Иргэдийн НДШ-ын мөнгийг банканд байршуулж, хүүгийн орлогыг нь “Хүнсний талон” гэх халамж болгон ТАРААЖ байна

Иргэдийн НДШ-ын мөнгийг банканд байршуулж, хүүгийн орлогыг нь “Хүнсний талон” гэх халамж болгон ТАРААЖ байна

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өчигдөр /2021-07-30/ Хүнсний эрхийн бичгийн хүртээмжийн сэдвээр нийгмийн хэлэлцүүлэг хийхдээ 200-аас дээш малтай өрх, хоёр орон сууцтай, тээврийн хэрэгсэлтэй хүмүүсийг хүнсний эрхийн бичигт хамруулахгүй хэмээн мэдэгдсэн юм. 

  -НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ХӨРӨНГИЙН ЧӨЛӨӨТ ҮЛДЭГДЛИЙГ БАНКИНД ХАДГАЛУУЛСАН ХҮҮГЭЭР ХАЛАМЖ ТАРААДАГ-

Тодруулбал, 200-аас дээш толгой малтай 893 өрх, хоёроос дээш автомашинтай 53 өрх, хоёроос дээш орон сууцтай айл зургаа байсныг хасна гэж хэлсэн байдаг. Үүнээс үзвэл татвар төлөгчид сард 5525 иргэнд 68,9 сая төгрөг, жилдээ 826 сая 800 мянган төгрөгийг бэлэглэдэг гэсэн үг. Мөн сайдын хийсэн мэдэгдэлд одоогоор эрхийн бичиг авч буй иргэдийн 46 хувь буюу 115 мянган хүн хөдөлмөрийн насны хөдөлмөр эрхлэх боломжтой хүмүүс байна хэмээсэн юм. Тэгвэл Нийгмийн халамжийн тухай хуульд халамжийн орлогын үүсвэрийг заахдаа:

  • улс, орон нутгийн төсвөөс олгох хөрөнгө;
  • сангийн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийг банкинд хадгалуулсны хүү;
  • олон улсын байгууллага, гадаад улсаас өгсөн хандив, тусламж;
  • аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс өгсөн хандив, тусламж;
  • .бусад эх үүсвэрээс бүрдэнэ хэмээн заасан байдаг.

Нийгмийн даатгал, татвараа цаг тухай бүрд нь төлдөг хариуцлагатай иргэдийн улсдаа тушаасан мөнгөний үлдэгдэл хэсгийн арилжааны банкинд хадгалуулж түүнийхээ хүүгээр халамж тараадаг. Үүнд хүнсний эрхийн бичиг мөн багтана. Идэх махтай, тохилог орон сууцтай, автомашинтай өрхүүд бусдынхаа татварын мөнгөнөөс хумсалж, бэлэн будаа идэж байсныг өчигдөрхөн л албан ёсоор зарлалаа.

     -ИРГЭД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ АВАХ ГЭЖ НИЙГМИЙН ДААТГАЛ ТӨЛДӨГ-

Мөн халамжийн сан гэж тусдаа байхад нийгмийн даатгалын санд иргэдийн хуримтлуулсан мөнгийг хадгалуулж хүүгээр нь хүнсний эрхийн бичиг тараах нь оновчтой шийдвэр эсэх маш эргэлзээтэй. Угтаа бол хөдөлмөр эрхэлж буй иргэн ирээдүйн сайн сайхныхаа төлөө, төрөөс чанартай нийгмийн үйлчилгээг авах боломжоор хангагдахын тулд татвараа төлдөг. Өнгөрсөн хугацаанд яагаад амьдралын боломжтой өрхүүдэд хүнсний эрхийн бичиг олгогдож байсан талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хариулахдаа, "Хүнсний талоныг өрхийн орлогыг орлуулан тооцох судалгаанд үндэслэж, уг журмын дагуу дэмжлэг олгож байсан. Хүнс тэжээлийн журамд өөрчлөлт оруулснаар зөвхөн энэ судалгаанд үндэслэхгүйгээр төр өөрт байгаа мэдээллийг ашигладаг болсон. Тэгээд л амьдралын боломжтой хүмүүс хүнсний талон авдаг байсан нь тогтоогдсон" гэсэн юм.

Хуулинд зааснаар “нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн” гэдэг нь  Үндэсний статистикийн хороо, нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран баталсан аргачлалын дагуу өрхийн мэдээллийн нэгдсэн санд орсон, амьжиргааны түвшин нь тухайн үеийн ядуурлын шугамаас доогуур өрхөөс сонгогдсон өрхийн гишүүнийг хэлнэ хэмээн заасан байдаг юм. Гэвч өнгөрсөн хугацаанд хариуцлагагүй, тооцоо судалгаагүй, хяналтгүй байсны уршигаар амьдралын боломжтой 5500 гаруй иргэнд сар бүр хүнс тэжээлийн дэмжлэгийг сул өгч байжээ.

-ХАЛАМЖ ХЭРЭГТЭЙ ЭЗЭНДЭЭ ОЧИЖ БАЙНА УУ-

НҮБ-ийн дэмжлэгтэйгээр НЭМГ-аас нийслэлийн хэмжээнд "Хоол тэжээлийн цочмог дутагдал"-тай бага насны хүүхдүүдийг илрүүлэн, эмчилгээнд хамруулах ажлыг эхлүүлээд жилийн хугацаа өнгөрсөн байна.

НЭМГ-аас явуулсан үзлэгийн үеэрх зураг

Бага насны хүүхэд дээрх зураг дээрх шиг биеийн жингийн дутагдалд хүрэх нэлээдгүй шалтгаан байдаг. Үүний  хамгийн гол шалтгаан нь "хоол тэжээлийн цочмог дутал" ордог байна. Хоолны дутагдалд ортлоо эцсэн хүүхдэд очдоггүй халамж буруу хүндээ бэлэн будаа болж очсон нь харамсалтай.