ВИДЕО: "Майдар эко хот” болгоно гэж улсын мөнгөөр бүтээсэн цогцолбор, "БУРХНЫ ХӨШӨӨ, СУВАРГА" болон дуусаж байна

ВИДЕО: "Майдар эко хот” болгоно гэж улсын мөнгөөр бүтээсэн цогцолбор, "БУРХНЫ ХӨШӨӨ, СУВАРГА" болон дуусаж байна

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын санаачилга бүхий “Майдар эко хот” -ын шав одоогоос ЕСӨН жилийн өмнө буюу 2012 онд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр Зүрх уулын энгэрт тавигдаж байв.

Эл хотод  54 метр өндөр Майдар бурхны бие лагшныг орчин цагийн урлагийн бүтээл болгон, 108 метр өндөр суварган байгууламжийн хамт босгож буй. Тэгвэл төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй тус хотын бүтээн байгуулалтын ажил хэрхэн өрнөж буйг бид сурвалжиллаа.

-ХОТ БАЙГУУЛАХААР УЛСЫН ТӨСВӨӨС МӨНГӨ АВСАН Ч ХӨШӨӨ, СУВАРГААС ӨӨР ЗҮЙЛ БАРИГДААГҮЙ БАЙНА -

Улаанбаатар хотын ачааллыг багасгах, хүн амын төвлөрлийг сааруулах зорилгоор шинэ хот барих уг төсөл олон жил яригдсан. Дээр дурдсанчлан Ерөнхийлөгч асан Х.Баттулга анх санаачилга гаргаж, “Майдар эко хот” төслийг эхлүүлсэн байдаг. Гэвч санхүүжилтийн асуудлаас болж хот байгуулах дорвитой ажил хийгдэлгүй олон жилийг элээсэн. Харин Их Майдар бурхны бодьсатва дүрийг бүтээхэд Их Майдар сан төрийн бус байгууллага иргэдээс хандив цуглуулсан ч мөн л амжилт олоогүй, барилгын ажил гацсан. Улмаар Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос нэг жилийн дараа буюу 2018 онд Майдар хот сүндэрлэх 12 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж эхэлсэн юм.

Зарлиг увдисын суварга босгох ажил үргэлжилж байна

Хотыг  дөрвөн үе шаттай барихаар төлөвлөсөн байдаг. Эхний үе шатанд хотод байх ёстой бүхий л зүйлс баригдана. Тухайлбал, сургууль, цэцэрлэг, их дээд сургууль, театр, музей, эмнэлэг, онцгой байдлын газар цогцоороо баригдах бөгөөд 80-100 мянган оршин суугчтай байхаар төлөвлөжээ. Уг ажил 2030 он хүртэл үргэлжилж, эрэлт их байвал хоёрдугаар үе шатыг эхлүүлнэ гэж байв.

Төлөвлөгөө ёсоор бүтээн байгуулалтын ажлын эхний үе шат 2016 онд ашиглалтад орох байсан. Гэвч 2019 оны есдүгээр сарын 20-ны өдөр манай сурвалжлах багийг тус газар очиход “Их Майдар” бурхны биеийг дөнгөж босгож байсан юм. Тэгвэл өнөөдөр/2021.10.19/ Зарлиг увдисын суварга босгох барилгын ажил үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд Их Майдар бурхны бодьсатва дүр, Зарлиг увдисын суварга босгох ажил хийгдсэн ч хамгийн чухал зүйл болох “Майдар эко хот”-ын бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажил гэхээр зүйл хийгдээгүй байгаа юм. 

Майдар эко хотын бүтээн байгуулалтын ажил гэхээр зүйл хийгдэж эхлээгүй байна

-“МАЙДАР ЭКО ХОТ”, “АНДЛАЛЫН ӨРГӨӨ”-НИЙ ТҮҮХИЙГ ДАВТАХ УУ-

Ерөөс манай улсад хөшөө, суваргаар түрий барьж улсын мөнгө гарлагаддаг нь энгийн үзэгдэл мэт болсон. Үүний нэг сонгодог жишээ нь Андлалын өргөө. Тус цогцолборын нийт төсөв 5 тэрбум төгрөгөөр хэмжигдсэн гэх бөгөөд улсын төсвөөс 1.9 тэрбум орчим төгрөгийг зарцуулсан гэдэг. Харин анд бололцож буй биш тулалдаж буй мэт хоёр хүний хөшөө барилгыг Чингис хаан, хүлэг баатар Боорчи хоёрынх хэмээн ирсэн жуулчдад тайлбарлах нь даанч “нүүр улайм” хэмээн зарим иргэн шүүмжилж,  шоглосоор ирсэн. Тус хөшөө нь Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач, барималч Д.Эрдэнэбилэг агсны бүтээл. Иймд түүний оюуны өмчийг янз бүрээр шоглож, шүүмжилж байгаад гэр бүл нь эмзэглэж, хөшөөг цааш нь үргэлжлүүлэн барих, оюуны өмчийг нь ашиглуулахгүй хэмээж, улсын төсөвт мөнгийг нь буцаан төлж, тус бүтээлийг Өвөрмонголд ашиглуулахаар болсон. Улмаар Андлалын өргөө цогцолборыг буулгасан билээ. Үүнийг өгүүлсний учир нь “Андлалын өргөө”,  “Их Майдар” цогцолбор нь нэг хүний бүтээл юм.

Төсөв, өртгийн хувьд Майдар эко хот “босоход” ойролцоогоор 40 тэрбум ам.доллар шаардлагатай гэж буй. Харин эхний үе шатыг хийхэд ойролцоогоор 2 тэрбум ам.долларын хөрөнгө шаардлагатай хэмээн Төслийн удирдагч Л.Баяртуул мэдэгдэж байж. Гэвч улсын төсвийн мөнгийг хот босгоход бус дахин нэгэн хөшөө, суварга босгоход зарцуулан “Андлалын Өргөө”-ний түүхийг давтах уу гэдэг болгоомжлол энд төрж байна.