ЦХИХХ-ны сайд Э.Батшугар төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

ЦХИХХ-ны сайд Э.Батшугар төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

Уулзалтаар 21 аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга нар орон нутаг дахь цахим шилжилтийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд, төрийн цахим үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд хүргэхтэй холбоотой болон бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хийж, хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулсан юм.

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь нийслэл Улаанбаатар хот болон 21 аймаг дахь салбар хэлтсээрээ дамжуулан дэвшилтэт технологи, олон улсын тэргүүн туршлагыг нэвтрүүлэх замаар төрийн дижитал шилжилтийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд төрийн үйлчилгээний “ХУРДАН” цэгийг нийслэлд 145, орон нутагт 332, гадаадын 31 улсын 47 дипломат төлөөлөгчийн газарт нийт 524 байршилд нээж, өнгөрсөн хугацаанд 1 сая 621 мянган хүн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлээд байна. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Монгол улсын бүх сум, суурин, хилийн боомтуудад төрийн үйлчилгээний “ХУРДАН” киоск төхөөрөмж байршуулах зорилт тавьж, өнөөдрийн байдлаар 800 орчим байршилд нэвтрүүлсэн ба 2025 оны эхний хагас жилийн байдлаар 628 мянган үйлчилгээ хүргэжээ. 

Түүнчлэн Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх 4 удаагийн аянг улс даяар зохион байгуулж, нийт 172,538 иргэн, төрийн албан хаагчийг хамруулснаас гадна 21 аймгийн Засаг даргын дэргэд харилцаа холбоо, мэдээллийн технологийн өсвөрийн, ахмадын, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн "ХУРДАН" клубийг нээж, 3000 гаруй гишүүнтэй болоод байна.

  • Хотоос хөдөө рүү шилжин суурьшигчдыг дэмжих бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх www.huduu.mn, Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудас www.gov.mn, цахим лавлагааны систем www.lavlagaa.mn, төлбөрийн нэхэмжлэхийн систем www.tulbur.gov.mn, нээлттэй мэдээллийн систем www.shilen.gov.mn зэрэг системүүдийг хариуцан хэвийн ажиллагааг ханган ажиллаж байна.
  • Нээлттэй мэдээллийн shilen.gov.mn системд л гэхэд Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар болон харьяа байгууллагын нийт 3,972 мэдээлэл хариуцагч байгууллагыг бүртгэж, тайланг үнэлж, хянан баталгаажуулж байна.
  • Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь цаашид Монгол Улсын Засгийн газрын "DIGITAL FIRST" бодлогыг 21 аймаг дахь салбар хэлтсээрээ дамжуулан сум, багийн иргэдэд тэгш, хүртээмжтэй хүргэхэд анхааран ажиллаж байна.