ФОТО: Токиогийн олимпийн үеэр Японд баригдах Хакүхо аваргын гэрээр зочиллоо

ФОТО: Токиогийн олимпийн үеэр Японд баригдах Хакүхо аваргын гэрээр зочиллоо

2021 оны долдугаар сард болох Токиогийн олимпийн үеэр Японы “Токио Таур”-ын хажууд баригдаж, 16 хоногийн турш эх орныхоо ахуй соёл, бэлгэдэл, үндэсний урлагаа сурталчлах “Их гүрний өргөө” гэрээр зочиллоо. Энэхүү найман ханатай, бүрэн сийлбэртэй гэр нь мэргэжлийн сүмогийн их аварга, хакүхо М.Даваажаргалд зориулан урлаж, түүнд бэлэглэсэн гэр бөгөөд 2 долоо хоногийн өмнө Монголын үндэсний олимпийн хорооны гадаа баригдаж, одоогоор тэнд байгаа юм.

Биднийг “Их гүрний өргөө” гэртэй танилцахаар очиход МҮОХ-ны Спорт холбоод хариуцсан мэргэжилтэн З.Галхүү “Монголиа хаус” төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

-“Монголиа хаус” төслийн талаар танилцуулаач? Энэхүү төслийн гол зорилго юу вэ?

Олимпийн наадмыг угтан  дэлхийн улс орнуудын олимпийн хороо, баг тамирчид нь эх орноо сурталчлах зорилгоор Герман хаус, Даниш хаус, Франц хаус гэх мэт өөр өөрийн улсын хаусыг байгуулдаг. Ингэснээр тухайн улсын томоохон байгууллагууд ивээн тэтгэж баг тамирчдаа дэмжих мөн олимп үзэхээр очсон нутаг нэгтнүүд нь цуглаж баяраа тэмдэглэдэг жишиг байдаг. Бид ч мөн энэ жишгийн дагуу ирэх 2021 оны Токиогийн олимпийн үеэр “Токио таур”-ын гадаа “Монголиа хаус”-ийг барьж, ахуй соёл, үндэсний урлаг, үндэсний хувцас гээд Монголын гэсэн бүх зүйлийг сурталчлан таниулахыг зорьж байна.

-Токиогийн олимпийн үеэр монгол гэр барих зөвшөөрлийг анх яаж авсан бэ? Уг төслийн санаачлагч нь хэн бэ?

-Анх МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшигийн санаачлагаар, Япон улсад суугаа Монгол улсын элчин сайд Д.Батжаргалтай хамтран “Токио таур” компанид санал тавьсан. Улмаар тус компани зөвшөөрөл олгож, 2019 оны есдүгээр сарын 25-нд талбайн түрээсийн гэрээ байгуулснаар ажил эхэлсэн байгаа.

-Олимпийн наадмын үеэр “Их гүрний өргөө” гэр хэдий хугацааны турш эх орноо сурталчлах вэ?

2021 оны долдугаар сарын 22-ноос наймдугаар сарын 6-ны өдрүүдэд буюу 16 хоногийн турш “Токио таур”-ын гадаа 300мкв талбайд соёл урлагаа сурталчлах, эх орноо таниулах, үндэсний соёлоо харуулах төрөл бүрийн арга хэмжээнүүд зохион байгуулахаар төлөвлөж байна.

-“Их гүрний өргөө” гэрийн хувьд их аварга, хакүхо М.Даваажаргалын гэр гэж сонссон. Түүний хувьд Токиод гэрийг нь барих саналыг зөвшөөрсөн гэсэн үг үү?

-“Монголиа хаус” төслийг анх санаачилж, ярьж байхад хакүхо аварга өөрт нь 8 ханатай, бүрэн сийлбэртэй монгол гэр байдаг тухай хэлээд түүнийг ашиглаж болно гэж зөвшөөрсөн юм билээ.

-Монгол гэрийг тэнд барьснаар Монгол брэндийн сурталчилгаа, загварын шоу, урлагийн тоглолтууд болно гэсэн. Одоогоор манай улсаас ямар компаниуд, урлаг соёлынхон оролцох нь тодорхой болсон уу?

-Ерөнхийдөө компаниуд хамтарч ажиллах саналаа илэрхийлээд эхэлчихсэн байгаа. Гэхдээ бид одоогоор эцэслэн шийдээгүй учраас ямар компаниуд оролцохыг хэлж мэдэхгүй. Мөн тус өдөрлөгт оролцох уран бүтээлчид, хөтөлбөр зэрэг нь эцэслэн батлагдаагүй байна.

-“Их гүрний өргөө” гэр одоогоор МҮОХ-ны гадаа баригдсан байна. Хэзээ Япон руу аваачих вэ?

-2021 он гаргаад тус гэрийг Японд аваачихаар төлөвлөөд байгаа.

“Их гүрний өргөө” гэрт орж үзвэл гэрийн деталь бүрд монголын үүх түүх, ахуй соёлыг нэвт шингээсэн байх бөгөөд, жижиг хэсэг бүр нь гүн утга агуулжээ.

Тухайлбал, Бөртэ чоно, Гоо марал нарын босгосон суурь багана дээр Их эзэн Чингис хаан Нэгдсэн Монгол улсаа байгуулсныг бэлгэдэн гэрийн багана дээр чоно дүрсэлжээ. Мөн энэхүү төрт ёсыг үндэслэгч Их хүний түүхэн замналын эхлэлийн 8 шарга морийг дүрсэлж, гүрэн улсыг байгуулахад үнэн шударгыг эрхэмлэн зүтгэсэн өрлөг сайдуудыг ч мөн урлажээ.

Тоононы төвд улсын дээд заргач Шихихутаг Их засаг хуулиа чандлан сахиулж суугаа байдлаар дүрсэлжээ. Харин тоононы хүрээнд хаант төрийн 9 эх бэлгэдлийг 9 эрдэнээр чимэглэж, цаг хугацааны үргэлжлэл болох 12 жилээр хослуулан чимэглэжээ.

Монголын нууц товчоогоор сэдэвлэн урласан тус гэрийн баруун баганад эр зориг, хийморь жавхааг бөртэ чоноор дүрслэн, гал хээгээр чимэглэсэн нь аргын тал буюу эцгийн эрхт ёсыг харуулжээ.

Харин гэрийн зүүн баганад гоо үзэсгэлэн, уян зөөлөн, яруу тансаг шинжийг гоо маралаар дүрслэн, усан хээгээр чимэглэжээ. Энэ нь билгийн тал буюу эхийн эрхт ёсыг илэрхийлж буй аж.

Баганын сууринд урт удаан наслахын бэлгэдэл болсон яст мэлхийгээр суурь хийж, түүний дээд хэсэгт Монголын эзэнт гүрэнд Хүннүгийн үеийн соёл иргэншил байсан гэдгийг харуулах хадны сүг зураг буюу бичээс хийж өгчээ.