СУДАЛГАА: Ковидоор өвдөөд эдгэрсэн хүнд 6-15 сарын дархлаа тогтох ч, сайтар хамгаалж чадахгүй тул вакинд хамрагдах хэрэгтэйг ОНЦОЛЖЭЭ

СУДАЛГАА: Ковидоор өвдөөд эдгэрсэн хүнд 6-15 сарын дархлаа тогтох ч, сайтар хамгаалж чадахгүй тул вакинд хамрагдах хэрэгтэйг ОНЦОЛЖЭЭ

Коронавирусээр өвчилж эдгэрсэн хүний биед халдвараас хамгаалах байгалийн дархлаа үүсдэг. Тэгвэл байгалийн дархаа гэх зүйл хүний биед хэр удаан тогтдог, мөн халдвар авч эдгэрсэн бүх хүнд үүсэж, вирусээс хамгаалах уу гэдэг нь эргэлзээтэй.

Уг асуултуудын хариултыг олохоор олон улсын эрдэмтэн, мэргэжилтнүүд одоо ч судалгаа, шинжилгээ хийсээр байна. Тэгвэл бид байгалийн дархлааг тойрсон асуултад хариулт өгөх сүүлийн үеийн судалгаануудыг орчуулан хүргэж байна.

-ОЛОН УЛСЫН СУДЛААЧИД ХАЛДВАР АВЧ ЭДГЭРСНИЙ ДАРАА ҮҮССЭН ЭСРЭГ БИЕТ 6-8 САРЫН ХУГАЦААНД ХҮНИЙ БИЕД ХАДГАЛАГДАЖ БАЙНА ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА-

Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусийн халдварын 334 мянга гаруй тохиолдол бүртгэгдээд байна. Халдвар авч эдгэрсэн хүмүүст коронавирус хэсэг хугацаанд дахин халдвар боломжгүй болж, байгалийн дархлаа үүсдэг. Уг байгалийн дархлаа нь хэд хэдэн эсээс бүрддэг байна. Үүнд:

  • Эсрэг биет
  • Гаднын биетийг таньж, илрүүлэх Т эс
  • Гаднын биет устгагч Т эс
  • Мөн зарим нөхцөлд В эс үүсдэг аж. Уг бүтэц бүхий байгалийн дархлааны хүний биед хадгалагдах боломжтой хугацааны талаар маш олон судалгаа өнөөг хүртэл хийгджээ.

Тодруулбал, энэ оны хоёрдугаар сард АНУ-ын Нью-Йорк мужийн “Mount Sinai” Анагаах Ухааны сургууль, Калифорнийн Их сургуулийн Халдварт өвчин судлалын тэнхим, Калифорни мужийн “Лa Жолла”-ийн Дархлал судлалын Хүрээлэнгийн тэргүүлэх эрдэмтэн, судлаачид энэ төрлийн судалгааг хийж, шинжлэх ухааны “Science Mag” сэтгүүлд хэвлүүлсэн байна. Судалгааны үр дүнгээс харвал халдвар авч эдгэрсэн хүний биед үүссэн дархлаа дээд тал нь найман сар хүртэл хадгалагдан үлдэх боломжтой аж.

Гэхдээ уг хугацаа нь хүн бүрт харилцан адилгүй байх бөгөөд тухайн хүний биеийн байдал, дархлааны тогтолцоо зэргээс хамаарч найман сараас богино болон урт хугацаанд хадгалагдах боломжтой гэж үзжээ.

Харин Японы тэргүүлэх дархлаа судлаач Миясака Масаюкигаар удирдуулсан эрдэмтдийн багийн хийсэн судалгаагаар халдварын дараах эсрэг биет эдгэрснээс зургаан сарын хугацаанд хүний биед хадгалагддаг гэжээ. Гэвч Миясака зургаан сарын дараа аажмаар эсрэг биетийн тоо буурч буйг онцолсон байна. Энэ мэт олон улсын цөөнгүй судалгаагаар халдварын дараах байгалийн дархлаа 6-8 сарын хугацаанд хүний биед хадгалагдан үлдэх боломжтой.

