СУРВАЛЖИЛГА: Босоо монгол бичгээрээ хашаагаа чимсэн Хашийн Хур

СУРВАЛЖИЛГА: Босоо монгол бичгээрээ хашаагаа чимсэн Хашийн Хур

Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл

Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ... хэмээн босоо монгол бичгээр хашааныхаа хаалган дээр тунчиг нямбайлан бичсэн хүн бол Хашийн Хур. Тэр хавьд ийм содон бөгөөд сонирхолтой хашаатай айл байхгүй. Хажуугаар зөрөх хүн бүр сонирхон харж, монгол бичиг мэдэх нэг нь дуржигнуулан уншиж байсан бол арван жилийн сурагчид үсэглэн зогсоно.

“Монгол бичиг бол Монголчуудын оюуны өв соёл. Тиймээс Монгол хүн бүр монгол бичгээ мэдэж байгаасай” гэсэндээ тэрээр хашааныхаа хаалгыг ингэж шинэчилжээ. Бид Х.Хуртай холбогдон түүний ажил, мэргэжил болон “бүтээл”-ийнх нь талаар ярилцлаа.

МОНГОЛ ХҮН МОНГОЛДОО Л АМЬДРАХ ЁСТОЙ ГЭЖ БОДДОГ УЧРААС ЭНД ИРЖ АМЬДРАХААР ШИЙДСЭН

-Сайн байна уу. Та юуны өмнө бидэнд өөрийгөө танилцуулаач?

-Сайн байна уу. Намайг Хашийн Хур гэдэг. Өвөр Монголын Өөртөө засах орны Хянган аймгийн Улаан хотод төрж өссөн. Өвөр Монголын Багшийн дээд сургуулийг комьпютерийн инженер мэргэжлээр төгсөж, саяхан Эрдэнэт хот дахь МУИС-ийн салбар сургуульд боловсрол судлалын чиглэлээр магистр хамгаалсан. Одоо Эрдэнэт хотын Цайхун-гэгээ ерөнхий боловсролын сургуульд мэдээлэл зүй, хятад хэлний багшаар ажилладаг. Монголд ирээд долоон жил болж байна.

-Гэр бүлийнхнийхээ тухай яриач.

-Би эхнэр, хоёр хүүхдийнхээ хамт амьдардаг. Эхнэр маань математикийн багш мэргэжилтэй. Эхнэртэйгээ оюутан байхдаа танилцаж байлаа. Бид хоёр хамт нэг сургуульд ажилладаг. Хамт ажилладаг, мэргэжил нэгтэй болохоор бие биенээ маш сайн ойлгож, зовлон жаргалыг нь ойлгож дэмждэг. 

-Аавыг тань алдартай зохиолч гэж сонслоо?

-Аав маань сэтгүүлч мэргэжилтэй хүн. Ажлынхаа хажуугаар зохиол бичдэг байсан юм. Аавын зохиолууд Өвөрмонголын арван жилийн хүүхдүүдийн сурах бичигт гарсан байдаг. Бас шүлэг ч бичдэг. Аав маань энд ирж амьдрах юм сан гэж их хэлдэг. Би ч гэсэн Монголд ирж амьдрахыг их мөрөөддөг байсан. Монгол хүн Монголдоо л амьдрах ёстой гэж боддог учраас энд амьдрахаар шийдсэн юм.

-Ар Монголд ирээд долоон жил болж байгаа юм байна. Анх ирэхэд өсөж төрсөн орчноос тань хэр ялгаатай санагдсан бэ?

-Нэг их ялгаа гараатай санагдаагүй шүү. Ялангуяа хөдөө очиход эгэл малчны ахуй нь яг л адилхан санагдсан. Малаа хариулж, үнээгээ сааж, морио усалж, монгол гэртээ амьдарч, аж төрж байгаа нь маш адилхан. Харин сүүлийн үед Өвөр Монголд малчид эсгий гэр гэхээсээ илүү байшин барьж, суурьшмал амьдралтай болж байгаа нь ажиглагдсан. Анх ирэхэд сайхан байгальтай, хүмүүс нь их цайлган цагаан сайхан сэтгэлтэй юм шиг санагдаж байлаа. Одоо ч тэгж санагддаг.

