Олон улсын Эрүүгийн шүүхийн ахлах өмгөөлөгч Н.Орчлон: Хүнийг гэмт хэрэгтэн шиг царайтай гэсэн үндэслэлээр саатуулан, шалгах ёсгүй

Олон улсын Эрүүгийн шүүхийн ахлах өмгөөлөгч Н.Орчлон: Хүнийг гэмт хэрэгтэн шиг царайтай гэсэн үндэслэлээр саатуулан, шалгах ёсгүй

Сүүлийн үед цагдаагийн алба хаагчид иргэдтэй ёс бусаар харьцсан хэд, хэдэн тохиолдол гарч, олны дургүйцлийг төрүүлээд байгаа билээ. Тэгвэл бид энэ асуудлаар Нидерланд улсын Гааг хотноо Олон улсын Эрүүгийн шүүхийн ахлах өмгөөлөгчөөр ажиллаж буй  Н.Орчлонтой холбогдож, цагдаагийн ажилтны эрх үүрэг, ёс зүй, иргэдтэй харьцах харилцаа болон түүнийг хуулиар хэрхэн зохицуулах талаар ярилцлаа.

-ЦАГДААГИЙН АЖИЛТАН ИРГЭНИЙГ ЗӨВХӨН БОДИТОЙ
ҮНДЭСЛЭЛТЭЙ ҮЕД Л ШАЛГАХ ЭРХТЭЙ-

-Юуны түрүүнд цагдаагийн алба хаагчийн үндсэн эрх, үүрэг нь юу вэ? Ингэж асуусны учир нь сүүлийн үед бараг иргэдийг айлгаж, дарамталдаг субьект гэж ойлгогдохоор тохиолдлууд их гараад байгаа юм л даа?

-Цагдаа гэдэг нь хууль хэрэгжүүлж байгаа албан тушаалтныг л хэлж байгаа. Ерөнхийдөө олон нийтийн амгалан тайван байдлыг сахиулдаг, хууль эрх зүйн системийн хамгийн чухал албан тушаалтнуудын нэг юм. Миний хувьд Цагдаагийн сургууль төгсөөд, Монголд цагдаагийн мөрдөн байцаагчаар ажиллаж байсан.

-Саяхан цагдаагийн байгууллагын ажилтан гудамжаар явж байсан жирийн иргэнийг саатуулаад, хүн амины хэрэгтэнтэй төстэй царайтай гэх үндэслэлээр шалгуулахыг шаардан, дарамталсан үйл явдал гарсан. Энэ нь цагдаагийн ажилтны эрх, үүрэг, ёс зүйд нийцсэн үйлдэл мөн үү. Ер нь олон улсын жишигт ямар байдаг вэ?

-Өндөр хөгжилтэй орнуудад цагдаагийн байгууллагын ажилтан аливаа иргэдийг саатуулан, шалгахдаа заавал хууль зүйн үндэслэлтэй шалгана гэсэн чухал ойлголт бий. Гэвч манай хууль зүйн системд энэ ойлголт үгүй. Дээр нь бодит байдал дээр сайн хэрэгждэггүй учраас жирийн иргэдийн хууль ёсны эрх, эрх чөлөөнд нь халдах тохиолдлууд гараад байгаа юм.

Жишээлбэл, Америкт цагдаагийн ажилтан иргэнийг шалгахаар бол “probable cause” буюу хүнийг гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэж үзэх бодитой үндэслэл байх ёстой гэж үздэг. Энэ нь жирийн сэжиг байж болохгүй. Заавал хууль шүүхийн өмнө ч баталж болохоор бодит үндэслэл байна. Өөрөөр хэлбэл, хөндлөнгийн хараат бус шүүхийн өмнө ч тайлбарлаж болохуйц бодитой үндэслэлтэй байх ёстой гэсэн үг юм.

-ХҮНИЙГ ЦАРАЙ ТӨРХӨӨР НЬ СЭЖИГЛЭН ШАЛГАХ НЬ ОЛОН
УЛСЫН ХУУЛИАР БАЙЖ БОЛОМГҮЙ ЗҮЙЛ -

-Тэгэхээр гэмт хэрэгтэнтэй төстэй царайтай гэдэг нь хүнийг саатуулан, шалгах үндэслэл болж чадахгүй гэсэн үг үү?

-Энэ нь тухайн хэрэг маргаан, эрүүгийн мөрдөн байцаалттай холбоотой асуудал л даа. Жишээлбэл, Эрүүгийн гэмт хэрэгтэн эсвэл хүн амины хэрэгт сэжиглэгдсэн, шалгагдаж, хоригдож байсан этгээд оргон зайлж болно. Улмаар тухайн хүний зургийг цагдаагийн байгууллага даяар тараагаад, эрэн сурвалжилж байвал түүнтэй төстэй хүнийг хараад цагдаа шалгах эрхтэй. Энэ нь өөрөө бодит үндэслэлийг бий болгоно. Гэхдээ бодит үндэслэл нь тухайн цагдаагийн субъектив санаанаас гарч болохгүй. Тэгэхээр хүний царай төрх гэхээс илүү, яг тухайн хүнийг эрүүгийн гэмт хэрэг үйлдсэнийг нь тогтоосон эсвэл шалгаж байгаа мэдээлэл байгаа тохиолдолд шалгаж болно.

Харин цагдаагийн ажилтанд хэн нэгэн зүгээр л гэмт хэрэгтэн шиг харагдсан бол энэ өөр асуудал. Энэ тохиолдолд дээр хэлсэнчлэн хүнийг шалгах үндэслэл жирийн сэжиг байж болохгүй. Өөрөөр хэлбэл, хүнийг царай, төрхөөр нь сэжиглэн шалгах нь Олон улсын хуулиараа байж болохгүй зүйл. Тэгэхээр энэ хоёр том ялгаатай.

Миний хувьд Монголд болж буй үйл явдлуудыг интернэтээр ерөнхийдөө харж, мэдээлэлтэй байдаг. Чиний дээр хэлсэн кейс дээр бол би яг юу болсныг нь мэдэхгүй л дээ.

Гэхдээ миний хувьд тухайн цагдаа шүүхийн тогтоолоор хоригдсон хүн оргоод, түүнийг хайгаад, төстэй байсан учраас тухайн иргэнийг шалгах гэж байна гэсэн тайлбар хийхийг бол сонсоогүй.

-Тэгэхээр цагдаа тухайн иргэнийг хүн амины хэрэг үйлдээд эрэн сурвалжлагдаж буй хүн мөн гэж сэжиглээд саатуулсан байж болно. Тэгвэл энэ тохиолдолд иргэнд саатуулах болсон шалтгаанаа яаж тайлбарлах ёстой байсан бэ?

Хэрвээ хүнийг шалгахаар бол эхлээд өөрийнхөө ажил, нэр, албан тушаалыг танилцуулж, холбогдох бичиг баримтаа үзүүлээд, тухайн хүнийг ямар хуулийн зүйл заалтыг зөрчсөн гэж үзэн шалгах гэж байгаагаа бодит үндэслэлтэйгээр тайлбарлах ёстой. (Зүйл заалттай нь хэлэх ёстой) Цагдаагийн байгууллагын ажилтан нь энгийн болон доромж үгээр иргэнтэй харьцах ёсгүй. 

-ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН НЭГЖ БҮР ДЭЭР ЁС ЗҮЙ
ХАРИУЦСАН АЛБА БАЙГУУЛАХ ХЭРЭГТЭЙ-

-Тэгвэл цагдаагийн алба хаагчдын иргэдийн эрхийг зөрчсөн энэ мэт үйлдлүүдийг яаж зохицуулах ёстой вэ?

Дээрх асуудалд шууд цагдаагийн ажилтныг буруутгаж болохгүй. Цагдаагийн байгууллагын ажилтан хууль биелүүлж л ажилладаг. Тэгэхээр гол нь зөвхөн бодитой үндэслэлтэйгээр шалгана гэдгийг хуулин дээрээ зааж өгөх ёстой юм.