Гэвч АНУ-ын NBC сувгийн өнгөрсөн сард хийсэн эрдэмтдийн хэлэлцүүлэгт “Тафтс” эмэнэлгийн төвийн доктор Шира Дорон байгалийн дархлаа вакцины хэмжээнд хүрч хүнийг хамгаалж чадахгүй талаар ярьжээ. Тэрбээр “Халдвар авсан хүний биед дархлааны хариу урвал явагдаж, эсрэг биет үүсдэг. Гэвч энэ нь вакцины үр дүнд тогтсон дархлааны нэгэн адил төгс биш. Тиймээс халдвар авч эдгэрсний дараа вакцинд хамрагдах нь чухал” гэсэн байна. Мөн түүний дурдсан бас нэгэн онцлох зүйл бол вакцин хийлгээгүй хүмүүс дахин халдвар авах магадлал бүрэн тунгаар дархлаажсан хүмүүсээс хоёр дахин их байгааг судалгаагаар тогтоожээ.  

-ШИНЖ ТЭМДЭГГҮЙ, ХӨНГӨН ӨВДСӨН ХҮМҮҮСТ  БҮРЭН ДАРХЛАА СУУГААГҮЙ БАЙХ МАГАДЛАЛТАЙ-

Дээрхээс ялгаатай нэгэн судалгаа саяхан шинжлэх ухааны “BioRxiv” цахим номын санд нийтлэгдсэн байна. Судалгааг Итали, Герман, Швед гэх мэт орнуудын тэргүүлэх эрдэмтэд хамтран хийжээ. Судалгааны үр дүнд коронавирусийн халдвар авч эдгэрсний дараа үүссэн байгалийн дархлаа эхний зургаан сард аажмаар буурсан ч яваандаа тогтворжин 15 сар хүртэлх хугацаанд хадгалагдаж байгаа нь тогтоогджээ. Судалгаанд халдвараар хүнд болон хөнгөн хэлбэрээр өвдсөн 136 хүний цусны дээжийг шинжилсэн байна. Ингэхэд халдвар авснаас 15-28 хоногийн дараа эсрэг биет болон эсрэг биет агуулсан цусны сийвэнгийн дархлааны хариу урвал хамгийн өндөр түвшинд хүрч, аажмаар буурсан боловч зургаан сарын дараа тогтворжсон байна. Өөрөөр хэлбэл, эсрэг биет агуулсан цусны сийвэн вирусийг саармагжуулах чадвар нь шинж тэмдэг илэрснээс хойш 15 сар хүртэлх хугацаанд үргэлжилж байсан аж.

Гэвч коронавирусийн Дельта, Гамма зэрэг зарим хувилбар цусны сийвэн дэх эсрэг биетүүдийн вирусийн саармагжуулах чадварыг дарангуйлбал дахин халдвар авах эрсдэлийг үүсгэж болзошгүй гэдгийг судалгаанд дурджээ.

Энэ талаар “Бета, Гамма, Делта хувилбаруудыг эсэргүүцэх эсрэг биетийн чадвар Альфа хувилбараас 8-16 дахин сул” хэмээн судалгаанд өгүүлсэн байна. Мөн судалгаанд оролцсон Шведийн эрүүл мэндийн нийгэмлэгийн мэргэжилтнүүд “халдвараар шинж тэмдэггүй хөнгөн өвчилсөн хүмүүст дархлаа бүрэн суугаагүй, дархлааны урвал харьцангуй бага өдөөгдсөн байх магадлал өндөр учраас дахин халдвар авах эрсдэлтэйг” анхааруулжээ. Тиймээс шинж тэмдэггүй, хөнгөн өвдөөд эдгэрсэн иргэд цаашид ч халдвар хамгааллын дэглэмээ үргэжлүүлэн баримтлах шаардлагатай бөгөөд вакцинд хамрагдах хэрэгтэйг эрдэмтэд онцолсон байна.

Эх сурвалж: NBC, BioRxiv, Nature, ТАСС, Science Mag