ХҮҮХДҮҮД ХАШААНЫ БИЧГИЙГ УНШИХЫГ ХИЧЭЭЖ, ҮСЭГЛЭН ЗОГСОХЫГ ХАРААД САЙХАН САНАГДСАН

-Ар монголд кирилл үсгээр бичдэг, босоо монгол бичгээ хүн бүр өдөр тутамдаа ашиглаад байдаггүй шүү дээ. Анх Эрдэнэтэд ирэхэд бүх зүйл нь кирилл үсгээр болохоор хүндрэл гарч байв уу?

-Өвөр Монголд цэцэрлэгийн бэлтгэл ангиасаа уйгаржин бичиг сурч эхэлдэг. Их сургуульд ороод сонгосон мэргэжлээсээ хамаарч бичгээ өөрчилдөг гэх үү дээ. Бас кирилл үсгийг шинэ монгол үсэг гэж нэрлэдэг. Миний хувьд их сургуулийн төгсөх ангиасаа шинэ монгол үсэг сурч, эхэлж байлаа. Тухайн үед Монгол хүн монгол бичгээ ч сурсан байх ёстой, шинэ монгол үсгээ ч мэдэж байх ёстой гэж бодож сурч эхэлж байлаа. Одоо бол унших тал дээр хүндрэл гардаггүй ч зарим дүрэм дээр будилах үе гардаг шүү.

-Хашааныхаа хаалган дээр монгол бичгээр шүлэг бичих санаа хэрхэн төрж байв. Ингэж бичихэд хэр хугацаа орж байв. Яаж бичсэн бэ?

-Монгол бичиг бол Монголчуудын оюуны өв соёл шүү дээ. Би Монгол хүн бүр монгол бичгээ мэдэж байгаасай гэж хүсдэг. Тиймээс хашаан дээрээ ингэж бичих сэдэл төрсөн юм. Анх би хашааныхаа дотор талд Монгол бичгээр “Уужуу тайван хүн урт насална” гэж бичиж байсан. Дараа нь хашаагаа шинэчлэхдээ “За байз яавал сонирхолтой, содон болох бол” гэж бодсон. Эхэндээ өөрийнхөө зохиосон шүлгийг бичих гэж байгаад Монгол хүн бүрийн мэддэг, мэдэж байх ёстой шүлгийг бичье гэж бодсон юм. Тэгээд л Бямбын Ренчин гуайн Монгол хэл шүлгийг бичих болсон доо. Шүлгээ бичихдээ эхлээд цаасан дээр бичиж хэвлээд, дараа нь хэвлэсэн цаасаа цоолж, цоолсон цаасаа шүршдэг будгаар будаж хийсэн. Бараг сар гаруй хугацаанд хийж дуусгасан байх.

-Хөршүүд тань яаж хүлээж авч байна?

-Хүмүүс их сайхан бичжээ гэж их хэлж байгаа. Гэрээсээ гарах болгонд л хашааны бичгийг хүүхдүүд унших гээд үсэглээд зогсож байхыг харах сайхан байсан. Монгол бичиг бол дэлхийн гайхамшиг шүү дээ. Дэлхий дээрх цор ганц босоо бичиг. Монгол хүн бүр бахархах хэрэгтэй өв. Цор ганц монгол бичгээ ирээдүй хойчдоо өвлүүлэхийн тулд бид өөрсдөө сайн сурах хэрэгтэй. Би ч гэсэн хүүхдүүддээ багаас нь монгол бичгээ зааж сургана гэж боддог.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

-Баярлалаа.