ТОДРУУЛГА: ЭМЯ Монгол эрдэмтдийн бүтээсэн коронавирусийн оношлуураас татгалзаж гадаадаас ӨНДӨР ҮНЭТЭЙГ авах тендер зарласан уу

ТОДРУУЛГА: ЭМЯ Монгол эрдэмтдийн бүтээсэн коронавирусийн оношлуураас татгалзаж гадаадаас ӨНДӨР ҮНЭТЭЙГ авах тендер зарласан уу

-МОНГОЛ ЭРДЭМТДИЙН БҮТЭЭСЭН ОНОШЛУУР НЬ ВИРУСЫГ МУТАЦИД ОРСОН Ч ОНОШЛОХ ДАВУУ ТАЛТАЙ-

Германы Мюнхений Техникийн их сургуулийн эрдэм шинжилгээний багийн ахлагч доктор Д.Нямбаяр, ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн Вирус судлалын лабораторийн эрхлэгч доктор Б.Болдбаатараар ахлуулсан баг энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн Ковид-19 үүсгэгч вирусийг оношлох RT-qPCR оношлуурыг иж бүрдлээр нь бүтээж туршаад, хэд хэдэн шатны баталгаажуулалтыг ХӨСҮТ-д хэвтэн эмчлэгдэж буй өвчтөний сорьц дээр амжилттай хийж дуусгасан байна. Тэдний бүтээсэн оношлуурын давуу тал нь вирус мутацид орсон ч тухайн өөрчлөлтөд нь тохируулж оношлох боломжтой юм.

Эрүүл мэндийн яамнаас эрдэмтдээ дэмжин оношлуурыг бүтээсний дараа технологийнх нь дагуу дотооддоо өртөг багатайгаар үйлдвэрлэнэ хэмээн эхэндээ ярьж тохирчээ. Ингээд Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэлийн тушаалаар оношлуур бүтээх үүрэг эрдэмтдэд оногдож энэ багт нь яамнаас ч мэргэжилтнүүд орж идэвхтэй ажиллажээ. Гэтэл саяхнаас яамныхан эрдэмтдээсээ нүүр бууруулан зугатааж эхэлсэн бөгөөд таван сарын ажлыг нь зогсонги байдалд оруулж “салхинд хийсгэж” ч магадгүй үйлдлийг гаргаж эхэлсэн байна.

Тодруулбал, Монгол эрдэмтдийнхээ хийсэн оношлуурыг авахгүй байх магадлал өндөр байгаа бөгөөд гадаадаас 6 тэрбум төгрөгөөр оношлуур худалдан авах тендерийг зарлажээ.

Эрдэмтдийн хувьд таван сарын турш санаа зориг нэгтэйгээр өдөр, шөнөгүй хөдөлмөрлөж оношлуурыг бүтээсэн боловч яг өгч, авалцах үед Эрүүл мэндийн яамнаас ийм үйлдэл гаргаж буйд нэлээн бухимдалтай байгаа аж.

-Д.НЯМБАЯР: МОНГОЛ ЭРДЭМТДИЙНХЭЭ БҮТЭЭСЭН ОНОШЛУУРЫГ ХЭРЭГЛЭЭНД ОРУУЛАХГҮЙГЭЭР ГАЦААЖ БАЙГААД ГАДААДААС 6 ТЭРБУМААР ОНОШЛУУР ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР ЗАРЛАСАН-

Мюнхений Техникийн их сургуулийн эрдэм шинжилгээний багийн ахлагч доктор, ажлын хэсгийн ахлагч Д.Нямбаяр энэ талаар өөрийн цахим хуудаснаа “Эрүүл мэндийн сайдын баталсан ажлын хэсгийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд зааснаар бол одоо сайдын зөвлөлөөр орж стандарт ажиллагааны зааврыг баталгаажуулж, сургалт зохион байгуулах гэх мэт ажил л үлдээд байна. Төлөвлөгөө ёсоор бол аль зургадугаар сард үндсэн ажлууд дуусах ёстой байсан боловч бид бүхнээс үл хамаарах олон шалтгаанаас болж одоог хүртэл зогсонги байдалтай байна.

Монгол эрдэмтдийнхээ бүтээсэн оношлуурыг хэрэглээнд оруулахгүйгээр гацааж байгаад гадаадаас 6 тэрбум төгрөгөөр оношлуур худалдан авалт хийхээр энэ оны аравдугаар сарын 6-нд тендер зарласан байгааг үзвэл манай Эрүүл мэндийн яам дотооддоо хямд зардлаар Монгол улсынхаа нөхцөл байдалд тохирсон өндөр чанарын оношлуур үйлдвэрлэж хэрэглээнд оруулах замаар төсвийн мөнгийг хэмнэх сэтгэлгүй харин ч эсрэгээрээ гадаадаас өндөр үнийн дүнтэй худалдан авалт хийх ажиллагааг ил далдаар дэмжсэн үйл ажиллагаа явуулж буй мэт хардалт төрүүлж байгаа. Тус яамны эрх мэдэлтнүүд нь хувийн эрх ашгаа улс эх орныхоо эрх ашгаас дээгүүр тавьдаг болохыг мөн цаагуураа илтгэж байх шиг надад санагдаж байна.

Уг тендерийг зарласныхаа дараахан Эрүүл мэндийн яамнаас манай ажлын хэсгийн ажлыг шуурхай явуулах чиг үүрэг гаргасан боловч, сайдын зөвлөлөөр орж ажлын үр дүнгээ танилцуулахаас өмнө гурван шатны зөвлөлөөр орж дэмжигдэх ёстой гэсэн хачирхалтай нөхцлийг гэнэт тулгасан.

