Талийгаачийг хөдөөнөөс авчрахад 1км-ыг 1000 төгрөгт тооцно гэж “Улаанбаатар буян”-аас ар гэрт нь мэдэгджээ

Талийгаачийг хөдөөнөөс авчрахад 1км-ыг 1000 төгрөгт тооцно гэж “Улаанбаатар буян”-аас ар гэрт нь мэдэгджээ

Улаанбаатар хотод тогтоосон хөл хорионы үеэр Улсын онцгой комисс /УОК/-ын тушаал, шийдвэр бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжиж, нийцэж буйг энэ сарын эхээр нэгэн гэр бүлд тохиолдсон үйл явдлаар бодит жишээ болгон хүргэж байна. 

-АХ НЬ ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ САЛАХ ЁС ГҮЙЦЭТГЭЖ ЧАДААГҮЙ ЖИШЭЭ-

Архангай аймагт төрсөн дүү нь нас барсан харамсалтай мэдээг сонссон нэгэн хөгшин Улаанбаатар дахь ах, дүү хамаатан саднаа цуглуулан, буяны ажлаар нутаг руу явахаар болж. Ингээд бүгд коронавирусийн PCR шинжилгээг өгч Улаанбаатараас гарах зөвшөөрлийг авахаар Улсын онцгой комиссын албаныхантай уулзахад “Зөвхөн төрсөн ах нь эсвэл хүүхэд нь явж болно” гэх шаардлагыг тавьжээ. 

Ингээд тус шаардлагын дагуу талийгаачийн хөгшин ах нь ганцаараа Улаанбаатараас гарч, Архангай аймаг руу явах боломжтой болж. Тус гэр бүлийнхэн ярилцаж хөгшинтэй хамт нэг хүнийг явуулах хүсэлтийг Улсын онцгой комисст тавьсан ч хүлээн аваагүй байна. Учир нь хөгшин автомашин жолоодож чадахгүйн дээр эрүүл мэндийн асуудалтай тул ах, дүү нарынх нь нэгийг түүнтэй хамт явуулж автомашин жолоодуулах хүсэлт гаргасан ч ийнхүү бүтэлгүйтсэн гэсэн үг. 

Нэгэнтээ хөгшин автомашин жолоодож, Архангай аймаг руу ганцаараа явж чадахгүй тул, тус гэр бүлийнхэн талийгаачийг Улаанбаатарт авчирч нутаглуулахаар хөөцөлдсөн байна.

Ингээд албаны зөвшөөрөлтэй учраас “Улаанбаатар буян” ХХК-д хандаж тус компанийн автомашинаар талийгаачийг авчрах хүсэлт гарахад, хариуд нь “ирэх, очих нэг километр /км/-т 1000-1200 төгрөгөөр явна” гэдэг үнийг хэлсэн гэх. Товчхондоо, нийслэлд зорчих такси үйлчилгээ нэг км нь 800 төгрөг байхад, шарил тээвэрлэх “Улаанбаатар буян” ХХК-ийн тариф хэт өндөр байна гэсэн үг. Ингээд талийгаачийг тээвэрлэх зардал ийнхүү хэт өндөр гарч зөөвөрлөх автомашин явуулж чадахгүй цаашлаад хотоос ч гарч чадахгүй нөхцөл байдалд тус гэр бүл орсон гэсэн үг. Улаанбаатараас гарч чадаагүй учраас ах нь төрсөн дүүтэйгээ, ах дүүс нь дотнын хүнтэйгээ салах ёс гүйцэтгэж чадаагүй байна. Ингээд буяны ажлыг Архангайн аймаг дахь ах, дүүс нь зохион байгуулж талийгаачийг тус аймагт нутаглуулжээ. 

