Үер,усны гамшиг нь улс орны нийгэм, эдийн засаг болон хүн амын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулдаг бөгөөд үер усны гамшгийн үед гэрхорооллын бохир усны цооног,жорлон хальж, өтгөн шингэн ялгадас, бохирхог хаягдлаар газрын хөрс, гудамж талбай бохирдсоны улмаас сальмонеллёз, балнад, цусан суулга, боом, хийт үжил, вирүст хепатит А зэрэг халдварт өвчинд өртөх нөхцөл бүрддэг.
Иймд иргэдэд үер, усны аюулын дараа эрүүл мэндээ хамгаалж, халдварт өвчинд өртөхөөс сэргийлж дараах зөвлөмжийг өгч байна.
Үер, усны аюулын үед өрх гэрт зайлшгүй бэлэн байвал зохих зүйлс:
- Ундны ус
- Илчлэг хоол хүнс
- Мэдээлэл холбооны хэрэгсэл /радио, гар утас/
- Эмийн сан, ариун цэврийн хэрэглэл, ариутгалын бодис
- Гэрэлтүүлэх болон дохио өгөх хэрэгсэл /гар чийдэн, лаа, шүдэнз, тод өнгийн даавуу, дарцаг, утаат дохио, толь, шүгэл гэх мэт/
- Дулаан хувцас, цув, усны гутал, хөнжил
- Түлээ түлш
- Хүүхдийн хийлдэг тоглоом, ном, газрын зураг
- Хүрз, жоотуу, олс, алчуур бээлий
- Гарын доорхи материал ашиглан хөвөх хувцас, хэрэгсэл бэлтгэх
Үер, усны аюулын дараа юу хийх хэрэгтэй вэ ?
- Өөртөө болон бусдад туслах
- Эвдэрч нурсан газраас холдож аюулгүй газар очих
- Шаардлагатай бол эмнэлгийн байгууллагад хандах
- Үерийн усаар халдварт өвчний нян тээгддэг тул цэвэрлэгээ хийх, энэ ажилд мэргэжлийн байгууллагаас туслалцаа авах
- Барилга байгууламжийн гадуур устай байвал дотогш оролгүй хүлээх
- Үерийн ус барилгын суурийг гэмтээж, барилга нурах аюултайг анхаарах
- Хийн шугам гэмтэж хий алдагдах, цахилгаан дулаан болон цэвэр усны шугам сүлжээ эвдэрсэн байх магадлалтай тул холбогдох мэргэжлийн байгууллагаас зөвшөөрсөн тохиолдолд гэртээ эргэж очих
- Ундны усыг заавал буцалгаж хэрэглэх
- Гараа тогтмол савандаж угаах
- Үерийн усанд норсон хүнсний бүтээгдэхүүнийг устгах, хоол хүнс бэлтгэдэг болон ахуйн хэрэглээний сав суулгыг буцалгаж ариутгах
- Булаг, худгийн усыг шавхаж цэвэрлэх
- Гэр хороололд амьдардаг бол бие засах газар, муу усны нүх /сав/-ийг ариутгах, цэвэрлэх гэх мэт
СҮХБААТАР ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