРӨНГӨ ГЭЖ БАРЬЦААЛЖЭЭ
“Эрэл” ХХК ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийж, “Манай зээл, үйл ажиллагаа бүх шалгалтаар ороод батлагдчихсан. Асуудал байхгүй. Найдваргүй зээлдэгч биш” гэдгээ онцолсон. Гэтэл Монголбанкны хяналт, шалгалтын тайлангаар Эрэл ХХК-ийн зээл муу ангилалд орсон байна. Тус компани нь Ирээдүйд бий болох хөрөнгө хэмээн дансны орлого, тоног төхөөрөмж зэргийг 31.2 тэрбум төгрөгөөр үнэлж барьцаанд тавьжээ. Мөн 32 тэрбум төгрөгийн хөдлөх хөрөнгө, 20.2 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө барьцаалж зээл авсан байна. Харин өдгөө зээлийн нийт үлдэгдэл нь 141 тэрбум төгрөг болоод байгаа аж.
Б.УНДАРМААГИЙН КОМПАНИ ДАНСНЫ ОРЛОГО ЗЭРГЭЭ 22.7 ТЭРБУМААР ҮНЭЛЖ, ЗЭЭЛ АВЧЭЭ
Капитал банкны гүйцэтгэх захирал асан, УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн нөхөр А.Ариунболдыг Хөгжлийн банкны зээлтэй холбоотойгоор нэг сар цагдан хориод байгаа билээ. Учир нь “Монгол мах экспо” ХХК, “Монгол эм импекс концерн” ХХК зэрэг Бишрэлт группын охин компаниуд нь Хөгжлийн банкнаас зээл авч, улмаар чанаргүй зээлдэгч болоод буй. Дээрх компаниуд мөн л ирээдүйд бий болох хөрөнгө хэмээн хатуу тунадсан эм болон дуслын шингэний үйлдвэр, дансны орлого, тоног төхөөрөмж зэргийг 22.7 тэрбум төгрөгөөр үнэлж барьцаалжээ. Мөн 51.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө барьцаалж зээл авсан байна.
НВЦ ХХК 34.4 ТЭРБУМЫГ ИББХ, 16.6 ТЭРБУМЫН ҮХХ, 8 ТЭРБУМЫН ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ БАРЬЦААЛЖ ЗЭЭЛ АВСАН БАЙНА
“НВЦ” ХХК-ийн зүгээс Хөгжлийн банкнаас зээл авсан төсөл нь амжилттай хэрэгжиж байгаа гэдгийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан удаа дараа мэдээлэх болсон. Гэсэн ч тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Баатарбилэгийг шүүхээс нэг сар цагдан хорих шийдвэр гаргасан. НВЦ ХХК-ийн зээл монголбанкны хяналт шалгалтын тайлангаар муу ангилалд орсон байна. Тус компани нь барилга байгууламж, дансны орлого зэргийг ирээдүйд бий болох хөрөнгө хэмээн 34.4 тэрбум төгрөг, 16.6 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, 8 тэрбум төгрөгийн хөдлөх хөрөнгө барьцаалж зээл авсан байна.
Түүнчлэн “Бэрэн групп” ХХК- 16 тэрбум төгрөг, Вояжер минерал ресурсес ХХК-1 тэрбум, Түгээмэлтүмэн хишиг ХХК-3.4 тэрбум, Газ-Импорт ХХК-4.3 тэрбум, Шанх майнинг ХХК-2.3 тэрбум төгрөгийг ирээдүйд бий болох хөрөнгө хэмээн Хөгжлийн банкны зээлийн барьцаа болгон зээл авсан байх аж.