Өөрийн нэр дээрх дансыг бусдад ашиглуулбал хуулийн хариуцлага хүлээнэ гэдгийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа

Өөрийн нэр дээрх дансыг бусдад ашиглуулбал хуулийн хариуцлага хүлээнэ гэдгийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа

Улсын хэмжээнд 2025 оны эхний 09 сард нийт 38,090 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдсанаас 13,393 залилах гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 3,366 нэгж буюу 33.6 хувиар өсөж, 11402 цахим орчинд үйлдэгдсэн ба энэ төрлийн гэмт хэргийн 85.1 хувь нь залилах гэмт хэрэг үйлдэгдэж байна.

Цагдаагийн байгууллагаас 2023 онд "Цахим халдлага, залилантай тэмцэх хариу арга хэмжээний хэлтэс"-ийг байгуулж, энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 22.4 дүгээр зүйлд заасны дагуу "Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах" арга хэмжээг арилжааны 10 банкнуудтай хамтран хэрэгжүүлж байна.

Дээрх ажлын хүрээнд энэ он гарснаас хойш өнөөдрийн байдлаар иргэн, хуулийн этгээдэд учирсан 18.8 тэрбум төгрөгийн хохиролтой 2,318 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 68,6 хувь буюу 1,591 гомдол мэдээлэлд, хохирлын мөнгөн дүнгийн 60,6 хувь буюу 11,4 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож, 671 иргэн, хуулийн этгээдийн 1 тэрбум 326,0 сая төгрөгийн хохирлыг Прокурор, Шүүхийн байгууллагатай хамтран нөхөн төлүүлж ажилласан.

Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах санд залилах гэмт хэрэгт холбогдуулж улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж 2023 оноос хойш олдоогүй байсан оргодол этгээд С, цахим орчинд телеграммаар даалгавар биелүүлэх, фэйсбүүк орчинд хуурамч зар оруулах, сугалаа зохион байгуулах гэх үйлдлийн аргуудаар залилах гэмт хэрэг үйлдэгч Т, С нарыг дайчлан баривчилсан.

Монгол Улсын нийт иргэдийн 83.0 хувь буюу 5 хүн тутмын 4 нь цахим орчин (интернэт) ашиглаж байна. Энэхүү цахим хэрэглээний зах хязгааргүй орон зайг ашиглан Цахим орчинд үйлдэгдсэн Залилах гэмт хэргийн үйлдлийн аргаар ангилбал:

  • Бараа, үйлчилгээ захиалж бусдад залилуулах 35 хувь буюу 3,654
  • Телеграммаар даалгавар биелүүлж залилуулах 0,7 хувь буюу 767
  • Бусдын цахим хаяг ашиглаж мөнгө гуйх 0,6 хувь буюу 752
  • Түрээсийн үйлчилгээ 2,5 хувь буюу 291
  • Мөнгө өсгөх 2.0 хувь буюу 229
  • Бусад /сугалаа, валют солиулах/ залилах гэмт хэрэг 20 хувь буюу 2,335 удаагийн дуудлага, мэдээлэл зонхилон бүртгэгдсэн.  

Сүүлийн үед иргэдэд амар хялбар аргаар мөнгө олох сэдэл төрүүлэхүйц “Хусаад хож”, “Хаш чулуу”, “Азын хүрд”, телеграмм апплейкшн ашиглан “Даалгавар биелүүлж мөнгөтэй болоорой”, хямд үнэтэй бараа, материал нийлүүлнэ, улирлын шинжтэй иргэдийн хэрэгцээнд тулгуурласан өвс, мах, өвлийн хувцас, гэр ахуйн бараа гэх мэт зүйлсийг гэрийн хаягаар хүргэж өгнө гэж худал амлан урьдчилгаа шилжүүлэн авах зэрэг үйлдлийн аргаар залилах гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байна.

Иймд иргэд та бүхэн цахим орчинд хэн нэгэн хувь хүний данс руу мөнгө шилжүүлэхдээ анхааралтай байж, сайтар нягталж, судалсны үндсэн дээр шилжүүлэх, өөрийн эзэмшлийн дансыг бусдад ашиглуулахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.