НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг нэг сар хорихоор боллоо

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг нэг сар хорихоор боллоо

Гэр бүлийн хүчирхийллийн хэргээр яллагдагчаар татагдсан НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг цагдан хорих эсэхийг хэлэлцэж байгаа талаар бид мэдээлсэн. 

Тэгвэл Б.Эрдэнэсүхийн нэг сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүх гаргалаа. 

Тодруулбал, Яллагдагч Б.Эрдэнэсүхийг Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан бөгөөд хүүхдийн эсрэг үйлдсэн” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна. Прокуророос яллагдагч Б.Эрдэнэсүхэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал ирүүлснийг 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шүүх хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүхээс хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурор, өмгөөлөгчийн санал, яллагдагчийн тайлбар зэрэгтэй танилцан яллагдагч Б.Эрдэнэсүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэрч, хохирогчийг дарамталсан, эсхүл сүрдүүлсэн, нөлөөлсөн, эсхүл амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт байгаа гэж үзэж прокурорын саналыг хүлээн авч, яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэлээ.