БИДНИЙ ТУХАЙ: Монголчуудад хийж буй Хятад вакцин халдварын эсрэг ҮР ДҮНТЭЙ БУС, харин өвчилсний дараа ХҮНДРЭЛЭЭС хамгаална

БИДНИЙ ТУХАЙ: Монголчуудад хийж буй Хятад вакцин халдварын эсрэг ҮР ДҮНТЭЙ БУС, харин өвчилсний дараа ХҮНДРЭЛЭЭС хамгаална

АНУ-ын “Нью Йорк Таймс” /New York Times/ сонины албан ёсны сайтад “Синофарм вакцинаар дийлэнх хүн амаа вакцинжуулсан Монгол Улсад халдварын тохиолдол нэмэгдэж байна” гэсэн нийтлэл гарчээ.

Уг нийтлэлд Хонконгийн Их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн тархвар судлаач Бен Коулинг “Синовак, Синофарм зэрэг идэвхигүйжүүлсэн вакцинууд халдварын эсрэг төдийлөн үр дүнтэй бус харин халдвар авсны дараа хүндрэхээс маш сайн хамгаална. Хэдийгээр Монгол Улсад халдвар, тохиолдол нэмэгдсэн ч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэд тийм ч их биш байгаа гэж найдаж байна" гэж хэлснийг мөн дурджээ. Уг нийтлэлийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.

ХОНКОНГИЙН ЭРДЭМТЭН: МОНГОЛ УЛСАД ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ НЭМЭГДЭЖ БУЙ Ч ЭМНЭЛЭГТ ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЖ БУЙ ХҮМҮҮС  ЦӨӨХӨН БАЙГАА ГЭЖ НАЙДАЖ БАЙНА”

Хүн амынхаа талаас илүү хувийг бүрэн вакцинжуулсан Монгол улсад коронавирусийн халдвар нэмэгдэж байгаа бөгөөд БНХАУ-ын "Синофарм" үйлдвэрийн вакцины үр нөлөөнд анхаарал хандуулж эхлэв. Тус улсад Лхагва гарагт /2021.06.09/ коронавирусийн 1312 тохиолдол шинээр бүртгэгджээ. Ингэснээр нийт халдварын тоо 70 мянгад дөхөж байгаа юм.

“Нью Йорк Таймс” сонины мэдээллийн санд дурдсанаар тус улсад шинээр илрэх халдварын тоо сүүлийн хоёр долоо хоногт 70 гаруй хувиар өсжээ.

Далайд гарцгүй энэ улс нь хөгжиж буй орнуудын дунд өрнөсөн вакцины тэмцэлд гар бие оролцож, Орос, Хятад хоёрын хоорондох стратегийн байршлынхаа ачаар хүн амдаа хангалттай хэмжээний вакцин авч чадсан юм. Түүнчлэн нэг сая тун “Спутник V” вакцин авах гэрээ байгуулсан ч одоогоор зөвхөн 60 мянган тун вакцин иржээ. 

Тус улс 4,3 сая тун “Синофарм” вакцин авчээ. Хятад вакцинууд, тухайлбал “Синофарм”, “Синовак” үйлдвэрийн вакцинууд нь идэвхгүйжүүлсэн коронавирусийг ашиглан бие махбодын дархлааны хариу урвал үүсгэдэг. Гэвч эдгээр нь шинэ mRNA технологийг ашиглан бүтээсэн “Pfizer”, “Moderna”-ийн вакцинуудаас үр дүн багатай болох нь судалгаагаар нотлогджээ. “Синофарм” вакцины туршилтын сүүлийн өгөгдөл ил тод биш байсан тул мэргэжлийн байгууллагууд эхэндээ шалгаж эхэлсэн. Хүн амныхаа ихэнх хувийг тус вакцинаар дархлаажуулсан Сейшелийн арлын улсуудад мөн л халдварын тохиолдол нэмэгдэж, цар тахлын асуудалтай тулгарав.

Хонконгийн Их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн тархвар судлаач, биостатистист Бен Коулинг “Синовак, Синофарм зэрэг идэвхигүйжүүлсэн вакцинууд халдварын эсрэг төдийлөн үр дүнтэй бус харин халдвар авсны дараа хүндрэхээс  маш сайн хамгаална. Хэдийгээр Монгол Улсад халдвар, тохиолдол нэмэгдсэн мэт санагдаж байгаа ч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэд тийм ч их биш байх гэж найдаж байна" гэж тэр хэлсэн юм.

-МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАР ҮР ДҮНТЭЙ БОЛОХ НЬ БАТЛАГДСАН ВАКЦИНЫ ОРОНД ЯАГААД “СИНОФАРМ”-Д НАЙДАХ БОЛСОН БЭ-

Хүн амынхаа дийлэнх хувийг вакцинжуулсан зарим улс оронд ч вирусийн мутаци түгшүүр төрүүлж байна. Тухайлбал, Их Британи улс гэхэд л насанд хүрсэн хүн амынхаа талаас илүү хувийг вакцинжуулсан ч “дельта” хувилбараар өвчилсөн тохиолдол нэмэгдэж байна /Тус улсын иргэд ихэвчлэн AstraZeneca, Pfizer-ийн вакцинуудыг хийлгэсэн/.

Гэсэн хэдий ч Монголын Засгийн газар илүү үр дүнтэй болох нь батлагдсан вакцины оронд яагаад “Синофарм”-д найдах болсон вэ гэдэг асуулт урган гарч байна.

Лхагва гарагт Монголчууд зургаан жилийн хугацаатай ажиллах анхны Ерөнхийлөгчдөө санал өгөв. Тус улсад Ерөнхий сайд засгийн газрын тэргүүн бөгөөд гүйцэтгэх эрх мэдлийг атгадаг. Жилийн өмнө Монгол Улс дотооддоо халдваргүй дэлхийн цөөн орны тоонд багтаж байсан бол арваннэгдүгээр сард гарсан дэгдэлт бүхнийг өөрчилсөн юм. Улмаар улс төрийн хямрал дэгдэж, буруу арга хэмжээ авсан хэмээн тухайн үеийн Ерөнхий сайдаа огцруулсан. Шинэ Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ эдийн засгаа сэргээж, бизнес эрхлэгчдийг хохироосон нийгмийн хязгаарлалтыг зогсоохоо амлав. Гэсэн ч халдварын шинэ давлагаа энэ амлалтад “заналхийлж” магадгүй юм.

Мэдээллийг эх сурвалжаас уншихыг хүсвэл ЭНД дарна уу

Эх сурвалж: New York Times