ГАДААДАД ГАЦСАН ИРГЭД: Монгол буцах гээд байраа хүлээлгэн өгч, ажлаасаа гарсан иргэд халаасандаа сохор зоосгүй гудамжинд гарахад хүрээд байна

ГАДААДАД ГАЦСАН ИРГЭД: Монгол буцах гээд байраа хүлээлгэн өгч, ажлаасаа гарсан иргэд халаасандаа сохор зоосгүй гудамжинд гарахад хүрээд байна

Коронавирусийн цар тахал дэлхий нийтэд тархаж, улс орнууд ээлж дараалан хөл хорио тогтоосон цагаас эрх ашиг нь хөндөгдөж эхэлсэн хүмүүс бол гадаадад гацсан иргэд. Зарим нэг нь сурч хөдөлмөрлөхөөр, зарим нэг нь эмчилгээнд, зарим нэг нь амьжиргаагаа залгуулж, ажиллахаар харийн орныг зорьсон ч цар тахлын улмаас эх орондоо ирж чадалгүй хүний нутагт “гацаж” орхисон. Өнгөрсөн хоёрдугаар сараас хойш тусгай үүргийн онгоцоор хүндэтгэх шалтгаантай иргэд ээлж дараалан ирсээр тэдний цуваа одоо ч тасраагүй байв.

Гэтэл хэдхэн хоногийн өмнө Монгол улсад дотооддоо халдвар тархаж, хэдэн зуун Монголчуудын гэртээ харих ганц найдвар тусгай үүргийн нислэг тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Засгийн газраас дотоодод байдал намжтал хүлээхээс өөр аргагүй хэмээн мэдэгдсэн ч нислэг нь хойшлогдсон иргэд хүнд хэцүү нөхцөлд өдөр хоногийг арайхийн өнгөрөөж байна. Бид тэдний нэг төлөөлөл болох Отгонбаатарын Маралгоотой ярилцлаа. Түүний хувьд өнгөрсөн гуравдугаар сард Австрийн Вена хотод ажлаар түр очсоноос хойш эх орондоо ирж чадалгүй байсаар арванэгдүгээр сард Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нислэгт багтсан ч үүсээд буй нөхцөл байдлын улмаас нислэг нь хойшлоод байна.

Эцэг эхийн зөвшөөрөлтэй нийтэлсэн болно

- АЙЛ ЦЭВЭРЛЭХ АЖИЛ ХҮРТЭЛ ХИЙЖ ТУСГАЙ ҮҮРГИЙН
НИСЛЭГИЙН МӨНГӨӨ ЦУГЛУУЛСАН-

-Сайн байна уу. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө товчхон танилцуулаач. Одоо хаана амьдарч байна вэ?

-Сайн. Сайн байна уу. Европд гацсан иргэдийн дуу хоолойг олон нийтэд хүргэхэд тусалж байгаа та бүхэнд баярлалаа. Би Австри улсын Вена хотод амьдардаг. Энд  богино хугацааны ажлаар ирээд гацсан. Маш хэцүү, хүнд нөхцөлд байгаа хүмүүсийн асуудлыг цааш нь дамжуулахын тулд танай сайтад хандсан юм. Европд байгаа оюутнуудын хувьд цар тахал дэгдсэнээс хойш буюу гуравдугаар сараас эхлэн онлайнаар хичээлээ үзэж судалж байгаа.

-Таны хувьд тусгай үүргийн онгоцны билетийг хэзээнээс “хөөцөлдөж” эхэлсэн бэ?

-Энд гуравдугаар сарын дунд үеэс тавдугаар сарын сүүл хүртэл бараг хоёр сар гаруй хатуу хөл хорио тогтоосон. Тухайн үед Монгол руугаа явах хүсэлтэй байсан ч тусгаарлалт болон тусгай үүргийн онгоцны билетийн мөнгөгүйн улмаас эндээ үлдэхээс өөр аргагүй болсон юм. Эх орон руугаа буцах нислэгийн төлбөрийг цуглуулахын тулд  ресторанд ажиллаж эхэлсэн ч хөл хорионы улмаас гуравдугаар сард хаагдсан. Тиймээс айлд цэвэрлэгээ хийн байж нислэгийн мөнгөө цуглуулж дуусаад аравдугаар сард нутаг буцах хүсэлтээ өгч, “11 дүгээр сарын нислэгт багтсан” гэсэн мэдээг дуулаад маш их баярлаж байлаа.