 Үүнд:

  1. Эхний шатанд Эрүүл мэндийн яамны Оношлуур био-бэлдмэлийн зөвлөлөөс томилогдох гурван шинжээч нарт бид өөрсдийн технологийн нууц болон арга зүйгээ нэгд нэгэнгүй дэлгэрэнгүй зааж өгсний дараагаар тэдгээр шинжээч нар нь бидний ажлыг дээрх дурдсан зөвлөлийн хаалттай хурал дээр бидний өмнөөс танилцуулга хийх бөгөөд манай ажлын хэсгийнхэн уг хуралд оролцох эрхгүй юм гэнэ.
  2. Дараа нь ХӨСҮТ-ийн Эрдмийн зөвлөлөөр орох
  3. Гурав дахь шат нь ЭМЯ-ны Ёс зүйн хороогоор орж дэмжигдээд гарч ирэх юм бол Эрүүл мэндийн сайдын зөвлөлөөр орох боломж нээгдэнэ гэсэн чиглэл өгсөн.

Энэ одоо залхаах арга тактик. Иймэрхүү зүйлд залхаад бууж өгнө гэж бодож байвал ёстой том эндүүрэл шүү ДАРГА нараа" гэж бичжээ. 

-ГАДААДААС 165 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАН АВАХ ОНОШЛУУРЫГ МОНГОЛДОО 30 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ХИЙХ БОЛОМЖТОЙ БАЙСАН. СЭТГЭЛ АЛГА -

Бид түүнтэй холбогдож зарим зүйлийг тодрууллаа.

-Эрүүл мэндийн яамнаас та бүхний бүтээсэн оношлуурыг хүлээж авалгүй хэр удаж байна?

-Бидний ажлыг зургадугаар сараас хойш гацааж байна. Би үүний цаана их мөнгөний сонирхол байна гэж харж байгаа. Тэгээд тендер зарласныхаа дараа манай ажлыг гэв гэнэт эрчимтэй явуул гэсэн чиглэл өгсөн нь их сэжигтэй санагдаж байна. Өөрсдөө хэрэгт орохоос айж байгаа мэт харагдаж байна.

-Та бүхэн оношлуур бүтээсэн технологио Эрүүл мэндийн яаманд өглөө гэхэд дотооддоо үйлдвэрлэх боломжтой юу?

-Хангалттай боломжтой. Гагцхүү сэтгэл л алга. Бид технологийг бүтээж өгч байна. Тэгээд Эрүүл мэндийн яам дотооддоо өөрсдөө хийхгүй бол бид нарыг оношлуур зарах гэж байна гэх хардалт үүснэ шүү дээ. Гаднаас худалдаж авалгүйгээр өөрсдөө үйлдвэрлээд хэрэглэвэл төсөвт маш их хэмнэлттэй.

-Та бүхэн таван сарын хугацаанд хэр их хөрөнгө зарцуулж оношлуураа бүтээсэн бэ?

-Бид өөрсдөөсөө 30 гаруй сая төгрөг гаргаж оношлуураа хийж баталгаажуулсан. Гэтэл яам  гадаадаас нэг оношлуурыг 165 мянган төгрөгөөр авдаг гэсэн мэдээлэл байна лээ. Хэрвээ бид  өөрсдөө дотооддоо үйлдвэрлэвэл 30 мянган төгрөг хавьцаа л болно байх гэж тооцоолж байна. Ийм хямдаар хийх нь сайд, дарга нарт ашиггүй юм байлгүй дээ.

-Бид дотооддоо оношлуур бүтээснээр төсөвт хэмнэлт гаргахаас өөр ямар давуу талтай вэ?

-Дэлхий нийтэд КОВИД-19-ийн аюул нөмрөн, оношлуур болон оношлуурын түүхий эдийн өрсөлдөөн дэлхийн зах зээлд аль хэдийнэ бий болсон. Жишээ нь Энэтхэг, ОХУ, АНУ, Бразил гэх мэт хүн ам ихтэй улсад нэг өдөрт тус бүр 100-200 мянган хүнд шинжилгээ хийж байна. Тиймээс эдгээр томоохон улсууд худалдаад авчихаж байгаа учир дэлхийн зах зээл дээр оношлуурын олдоц муу байна.

Бас нэг жишээ хэлэхэд, молекул биологийн оношлуурын чухал бүрдэл хэсгийг үйлдвэрлэдэг дэлхийд алдартай Германы Киаген компанийг АНУ-ын Термо Фишер компани худалдан авснаар уг үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүний ихэнхи хэсэг нь АНУ-ийн хэрэгцээнд зориулагдан хийгдэж эхэлсэн. Үүний үр дүнд ХБНГУ-д уг бүтээгдэхүүний олдоц маш хүндрэлтэй болсон. Иймд бидэнд аль нэг улсаас оношлуурыг гаднаас худалдаж аваад эсвэл тусламжаар оруулаад ирнэ гэсэн баталгаа одоогоор алга. Тиймээс улс болгон өөр өөрийн нөөцийг дотооддоо бүрдүүлж байгаа энэ цагт бид ч мөн өөрсдөө оношлуураа хийх шаардлага гарч ирж байгаа юм. Нийт 3 сая хүн амаа шинжилгээнд хамруулах оношлуураа худалдаж авахаас илүүтэй гарч болох эрсдэлийг тооцож өөрсдөө арга зүйгээ боловсруулж чадвал гаднаас харьцангуй хараат бус байдалтай болох юм. 

-Та бүхний оношлуурыг хүлээж авахгүй шалтгаанаа Эрүүл мэндийн шалтгаанаас тайлбарласан уу-

-Тайлбар хэлэхгүй зугатаж байгаа.