ШУУРХАЙ: Г.Чинзоригт 20 хүртэл жилийн хорих ял төлөвлөсөн бол зодуулсан гэх М.Тэнгисийг ч мөн яллагдагчаар татжээ

ШУУРХАЙ: Г.Чинзоригт 20 хүртэл жилийн хорих ял төлөвлөсөн бол зодуулсан гэх М.Тэнгисийг ч мөн яллагдагчаар татжээ

Бусдын биед гэмтэл учруулсан хэргээр шалгагдаж байгаа иргэн Г.Чинзоригт холбогдох хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж дуусаад хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүрүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тодруулбал, энэ оны зургаадугаар сарын 26-ны өдөр 17:00 цагийн орчимд иргэн Г.Чинзориг нь Чингэлтэй 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Халиун" авто засварын газарт иргэн М.Тэнгистэй үл ялих зүйлээс болж маргалдан тэвэрч унаган нуруу, толгой хэсэгт гурван удаа өшиглөн зодож, улмаар хохирогч ухаан балартан биеэ хамгаалах чадваргүй байх үед уг үйлдлийг таслан зогсоох гэсэн "Б"-ийн үйлдлийг үл харгалзан үргэлжлүүлэн авто машины төмөр эд ангийг зэвсгийн чанартайгаар ашиглан зодож онц харгис хэрцгийгээр хүнийг санаатай алахыг завдсан байдаг.

Улмаар Г.Чинзоригт шүүхээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаад, түүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлээд байсан юм. Тэгвэл прокуророос Г.Чинзоригт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл "Хүнийг алах"-ийн 2.1 "онц харгис хэрцгийгээр", 2.7 "хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж" дахь хэсэгт зааснаар яллаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Товчхондоо, прокуророос Г.Чинзоригийг өөрийн найз М.Тэнгисийг алахыг задвсан хэмээн зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Г.Чинзоригийн биед нь халдаж, алахыг завдсан гэх М.Тэнгисийг ч мөн хуулийн байгууллагаас яллагдагчаар татсан аж. Учир нь Г.Чинзориг, М.Тэнгис нарын зодооны үеэр Г.Чинзоригийн биед хөнгөн гэмтэл учирсан байна.

Тиймээс М.Тэнгисийг Эрүүгийн хуулийн 11.6-1 дэх хэсэгт зааснаар буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэмээн прокуророос яллажээ. 

Хэрэв Г.Чинзоригийг өөрийн найз гэх М.Тэнгисийг алахыг завдсан хэмээн шүүхээс үзвэл түүнд 12-20 хүртэл жилийн хорих ял оноох хуулийн заалттай аж. 

Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл. Хүнийг алах

1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Хүнийг:

2.1.онц харгис хэрцгийгээр;

2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж  алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ гэж заажээ. 




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө