Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт цахим орчинд байр түрээслүүлнэ, хажуу өрөө түрээслүүлнэ гэх утгатай нийт 430 гаруй зар мэдээлэлд дүн шинжилгээ хийж, мэдээллийн дагуу холбогдоход, нийт зар мэдээллийн 30 гаруй хувь нь иргэдийн эд хөрөнгийг залилах гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.
Тус хэрэгт цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байна. Жил бүрийн наймдугаар сард их дээд сургуулийн элсэлт болон бүртгэлтэй холбоотой нийслэл хотод ирдэг оюутан залуусын тоо нэмэгддэг аж. Улмаар байр түрээслэх эрэлт хэрэгцээ нэмэгдэж, энэ төрлийн залилах гэмт хэрэг ихсэх хандлагатай байна. Иймд иргэн та түрээслэх гэж буй орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээ, танд түрээслэх гэж байгаа иргэний өөрийн өмчлөлд буюу нэр дээр байгаа эсэхийг сайтар судалж, зар мэдээллийн эх сурвалжийг нягталсны эцэст урьдчилгаа мөнгөө шилжүүлэх зэргээр энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.