“Эерэг монгол чуулган” амжилттай зохион байгуулагдлаа

“Эерэг монгол чуулган” амжилттай зохион байгуулагдлаа

2019 оноос эхлэн зохион байгуулагдаж ирсэн “Эерэг Монгол Чуулган” энэ жил 6 дахь удаагаа “Дэд бүтцийн хүртээмж” сэдвийн хүрээнд 2025 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр амжилттай болж өнгөрлөө.

Улаанбаатар хотод дэд бүтцээс үүдэлтэй нийгмийн олон асуудал тулгамдаж байна. Жишээлбэл, зам тээврээс үүдсэн түгжрэл, иргэдийн бухимдал, шинэ технологи нэвтрүүлэх шийдэл, эргээд хүн бүрд ээлтэй байдал зэрэг. Иймээс энэ удаагийн чуулганаар залуучууд болон төрийн байгууллагуудын анхаарлыг эдгээр асуудалд хандуулах, шийдэл, зөвлөмж гаргах боломжийг бүрдүүлэхээр “Дэд бүтцийн хүртээмж” сэдвийг сонгон авчээ.

Чуулганд дэд бүтцийн салбарын 12 байгууллагын төлөөлөл 184 хүн, мөн JCI Монголын 300 орчим гишүүн, залуучууд оролцсон байна. Гол илтгэлүүдийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга, НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хорооны гишүүн Д.Гэрэл, Улаанбаатар метро төслийн удирдагч Т.Мөнхдалай, МООД төслийн санаачлагч Б.Болд нар тавьж, идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Чуулганы дүгнэлт, санал зөвлөмжийг холбогдох төрийн байгууллагуудад хүргүүлсэн бөгөөд ирэх жил ч нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд JCI Монголын залуучуудын эерэг манлайлал, дуу хоолой чухал үүрэг гүйцэтгэх болно гэдэгт итгэлтэй байна.