Туулын хурдны замын төсөлтэй холбоотой маргаан олон нийтийн анхаарлын төвд хэвээр байна. Иймд энэ удаа Туулын хурдны замын төслийг эсэргүүцэгчдийн нэг иргэн Г.Уянгаатай ярилцлаа. Түүнийг үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл болоо илэрхийлснийх нь төлөө хотын дарга асан Х.Нямбаатар нийтийн албан тушаалд ажиллаж байхдаа шүүхэд удаа дараа хандсан байгаа юм.
ВИДЕО:
"ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ БОЛ ОРОС, ХЯТАДЫН ХООРОНДЫН ТРАНЗИТ УРСГАЛЫГ ХУРДАСГАХ ЗОРИЛГОТОЙ БАЙСАН"
-Туулын хурдны замын төслийг эсэргүүцэгчдийн нэг төлөөлөл нь та. Энэ төслийг эсэргүүцэх болсон үндэслэлээсээ ярилцлагаа эхэлье.
-Туул гол бол монголчуудын үнэт зүйл. Байгаль гэдэг ойлголтын салшгүй хэсэг нь ус бөгөөд бидний амьдрал, соёл, түүхтэй нягт холбоотой. Монгол Улс олон гол мөрөнтэй орон биш. Тэр дундаа “Хатан Туул” хэмээн өргөмжилсөн гол маань үндэстний дурсамж, үнэт зүйл, түүхийн нэг хэсэг болсон. Ийм чухал орон зайг бетон байгууламжаар халхалж, байгалийн төрхийг нь алдагдуулах нь зөв шийдвэр биш гэж үздэг. Хэрэв бид голоо хамгаалж чадахгүй бол ирээдүйд хүүхдүүддээ “нэгэн цагт ийм гол байсан” гэж ярих нөхцөл үүснэ. Анх мэдээлэл авсныхаа маргааш очиход Туулын эрэг дээрх моддыг хүнд техникээр үндсээр нь авч, ачиж байсан. Тэр дүр зураг надад байгаль хамгаалалт бус, сүйтгэл мэт санагдсан. Тиймээс монгол хүний хувьд үнэт зүйл маань хөндөгдөж байна гэж үзэн эсэргүүцсэн.
– Хотын удирдлагууд энэ зам түгжрэлийг 50 орчим хувиар бууруулна гэж тайлбарлаж байсан. Судалгааны хувьд үнэхээр тийм үр дүнтэй төсөл байсан болов уу?
– Х.Нямбаатар, Т.Даваадалай хоёр энэ төслийг түгжрэлтэй холбоотой мэтээр нийгэмд ойлгуулахыг оролдсон гэж боддог. Гэхдээ бид судлаад үзэхэд энэ асуудал нийтэд дэлгэгдэхээс өмнө төслийн танилцуулга Оросын Гадаад хэргийн яамны цахим хуудсанд байршуулсан байсан. Тэр танилцуулгад Улаанбаатарыг тойрч гарах транзит зам гэж тодорхойлсон байсан. Өөрөөр хэлбэл, Орос, Хятадын хоорондын транзит урсгалыг хурдасгах зорилготой зам гэсэн агуулга байсан. Харин бидэнд бол түгжрэл бууруулна, хөгжил авчирна гэж тайлбарлаж байсан. Гэтэл бид хэзээ ч Туул гол дээр түгжирч байгаагүй. Улаанбаатарын түгжрэл хотын төвдөө байдаг. Замын чиглэлийг харахаар Эмээлт, Налайхын хоорондын урсгалыг холбох шинжтэй. Харин Улаанбаатарчуудын өдөр тутмын хөдөлгөөний үндсэн чиглэлээс харьцангуй хол байна. Би ийм төрлийн төслүүдийн олон улсын жишээг бас харсан. Тухайлбал Монтенегрод Хятадын хөрөнгө оруулалттай, баганан суурьтай урт зам барьсан байдаг. Тэр замыг түгжрэл бууруулна гэж танилцуулж байсан ч дараа нь байгаль орчны ноцтой асуудал дагуулсан талаар мэдээллүүд гарсан. Тэнд ажиллаж байсан хятад ажилчдад хүртэл байгаль орчинтой холбоотой зөрчлөөр торгууль ногдуулж байсан тохиолдол бий. Тиймээс миний хувьд асуудал зөвхөн зам барих эсэхдээ биш. Зам дагаж ямар өөрчлөлт гарах вэ, байгаль орчинд ямар нөлөө үзүүлэх вэ, тэр эрсдэлийг хэрхэн тооцсон бэ гэдэг нь чухал. Туул голтой холбоотой энэ төсөл надад бодит эрсдэл дагуулж болзошгүй юм шиг санагдаж байсан.

"ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛ ХАШИЖ БАЙГАА ХҮНИЙ ХӨРӨНГӨ ОРЛОГО, ШИЙДВЭР, ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН НИЙТ АСУУЛТ ТАВИХ, ХАРДАХ ЭРХТЭЙ"
– Туулын хурдны замын сэдвийг түр орхиё. Одоо цаг үеийн сэдвээр яривал, хотын дарга асан Х.Нямбаатар таныг шүүхэд өгсөн гэж та цахим хуудсандаа мэдээлсэн. Ямар агуулга, үндэслэлээр шүүхэд өгсөн бэ?
– Намайг нэр төрд нь халдсан гэж үзээд нэхэмжлэл гаргасан байна лээ. Миний цахим хуудсанд нийтэлсэн тодорхой постыг үндэслэсэн байсан. Тэр постод би түүнийг төсвийн мөнгийг хууль бусаар ашигладаг, албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхол, хонжооны зорилгоор ашигладаг, хууль бус аргаар олсон хөрөнгөө гэр бүлийнхэндээ зарцуулдаг мэтээр бичсэн гэж үзсэн байна. Үүнийг няцаах шаардлагатай гэж шаардсан байсан. Тухайн постод “төсвийн мега хулгайг үрэгчид” гэж бичсэн. Мөн “Нямбаатар аа, чи хулгайгаа шалгуул, огцорч зайл, Монголоос яв” гэх утгатай үгс орсон байсан. “Монголоос яв” гэдэг үг миний өөрийн зохиосон үг биш. Тухайн үед Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн гэдэг хүн иргэдийн жагсаалын үеэр хэлж байсан үг. Тэр утгаараа би иш татсан байдлаар ашигласан. Миний байр суурь бол төрийн албан тушаалтан олон нийтэд хариуцлагатай байх ёстой. Гэтэл иргэдийг “террорист” гэх мэтээр нэрлэж, эсвэл доромжилсон өнгө аясаар хандаж байгаа нь өөрөө асуудал. Мөн 3 дугаар сарын 30-ны жагсаалтай холбоотой үйл явдлаас хойш олон зүйл өрнөсөн. Миний харж байгаагаар тухайн үед гарсан үйлдлүүд нь төрийн албан тушаалтны хувьд ёс зүйн хувьд асуудалтай байсан. Ийм нөхцөлд иргэн хүн төрийн шийдвэр, төсвийн зарцуулалтад эргэлзэж, асуулт тавихад шүүхэд дуудагдах нь өөрөө нийгэмд буруу мессеж өгнө гэж би харж байна. Өөрөөр хэлбэл, шүүмжлэл тавьсан иргэн гэмт хэрэгтэн болох эрсдэлтэй гэсэн ойлголт бий болж магадгүй.
– Хугацааг нь харвал албан тушаал өгснийхөө дараа гаргасан гэж ойлгож болохоор байна уу?
