Иргэд орчин тойрондоо байгаа эрсдэлтэй нөхцөл байдал, аюулгүй байдалд заналхийлж болзошгүй асуудлыг шуурхай мэдээлэх боломжтой болж, E-Mongolia системд “Эрсдэл мэдэгдэх” шинэ цэсийг нэвтрүүлжээ.
Тус цэсээр дамжуулан иргэн өөрийн болон бусдын аюулгүй байдлын төлөө илэрсэн эрсдэлийн талаар мэдээлэл хүргэх боломжтой юм. Мэдээлэл илгээхдээ тухайн эрсдэл бүхий газрын байршил, хаягийг дэлгэрэнгүй бичиж, нөхцөл байдлыг баталгаажуулсан зураг хавсаргах шаардлагатай.
Иргэдийн илгээсэн мэдээллийг холбогдох байгууллагад хүргэж, шийдвэрлүүлэх бөгөөд мэдээллийг хүлээн авсан болон шийдвэрлэсэн талаарх мэдэгдлийг E-Mongolia системээр дамжуулан илгээх аж. Ингэснээр иргэд аюултай барилга байгууламж, ил задгай нүх, эвдэрсэн зам талбай зэрэг эрсдэлтэй нөхцөл байдлыг шуурхай мэдээлж, осол гэмтлээс урьдчилан сэргийлэхэд хувь нэмэр оруулах боломж бүрдэж байна.
