СУРВАЛЖИЛГА: Иргэдийн ундны ус, айраг хадгалдаг ЦЭНХЭР саванд ноос, ноолуур угаадаг ШИНГЭН САВАН ирдэг байна

СУРВАЛЖИЛГА: Иргэдийн ундны ус, айраг хадгалдаг ЦЭНХЭР саванд ноос, ноолуур угаадаг ШИНГЭН САВАН ирдэг байна

Нийслэлийн гэр хорооллын ихэнх айл өрх хөх, шар, цагаан өнгийн хуванцар савыг ундны ус нөөцлөх, зөөвөрлөх зориулалтаар ашигладаг. Мөн хөдөө орон нутгийн иргэд ч айраг, цагаан идээгээ боловсруулахад ашигладаг билээ.

Гэвч иргэд энэхүү савыг хүнсний бүтээгдэхүүн, ус нөөцлөхөд ашиглаж болох эсэх, эрүүл мэндийн шаардлага хангасан үгүйг тэр бүрчлэн мэддэггүй. Зарим нь энэ талын мэдлэгтэй ч хямд үнэ, удаан ашиглах боломжтой хэмээн өдөр тутамдаа хэрэглэсээр ирсэн. Тэгвэл бид энэ удаагийн сурвалжилгаараа хуванцар савны хэрэглээ нь хүний биед ямар хор хөнөөл учруулдгийг хөндлөө.

-ИРГЭДИЙН УНДНЫ УС ХАДГАЛАХАД ТҮГЭЭМЭЛ АШИГЛАДАГ ХУВАНЦАР САВАНД НООС, НООЛУУР УГААДАГ ШИНГЭН САВАН ЗӨӨВӨРЛӨЖ АВЧИРДАГ БАЙНА-

Хуванцар савны дийлэнх найрлагыг бүрдүүлэгч гол бодис болох формальдегид, бисфенол А, стерин зэрэг бодис нь хорт хавдар үүсгэгч агуулдаг. Эдгээр нь хүний биед харшил үүсгэх, ген гэмтээх, архаг хууч өвчин болон хавдар үүсгэх, ялангуяа бага насны хүүхдийн элэг, бөөрийг гэмтээх өндөр эрсдэлтэй байдаг нь судалгаагаар нотлогджээ. Тиймээс бид юун түрүүнд хуванцар сав борлуулдаг иргэдтэй уулзахаар Нарантуул захыг зорьсон юм. Биднийг очиход хөх, цагаан, шар гэх мэт өнгө өнгийн хуванцар савыг хэмжээгээр нь ангилан өрсөн байв.

Хуванцар савуудыг ямар зориулалтаар ашигладаг, худалдаанд гарахаас өмнө дотор нь ямар төрлийн бүтээгдэхүүн хийж зөөвөрлөдөг талаар асуухад худалдаа эрхлэгч Б  “Энэ савнууд бүгд урдаас/БНХАУ-аас/орж ирдэг. Дотор нь ноос ноолуур угаадаг шингэн саван зөөвөрлөдөг юм. Иргэд ихэвчлэн ахуйн зориулалтаар авдаг ч ундны ус, хүнсний бүтээгдэхүүн хадгалахад түгээмэл ашигладаг” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, иргэдийн өдөр бүр хэрэглэдэг ундны усаа химийн найрлагатай шингэн саван зөөвөрлөдөг хуванцар саванд хадгалж байна гэсэн үг.

Бид энэ талаар иргэд өөрсдөө мэддэг эсэх талаар тодруулахаар Баянгол дүүргийн 21-р хорооны худаг дээр очсон юм. Иргэн Б “Манайх ундны усаа хуванцар шар саваар зөөсөөр нэлээн олон жил өнгөрч байна. Хямд үнэтэй, хөнгөн байдаг учраас хэрэглэхэд амар байдаг юм. Хор нөлөөг нь нэг их чухалчилдагүй” гэсэн хариултыг өгөв. Мөн иргэн Г “Хуванцар сав хавдар үүсгэдэг гэж сонсож байсан. Гэхдээ өөр төрлийн сав байхгүй учраас хуванцар саваар усаа зөөхөөс аргагүй шүү дээ” гэв.

-МАНАЙ УЛСЫН НЭГ АЙЛ ӨРХ ДУНДЖААР ГУРВАН ШИРХЭГ ЗОРИУЛАЛТЫН БУС САВЫГ УНДНЫ УС ЗӨӨВӨРЛӨХ, НӨӨЦЛӨХ ГЭХ МЭТ ХҮНСНИЙ ЗОРИУЛАЛТААР АШИГЛАДАГ-

Үргэлжлүүлэн бид “хүнсний зориулалтын бус” тэмдэглэгээтэй  болон эрүүл ахуйн шаардлага хангаагүй хуванцар сав нь хүний биед ямар хор уршиг учруулдаг талаар   НЭМҮТ-ийн төвийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, химийн ухааны доктор, дэд профессор С.Өнөрсайхантай ярилцсан юм.

НЭМҮТ-ийн төвийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, химийн ухааны доктор, дэд профессор С.Өнөрсайхан

-Хүнсний зориулалтын бус сав нь ямар тэмдэглэгээтэй байдаг вэ. Зориулалтын бус саваар ундны ус зөөвөрлөснөөр ус бохирддог уу?

