Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Бүгд Найрамдах Узбекистан Улсын Хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, худалдааны орлогч сайд Илзат Касимов тэргүүтэй төлөөлөгчдийг /2025.08.13/ өчигдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Узбекистан улсын Хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, худалдааны орлогч сайд Илзат Касимов өнгөрсөн нэг жилийн хугацаанд хоёр улсын Ерөнхийлөгч нарын харилцан айлчлалын үр дүнд хийж хэрэгжүүлэхээр тохиролцсон ажлууд богино хугацаанд бодитоор хэрэгжиж буйг тодотголоо. Тухайлбал, БНУзбУ, Монгол Улсаас 100 мянган толгой амьд хонь, ямаа худалдан авахаар тохиролцсон бөгөөд эхний ээлжийн 15 мянга толгой хонийг тээвэрлэхэд бэлэн болсон гэдгийг мэдэгдэв. ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр энэ ажлыг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлж, өмнө нь хэлэлцсэний дагуу Монголын талаас экспортын хураамжийн хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэсэнд талархал илэрхийлсэн юм.
Түүнчлэн Монгол Улсаас Узбекистан руу экспортолсон малын мах тус улсын хэрэглэгчдийн дунд эрэлттэй байгаа. Цаашид Монголд боловсруулсан малын махыг шууд тус улсын сүлжээ дэлгүүрүүдэд борлуулах боломжтой гэдгийг уламжлав. Хоёр тал хамтран махны худалдааны сүлжээ бий болгоход хувийн хэвшлүүд голлох үүрэгтэй оролцох бөгөөд Монголын талын мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг БНУзбУ-д ажиллахыг урьсан юм. Ноос, ноолуурын салбарт ч энэ жишгээр хамтын ажиллагааны өргөн боломж байгааг тэрбээр дуулгалаа.