Манай улсын холбогдох хууль, тогтоомжуудад энэ үндэслэлийг заавал оруулж, нарийн тодорхой тайлбарлаж өгөх ёстой. Хүний эрхийг дээдэлдэг, ардчилсан оронд Цагдаагийн тухай хууль, Эрүүгийн мөрдөн байцаах хууль, Зөрчлийн тухай хуулиндаа тухайн хүнийг шалгах бодитой үндэслэл байхгүй бол хэнийг ч шалгаж болохгүй гэсэн зарчмыг нарийн тогтоож өгөх хэрэгтэй.

Үүнийг зөрчсөн бол хүлээлгэх хариуцлагыг ч мөн цагдаагийн байгууллагын хууль, дээрээс нь ёс зүйн дүрэмдээ нарийн оруулж өгөх ёстой.

Яагаад гэвэл цагдаагийн алба хаагч хүний эрхэнд халдсан ч, энэ нь өөрөө гэмт хэрэг биш учраас шалгахгүй орхичихоод байгаа юм. Тэгэхээр цагдаа хүний эрхийг зөрчихтэй тэмцдэг гол арга бол ёс зүйн дүрмийг чангалах арга байдаг. Тиймээс цагдаагийн байгууллагын нэгж бүр дээр ёс зүй шалгадаг албатай болгох хэрэгтэй. Ингэснээр хуулийн алба хаагчдын иргэдэд гаргасан ёс зүйн зөрчлийг хянаж болно.

-ХӨНДЛӨНГИЙН ХАРААТ БУС БАЙГУУЛЛАГА БАЙГУУЛСНААР ХУУЛИЙН АЖИЛТНУУД ИРГЭДЭД ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ТОХИОЛДОЛ ХАРЬЦАНГУЙ БАГАСЧ БАЙСАН-

Харин гэмт хэргийн зөрчлийг хянахын тулд хөндлөнгийн хараат бус байгууллага байгуулах хэрэгтэй. Өмнө нь намайг ажиллаж байхад цагдаагийн ажилтны үйлдсэн хэргийг цагдаагийн байгууллага дотроо шалгадаг байсан. Энэ тохиолдол ашиг сонирхлын зөрчил гарах эрсдэлтэй. Гэхдээ сүүлд үүнийг болиулаад “Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба” гэж байгуулсан. Энэ үед хуулийн байгууллагын ажилтнууд албан тушаалаа ашиглаж иргэдэд гэмт хэрэг үйлдсэн тохиолдол харьцангуй багассан юм. Гэтэл энэ албыг татан буулгачихсан. Энэ бол маш том алдаа болсон. Тэгэхээр уг албыг маш яаралтай дахин байгуулах хэрэгтэй.

Гэхдээ үнэн хэрэгтээ, Олон улсын хүний эрхийн шинжээчдийн манай улсад өгсөн зөвлөгөө байдаг. Тус зөвлөгөөнд хараат бус байгууллагаа Улсын ерөнхий прокурорын дэргэд биш, Хүний эрхийн үндэсний комиссын хажууд байгуулаач ээ гэсэн байсан. Гэхдээ манай улсад Хүний эрхийн үндэсний комисс нь хүний эрхийг зөрчсөн төрийн албан тушаалтнуудаа шалгах эрхгүй байдаг. Тэгэхээр хэрэв боломжтой бол байж болох хамгийн дээд хувилбар нь Хүний эрхийн үндэсний комисст эрхийг нь өгөөд, тус байгууллагын дэргэд хуулийн байгууллагуудын үйлдсэн гэмт хэрэг зөрчлийг шийддэг тусгай мөрдөн байцаах албыг даруй байгуулах хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

Түүний ярьсан зүйлс нь ямар нэг байдлаар Олон улсын шүүхийн байр суурийг төлөөлөөгүй бөгөөд зөвхөн ахлах өмгөөлөгч Н.Орчлонгийн өөрийнх нь мэргэжлийн байр суурь болно!