-1995 онд АНУ-д байршилтай хуванцар үйлдвэрлэгчдийн агентлагаас хуванцрын найрлагыг долоон төрөлд хуваасан байдаг. Хуванцар савны доод талыг харвал гурвалжин сум бүхий тэмдэглэгээ байдаг. Хуванцар савны найрлагад формальдегид, деталийн хүчил, деталийн ангидрид зэрэг бодисууд агуулагддаг. Эдгээр бодис нь хавдар үүсгэгч хорт бодисын ангилалд ордог. Иргэдийн усаа зөөвөрлөж, хадгалдаг цэнхэр сав тосны канистр, спиртний савнууд нь долоо  буюу “бусад” /OTHER/ гэсэн тэмдэглэгээтэй байдаг.

Иргэдийн усаа зөөвөрлөж, хадгалдаг цэнхэр сав тосны канистр, спиртний савнууд нь долоо  буюу “бусад” /OTHER/ гэсэн тэмдэглэгээтэй байдаг

Энэ тэмдэглэгээ нь химийн бодисыг хадгалж зөөвөрлөх устгах ёстой гэсэн зориулалттай. Өөр төрлийн бүтээгдэхүүн хийх нь маш их хортой, аюултай бодисууд тэр бүтээгдэхүүнд шингэж ордог. Бидний хийсэн судалгаагаар манай улсын нэг өрх дунджаар гурван ширхэг зориулалтын бус савыг ундны ус зөөвөрлөх, нөөцлөх зэрэг хүнсний зориулалтаар ашигладаг нь тогтоогдсон.

-Энэ савыг хүнсний хэрэглээнд ашиглах нь ямар аюултай вэ?

-Деталийн хүчил, Деталийн ангидрид формальдегид гэх мэт хавдар үүсгэгч бодисууд нь хуванцар саванд хадгалж буй бүтээгдэхүүнд шингэдэг. Иргэд ихэвчлэн энэ саваар ус зөөвөрлөх, хадгалах зориулалтаар ашигладаг. Дээрх бодисууд усанд хэр зэрэг шилжиж байгааг судлахад хорт бодисуудын шилжилтийн хэмжээ маш өндөр гарсан. Нэмээд хар тугалганы шилжилтийн агууламж 400 мянга дахин их гардаг гэсэн судалгаа бий. Үүнээс болж хордлогод орох, хавдар үүсгэх,  хавдрыг түргэсгэх эрсдэл бий болно. МХЕГ-ын судалгаагаар энэ төрлийн хуванцар саванд айраг, сүү тараг зэрэг бүтээгдэхүүн хадгалах нь уснаас илүү хор хөнөөл учруулна гэсэн байдаг. Тиймээс зориулалтын бус савыг хэрэглэж болохгүй. Орон нутгийн хүүхдүүдийн цусан дахь хар тугалганы агууламж  хотод амьдардаг хүүхдүүдийнхээс их гардаг. Энэ нь хар тугалга агуулдаг аккумулятор, нүүрсний хэрэглээтэй холбоотой ч ундны ус хадгалж хэрэглэж байгаа савнаас хамаарч байна.

-МОНГОЛ ХҮҮХДҮҮДИЙН ЦУСАНД ДЭМБ-ЫН ТОДОРХОЙЛСОН АЮУЛЫН ТҮВШНЭЭС ГУРАВ ДАХИН ИХ ХАР ТУГАЛГА АГУУЛАГДДАГ-

-Хар тугалганы агууламж хэтэрснээр хүний биед ямар хор нөлөө учрах вэ?

-ДЭМБ-аас хар тугалга хүүхдийн биед 5 микрограмм децилитрээс дээш агуулагдсан бол анхааралд авах буюу аюулын түвшин гэж үздэг. Гэтэл Монгол хүүхдүүдийн цусанд 19 микро-грамм децилитр буюу гурав дахин их хар тугалга агуулагддаг. Энэ нь ихэдвэл хүүхдийн сэтгэн бодох чадварт маш хортой. Үүнээс болж хүүхэд маш их хөдөлгөөнтэй болох эсвэл ноомой, томоотой болох, зарим зүйлийг ойлгох чадваргүй болгодог. Хөгжиж буй орнууд үүн дээр маш их анхаарал тавьж хар тугалганы эрсдэлээс хамгаалдаг. Дэлхий нийт хар тугалганы эсрэг хууль хүртэл гаргаж, дагаж мөрдөж байна.

-Манай улсын эрүүл мэндийн салбараас  хуванцар савны хэрэглээний талаар ямар нэгэн арга хэмжээ авдаг уу

-Сүүлийн үед зориулалтын модон, төмөр зэрэг зориулалтын савыг хэрэглэх “САВ БООДОЛТОЙ ТЭМЦЭХ” үндэсний дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Үүний эсрэг зориулалтын төмөр, модон савнуудыг хэрэглэх, үйлдвэрүүдэд сүү, тараг боловсруулж байгаа хүмүүст өөрсдийн үйлдвэрийн сав, битонд бүтээгдэхүүнээ хүлээж авах, зориулалтын бус савнаас татгалзах зэрэг сурталчилгааны ажлуудыг хийж байна. Харамсалтай нь ард иргэдээс энэ савыг яагаад ашиглаж байгаа талаар асуухад хямд, хөнгөн авсаархан гэдэг. Хэрэв та үүний хор нөлөөг мэдвэл хэрэглэх үү гэж асуухад “Үгүй” гэсэн хариулт өгдөг. Тиймээс энэ чиглэлээр сургалт, сурталчилгааны ажлуудыг хийж байна.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа

-Баярлалаа.