Дэд сайд нарын томилгоог хойшлуулж, МАН-ын Их хурлын дараа хийхээр болжээ

Дэд сайд нарын томилгоог хойшлуулж, МАН-ын Их хурлын дараа хийхээр болжээ

Одоогоос яг нэг жилийн өмнө Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бүх дэд сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж байв. Тэгвэл Г.Занданшатарын Засгийн газар тус албан тушаалыг сэргээх тухай мэдээлэл наадмын өмнө яригдаж байсан. Бүр тодруулбал, өнгөрсөн зургаадугаар сард /2025.06.25/ УИХ-д өргөн барьсан 2025 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, баталсаны дараа дэд сайдын асуудлыг хэлэлцүүлж, шийдвэрлэнэ гэж байсан юм. 

Энэ талаар Ерөнхий сайд Г.Занданшатар “Дэд сайдын асуудал хуульд байгаа. Өмнөх Засгийн газрын үед ч орон тоо, төсөвтэйгөө байсан. Хэл ам, шүүмжлэлээс айгаад томилоогүй юм билээ. 10-20 хүний төсвийг хэмнэснээс тэднийг ажиллуулаад 1,000-2,000 хүний ажлыг хийлгэж, үр ашигтай байлгаж болно шүү дээ. Гадаад харилцааны сайд гадагшаа явсан үед зочин ирвэл түүнийг орлох хүн байх ёстой. Ямар ч компанийн удирдлагын нэгжид орлох хүн заавал байдаг. Засаг дарга ч орлогчгүй бол ажил нь явдаггүй. Дэд сайдын асуудал хуульд ч бий, төсөв, орон тоо нь ч байгаа. Орлогч сайд бол дэлхийн бүх улсад байдаг орон тоо. Нэгээр ч тогтохгүй байдаг. Энэ бол улс төрийн албан тушаал. Хэмнэх гэхээсээ илүү бодит үр ашгаа тооцож Засгийн газрын хуралдаан болон УИХ-ын гишүүдтэй зөвшилцөж шийдэх ёстой гэж үзэж байна" гэж чуулганы индэрээс мэдэгдсэн.

Энэ сургаар өнгөрсөн долоо хоногоос эхлэн Төрийн ордонд "сонин" хүмүүс харагдах болсон. Тэгвэл ирэх есдүгээр сард МАН-ын Их хурлыг хийсний дараа дэд сайд нарын томилгоог хийхээр хойшлуулжээ. 

Засгийн газрын тухай хуулинд “Дэд сайд нь сайдад улс төрийн бодлогын асуудлаар зөвлөх, мэдээллээр хангах, сайдаас олгосон бүрэн эрхийн хүрээнд харьяа агентлаг, байгууллагатай харилцах, тэдгээрийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн шуурхай зохицуулалтыг хангуулах, сайдын даалгаснаар Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргатай харилцах, сайдын түр эзгүйд түүний даалгаснаар сайдыг төлөөлөх” гэсэн үндсэн үүрэгтэй гэж заажээ. Ерөнхий сайд Г.Занданшатар дэд сайдыг томилох асуудлыг Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлнэ гэдгээ мэдэгдсэн билээ.