Хар тамхины хэргээр яллагдагч татагдан шалгагдаж байхдаа гаднын улс орон руу оргон зайлсан этгээдийг эх оронд нь шилжүүлэн авчирсан байна.
Тодруулбал, Монгол Улсын иргэн Г.У нь 2023 онд Бүгд Найрамдах Турк Улсаас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Шавар” болон “Мөс” гэх нэршилтэй 144.7 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогджээ. Улмаар тухайн хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа гадагшаа зугтсан бөгөөд Интерполоор эрэн сурвалжлагдаж, Киргиз Улсад баривчлагдсан байна. Харин түүнийг 2025 оны аравдугаар сарын 12-16-ны хооронд Монголд шилжүүлэн авчирчээ. Уг этгээд өмнө нь мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдож ял шийтгэгдэж байсан нэгэн аж.