-Дотоодод халдвар гарсантай холбоотойгоор тодорхойгүй хугацаагаар нислэгийг хойшлуулчихлаа. Та бүхэн энэ асуудлаар холбогдох элчингийн газартаа хандав уу. Ямар нэгэн албан ёсны тайлбар өгсөн үү?

-Бид бүгд УОК-н шуурхай штаб, Гадаад харилцааны яам болон өөрсдийн байгаа улс дахь Монгол элчингийн газруудад маш олон тооны өргөдөл, хүсэлтүүдийг и-мейлээр илгээсэн. Элчингийн газрууд бидний өргөдлийг хүлээж авч цааш нь холбогдох хүмүүст нь түгээж өгч байгаа ч нислэгийг хэдий удаан хойшлуулах нь тодорхой бус байна.

-Билетээ буцаах боломжтой юү?

-Франкфуртын нислэгийн хувьд Европын 28 орноос иргэд зорьж очдог онцлогтой нислэг. Бидний ихэнх нь оршин буй газраасаа Франкфурт хүртэлх нислэгээ буцаах боломжгүй, хатуу нөхцөлтэйгөөр захиалсан тул нэг хүн багадаа сая гаруй төгрөгийн хохирол амсахад хүрээд байна. Мөн тусгаарлалт, билетэндээ бүх мөнгөө шавхаж, Монгол руу буцна гээд байраа хүлээлгэн өгч, ажлаасаа гарсан иргэд халаасандаа сохор зоосгүй гудамжинд гарахад хүрээд байна.

-Нислэг, Монголд ирээд тусгаарлагдах мөнгө гээд нэг хүнээс ойролцоогоор хэдэн төгрөгийн зардал гарсан бэ?

-Франкфурт явах билетийн 1 сая гаруй төгрөг, Франкфуртээс Улаанбаатар хүртэлх МИАТ-н билетийн 3 сая орчим төгрөг болон Монголд очоод тусгаарлагдах сая төгрөг гээд нийлээд Европоос буцаж байгаа нэг хүнээс багадаа 5 сая гаруй төгрөгийн зардал гарсан байгаа. Энэ бүх зардлыг бидний ихэнх нь аль хэдийн төлсөн, одоо энэ мөнгөнүүдээ буцаагаад авбал нэрс маань чартер нислэгээс хасагдах аюултай тул бид халаас хоосон, орох оронгүй чартер нислэгээ хэзээ ирэх бол гэж хүлээхээс өөр аргагүй байдалд хүрчихлээ.

-ӨВЛИЙН ХҮЙТЭНД ГУДАМЖИНД ХОНОЁ ГЭСЭН Ч ХӨЛ ХОРИОНЫ ҮЕЭР ГАДУУР ГАРАХЫГ ХҮРТЭЛ ХОРИГЛОЧИХСОН-

-Таны  байгаа газар хичнээн хүн ийм нөхцөл байдалд байна вэ?

-Уг нислэгээр нийт 250 иргэн Европоос болон Турк, Англи, Америкаас эх орондоо ирэх байсан. Бидэнд тулгарсан нийтлэг асуудал нь түрээсэлж байсан байрнуудаа эздэд нь хүлээлгээд өгчихсөн учир хоноглох газаргүй болоод байгаа юм. Бүх буудал хорионы дагуу хаалгаа барьсан учир бид бөөндөө нийлж буудал хөлслөх ч аргагүй. Мөн хөл хорионы улмаас зочин авчрах хориотойгоос гадна хүмүүс өөрсдийн аюулгүй байдлыг бодоод гаднын хүнийг гэртээ байлгахгүй шүү дээ. Гэтэл өвлийн хүйтэнд гудамжинд хоноё гэсэн ч, хөл хорионы үеэр хүмүүс гудамжинд хонох байтугай чухал шаардлагагүй бол гадуур явах ч хориотой болсон байгаа. Эдгээр зүйл бол наад захын л  жишээ нь. Үүнээс илүү хүнд нөхцөл байдалд орсон хүмүүс олон бий.

-Австрид яг одоо нөхцөл байдал хэр байна вэ. Хатуу хөл хориог тогтоогоод байгаа юм байна.

-Энэ  долоо хоногт Европ даяар хатуу хөл хорио эхлүүлж байгаа тул байдал улам л дордоно гэсэн үг. Миний байгаа улсын хувьд маргаашаас хатуу хөл хорио тогтоож байна. Бүх иргэн гэр гэртээ байх дүрэмтэй тул өнөөдөр би сүүлийн удаа айл цэвэрлэх ажлаа хийсэн. Үүнээс цааш Европд байгаа бидний хувьд ажил олох боломжгүй болж байгаа юм. Цэвэрлэгээний ажил ч олдохгүй гэсэн үг. Арваннэгдүгээр сарын 19-нд Улаанбаатар-Франкфуртын чиглэлийн онгоц Монголоос иргэдээ авчраад, буцахдаа хоосон буцна гэсэн мэдээлэл авсан. Тиймээс төр засаг маань гаргасан шийдвэрээ дахин нэг тунгаан бодож, нэгэнт төлөвлөгдөж, төлбөрөө авсан Франкфуртын нислэгээ хийж, онгоцоо хоосон буцаахгүй болов уу гэсэн найдлага бид бүгдийн дунд байна. Хэрэв онгоц хоосон буцвал цаашдаа яг яаж амь зуух, хэр удаан хүлээх хэрэгтэй гэдгээ бидний хэн нь ч мэдэхгүй, учраа олохгүй сандралдаж байна.

-Халдвараас хамгаалах наад захын хэрэгслүүд болох амны хаалт, ариутгагч бодис гэх мэтийн хүртээмж болоод үнэ нь хэр байна вэ.

-Европт  халдварын хоёр дахь Ковидын давлагаа эхэлчихсэн, байдал маш хүнд байгаа гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа байх. Бидний хувьд арван сарын турш уг тахлын голомтод өөрсдийгөө чадахаараа хамгаалж, эрүүл саруул байж ирлээ. Тусгай үүргийн нислэгийнхээ мөнгийг олохын тулд эрсдэлтэй ч гэсэн олон төрлийн ажил хийсэн. Хамгаалах хэрэгслүүдийн үнэ өртгийн хувьд Европ өндөр өртөгтэй тул үүнийгээ дагаад амны хаалт, ариутгалын бодис ч үнэтэй байгаа. Бидний ихэнх нь олон хүнтэй газар ажиллавал уг өвчнийг тусах магадлалтай гэсний үндсэн дээр ганцаараа хийж болох цэвэрлэгээний ажлуудыг ихэвчлэн хийж байсан.

-Таны нөхцөл байдлыг сайн ойлголоо. Засгийн газраас энэ бүхнийг харгалзаж үзэх байх аа.

-Энэ бол зөвхөн 250 хүний асуудал биш, тэдний цаана байгаа үр хүүхэд, аав ээж, ах дүү гэр бүл нийлээд мянга гаруй хүний сэтгэл зүй, санхүү, цаашлаад эрүүл мэндийн асуудал юм шүү. Хамаг мөнгөө шавхаад Монгол явах билетүүдээ захиалчихсан одоо хоёр хүүхдээ дагуулаад “гудамжинд хонох нь” гэж байгаа ээж, хүнд өвчтэй бага хүүгээ үлдээгээд хоёр долоо хоногийн дараа эргээд ирнэ гээд гарсан ч 10 сар гацсаны эцэст “одоо л нэг харих нь” гэж баярлаж байсан хоёр буурай, гурван бага насны хүүхдээ 70 гарсан эх дээрээ үлдээгээд ирсэн, эхийнх нь бие муудлаа гэж санаа зовниж буй жирэмсэн эмэгтэй, Монголд хийхгүй эмчилгээгээр Туркэд ирсэн ч, “эмчилгээ, мөнгө аль аль нь дууссан гээд хөөгөөд гаргачихлаа, өнөөдөр Франкфурт луу нисэж байх ёстой байсан юм” гээд нулимс зангируулан ярьж байгаа ах. Энэ бүх хүнд нөхцөл байдалд байгаа монголчуудаа битгий хөсөр хаяаарай гэж чин сэтгэлээсээ гуйж байна. Нэгэнт бүх ажлаа төлөвлөөд, эх орон руугаа харих нь гэж яарч, хамаг мөнгөө шавхсан энэ хүмүүсийг өрөвдөөд, төлөвлөгдсөн нислэгүүдээ хуваарийн дагуу хийгээсэй гэж хүсмээр байна.