Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос гэр хорооллын өрхийн түлшний хэрэглээ, агаарын бохирдолтой холбоотойгоор мэдээлэл хийлээ.
ХЭҮК-ийн судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир “ Агаарын бохирдолтой холбоотой тодорхой ажлууд хийгдэж байгаа ч бодит үр дүн хангалтгүй байна гэх дүгнэлтийг бид хийсэн. Тухайлбал, ХЭҮК-оос Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаар илтгэлийг боловсруулж УИХ-д танилцуулдаг. Тэгвэл 23 дахь илтгэлд бид эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт, нөхцөл байдал гэдэг сэдвийн хүрээнд судалгаа, шинжилгээг хийсэн.
Тус судалгаагаар энэ чиглэлд хэрэгжиж буй хууль, бодлогын хүрээнд 16 давхардал, 29 зөрчил, 71 хийдэл илэрсэн. Үүнийг бид 2024 оны илтгэлдээ тусган УИХ-д танилцуулсан. Улмаар их хурлаас 37 дугаар тогтоолыг гарсан. Энэхүү тогтоолд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй холбоотойгоор дөрвөн заалт тусгагдсаны гурав нь агаарын бохирдолтой холбоотой нэг нь хөрс, усны бохирдлыг бууруулахтай холбоотой заалт тусгагдсан. Улмаар 2025 эхний улиралд бид тогтоолын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийхэд дөрвөн заалтын хоёр нь арван хувийн хэрэгжилттэй, нэг нь 30 хувийн хэрэгжилттэй, нэг нь 100 хувь хэрэгжсэн гэсэн дүгнэлт гарсан. Агаарын бохирдол буурахгүй байгаа шалтгаан нөхцөлийг бид судалж үзэхэд энэ чиглэлд хэрэгжиж буй хууль тогтоомжийн давхардал, зөрчил, уялдаа холбоо сул байдалтай холбоотой гэж дүгнэсэн.
Тухайлбал, 2011 оноос хойш агаарын бохирдлыг бууруулах бүтэц, үндэсний хороо 11 удаа өөрчлөгдсөн. Үүнээс гадна агаарын бохирдлыг бууруулахад хяналтын тогтолцоо сул, хариуцлага тооцох систем хангалтгүй байна. Түүнчлэн, дотоод орчны агаарын чанарын стандартын суурь төвшнийг тогтоогоогүй байгаагаас үүдэж хүүхдүүд, эмнэлэгт хэвтэж байгаа иргэд гэх мэт хүмүүс хохирч байна. Мөн агаарын бохирдол хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлэх, хэрхэн сэргийлэх гэх зэрэг зөвлөмж, мэдээллийг олон нийтэд хүртээмжгүй хүргэж байна гэж дүгнэсэн. Хууль тогтоомжийн хувьд агаарын бохирдлоос үүссэн хохирлыг хэрхэн барагдуулах вэ гэдгийг зохицуулах эрх зүйн зохицуулалт манайд алга.
Хамгийн ноцтой асуудал болох угаарын хийн хордлогоор нас барсан иргэдийн тоо буурахгүй байна. Энэ дээр холбогдох арга хэмжээг авахгүй байна. Угаарын хордлогын мэдээллийг олон нийтэд нээлттэй мэдээлэх ёстой. Гэвч энэ мэдээлэл хязгаарлагдмал байна. Тухайлбал, 2019 оноос хойш хугацаанд 780 гаруй хүн угаарын хийн хордлогын улмаас шалтгаалж нас барсан гэх тоон мэдээллийг утааны сонсголын үеэр ярьж байсан. Шүүх шинжилгээний ерөнхий газраас өгсөн мэдээллээр бол 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс аравдугаар сарын 14-ны өдрийг хүртэл хугацаанд улсын хэмжээнд угаарын хордлогын улмаас нас барсан 110 иргэн бүртгэсэн. Үүнээс гэртээ угаартаж нас барсан хүний тоо 63, нийслэлд 40, аймагт 23 байна.
Энэ жилийн хувьд нийслэлээс угаарын хийн шинэ мэдрэгчийг айл өрхүүдэд суурилуулаад эхэлсэн байна. Энэхүү төхөөрөмж нь хэрэв угаарыг мэдрэх юм бол хэрэглэгчдэд үйлчлэх төвд шууд мэдээлэгддэг. Улмаар хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажилчид тухайн өрхтэй холбогдох, утсаа авахгүй бол тус хэсгийг хариуцсан ажилтан очих зэргээр арга хэмжээ авах ажлыг хийж байгаа аж. Энэ нь сайшаалтай ч гэсэн угаарын хийн хордлогоос сэргийлэх зөвлөмжийг иргэдэд тэр тусам зорилтод бүлгүүдэд олон давтамжтай хүргэх ажил дутмаг байна. Угаар мэдрэгч төхөөрөмжийг мөн сонсголын бэрхшээлтэй хүмүүст зориулж олон өнгөөр анивчих зэргээр тохиргоо хийж суурилуулах шаардлага байгаа талаар холбогдох албадад хүргүүлсэн" гэлээ