LIVE: Үндсэн хууль зөрчиж, УИХ-ын чуулганыг хуралдуулах гээд байгаа тул ихэнх гишүүд ирцэндээ орохгүй байна

LIVE: Үндсэн хууль зөрчиж, УИХ-ын чуулганыг хуралдуулах гээд байгаа тул ихэнх гишүүд ирцэндээ орохгүй байна

Өнөөдөр /2025.10.16/ өглөө болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар "Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг дэмжихгүй" гэж 86 хувь нь санал өгсөн. Тодруулбал, Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг гаргасан Д.Амарбаясгалангийн талын гишүүд Засгийн газрыг огцруулахыг "дэмжихгүй" гэсэн саналыг байнгын хороо дээр өгсөн юм. 

Учир нь Д.Амарбаясгалангийн талын УИХ-ын гишүүдийн кноп Г.Занданшатарыг огцруулахад чуулган дээр хүрэхгүй байгаа тул Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг парламент дээр унагаад Засгийн газрыг огцруулна гэж тооцож байгаа бололтой. Тодруулбал, Засгийн газрыг огцруулахыг "дэмжихгүй" гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг "дэмжье" гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулбал ийм нөхцөл байдал үүсэх юм. Тэгвэл зарим гишүүд, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг байнгын хорооны саналын томьёоллоор УИХ-ын нийт гишүүдийн дунд санал хураалт явуулах нь Үндсэн хуулийг зөрчинө.

ВИДЕО: 

Учир нь Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно” гэж заасан байгаа юм.

Мөн Үндсэн хуулийн 2019 оны энэхүү нэмэлт өөрчлөлтийг дагаад УИХ-ын дэгийн тухай хуульд 2020 онд өөрчлөлт орсон гэж буй. Тодруулбал, УИХ-ын дэгийн тухай хуулийн 101.4-т “Улсын Их Хурлын нийт гишүүний олонх Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол баталсанд тооцно" гэж заажээ. Товчхондоо, Нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар санал хураахгүй гэсэн үг юм. 

Иймд өнөөдөр өглөө эхэлсэн УИХ-ын чуулганы ирц хүрэхгүй одоо ч хуралдаж чадахгүй байна. Учир нь Үндсэн хууль зөрчиж, УИХ-ын чуулганыг хуралдуулах гээд байгаа тул парламентын ихэнх гишүүд ирцэндээ орохгүй байна.