-Б.УУГАНБАЯР: ТӨРСӨН АХ, ДҮҮГЭЭС НЬ БУСАД ХҮМҮҮСИЙГ УЛААНБААТАРААС ГАРГАХ БОЛОМЖГҮЙ БАЙГАА, ОЙЛГООРОЙ-

Нийслэлээс хөдөө, орон нутаг руу буяны ажилд явахад Улсын онцгой комиссоос ямар шаардлага тавьж буй талаар ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяраас тодруулахад “Улсын онцгой комисст хандах ёстой. Заавал зөвшөөрөлтэй компанийн автомашинаар явна гэж заагаагүй. Өөрсдийнхөө автомашинаар ч явж болно. Гэхдээ заавал төрсөн ах, дүү байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа шүү, ойлгоорой. Олон хүн явуулах боломжгүй. Нэг машинаар л явуулна” гэсэн юм. 

Яг энэ тавьсан шаардлагын дагуу дээрх гэр бүлээс өндөр настай ганц хөгшин л талийгаачийн төрсөн ах нь гэдэг үндэслэлээр явах шалгуурыг хангажээ. Харин ах, эгчийнх нь хүүхэд үеэл гэх мэт ах, дүүс нь явж чадаагүй нь ийм учиртай аж. 

Гэхдээ үнэхээр уй, гашуу тохиосон хүнд үед хүмүүс бурхан болоочоо стандартын бус автомашинаар зөөвөрлөхийг хүсэхгүй. Стандартын дагуу тохижуулсан, зориулалтын автомашинаар авчрахыг хүснэ. Гэтэл зөвшөөрөлтэй “Улаанбаатар буян” ХХК нь км тутамд 1000 төгрөг нэхэж буй нь хэр зохистой үйлдэл вэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Архангай аймаг нь Улаанбаатар хотоос 500 км-ийн зайд орших бөгөөд “Улаанбаатар буян” ХХК-ийн тарифаар бодоход нэг сая төгрөг болох аж. Харин Говь-Алтай, Баян-Өлгий аймгаас талийгаачийг зөөвөрлөх бол 2-4 сая төгрөгийн зардал гарах ажээ. Энэ нь  хэт өндөр үнэ, тариф гэх шүүмжлэлийг иргэд хэлж байгаа юм. 

-“УЛААНБААТАР БУЯН” ХХК: НЭГ КМ НЬ 1000 ТӨГРӨГӨӨР ЯВНА ШҮҮ-

Бид “Улаанбаатар буян” ХХК-ийн 70162222 дугаарт холбогдон энэ талаар тодруулахад “Км тутамд 1000-1200 төгрөг авч байгаа. Компанийн тариф ийм юм. Бид стандартын буяны хөсгөөр үйлчилдэг” гэсэн юм. 

ДҮГНЭЛТ: Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор хөл, хорио тогтоож хүн бүр хөдөө, орон нутаг болон бусад газар зорчих эрхгүй болсон. Гэтэл энэ үед  хагацал, зовлонтой учирсан хүмүүс хохирч болохгүй. Энэ бүрт албаныхан болон хувийн хэвшлийнхэн ухаалаг, хүнлэг ёсоор хандахгүй бол дээрх гэр бүлийнхэн шиг хэчнээн хүн хайртай, дотнын хүнтэйгээ салах ёс гүйцэтгэж чадалгүй шаналж яваа бол. Айл, өрх албан байгууллагуудын санхүүгийн байдал хүндэрсэн энэ үед аж, ахуй нэгжүүд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үнэ, тарифаа хөнгөлж байхад “Улаанбаатар буян” ХХК хүнд нөхцөл, байдалд орсон иргэдэд өндөр тариф санал болгож буй нь хэр зөв зохистой үйлдэл, ёс зүй вэ. Үүнд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар, Улсын онцгой комисс зэрэг хяналт, шалгалт хийх эрх бүхий байгууллагууд анхаарал хандуулж үзсэн үү гэдэг нь ч анхаарах асуудал. “Улаанбаатар буян” ХХК-ийн хувьд 2004 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй нийслэлийн өмчийн оролцоотой компани юм.