– Үгүй, энэ чинь 3 дахь нэхэмжлэл байгаад байгаа юм. Энэ нэхэмжлэлийг хоёр удаа шүүхээс буцаасан байна лээ. Анхных нь 4 дүгээр сарын 26-нд өгсөн байна лээ. Түүнээс хойш 4 сарын хэдэн, 5 сарын хэдэн гээд нийтдээ дандаа албан тушаал хашиж байх үедээ гаргасан нэхэмжлэлүүд байгаа юм. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр албан тушаалтан төрийн эрх мэдэлтэй байх үедээ энэ үйл ажиллагааг явуулж байсан гэсэн эргэлзээ төрж байгаа. Мөн нэхэмжлэл гаргахдаа миний гэрийн хаягийг яаж мэдсэн нь маш сонин байна. Энэ дээр би гомдол гаргана гэж бодож байгаа. Яагаад гэвэл би төрд өөрийнхөө хувийн мэдээллийг хадгалуулж байгаа. Төр тэр мэдээллийг хамгаалах үүрэгтэй. Хувийн мэдээллийн нууцлалыг төр өөрөө хамгаалах ёстой. Гэтэл төрийн өндөр албан тушаалтан миний хувийн мэдээллийг авч, миний эсрэг ашигласан байж болзошгүй нөхцөл үүсэж байгаа нь маш ноцтой жишээ гэж харж байна.
-Та өөрөө ямар байр суурьтайгаар шүүхэд оролцох, өөрийгөө ямар баримтаар хамгаалах вэ?
-Юуны өмнө энэ нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байгаа. Миний шүүмжилсэн хүн бол энгийн иргэн биш, нийтийн албан тушаалтан. Иргэний хувьд төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүний үйл ажиллагаа, хөрөнгө орлого, гаргаж буй шийдвэрт эргэлзэх, асуулт тавих, шүүмжлэх эрхтэй. Миний нийтэлсэн зүйлс ч энэ хүрээнд хамаарна. Шүүхийн явцад би өөрийн байр сууриа нээлттэй мэдээлэл, олон нийтэд ил болсон баримтуудад үндэслэн тайлбарлана. Мөн нийтийн ашиг сонирхолтой холбоотой асуудалд иргэд байр сууриа илэрхийлсний төлөө дарамт шахалт үзүүлэх ёсгүй гэж үзэж байна. Нөгөө талаар миний хувийн мэдээлэл, тэр дундаа гэрийн хаяг хэрхэн нэхэмжлэлд ашиглагдсан нь өөрөө хууль зүйн хувьд анхаарал татах асуудал. Тиймээс энэ асуудлыг ч мөн хөндөнө гэж бодож байна.

– Нэхэмжлэлд сэтгэгдлүүдийн асуудал дурдагдсан байна. Нөгөө талд та өөрөө ч мөн олон нийтийн дайралт, доромжлолд өртсөн хүн шүү дээ?
– Уг нь тэр үнэн. Намайг үнэхээр ихээр доромжилсон. Гэхдээ би яагаад одоо болтол шүүхэд хандаагүй байсан бэ гэхээр шүүхэд нэхэмжлэл гаргахын тулд тухайн хүний гэрийн хаяг зэрэг мэдээлэл шаардлагатай байдаг. Би Х.Нямбаатарын гэрийн хаягийг мэдэхгүй байсан. Тэгээд яг хаана, аль шүүхэд гомдол гаргах вэ гэдэг процессын хувьд нэлээд хүндрэлтэй байсан. Гэтэл нөгөө талаас би өөрөө “террорист” гэж дуудуулах, мөн миний талаар “охин нь хулгайч” гэх мэтээр маш их доромжлолд өртсөн. Үүнд гомдол гаргах гэхээр надад тухайн хүний хаяг, мэдээлэл байгаагүй. Харин нөгөө талд миний хувийн мэдээлэл, тэр дундаа гэрийн хаяг нь албан тушаалын байдлаа ашиглаж байгаад олдсон байх магадлалтай. Энэ нь өөрөө маш ноцтой асуудал гэж би харж байна. Учир нь хувийн мэдээлэл хамгаалах ёстой зүйл.
"НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ДЭЭД КОМИССЫН ТҮВШИНД ХАМГААЛАЛТ ХҮССЭН"
– Нямбаатар дарга асан нэхэмжлэл гаргасан байна. Та бас нэхэмжлэл гаргах юм байна гэж ойлголоо. Шүүхэд хэзээ хандах вэ?
– Яг тэрэнтэй адилхан бид хоёр сар орчим жагсаад явсан. Үнэхээр ядарсан. Тэгээд би эхлээд жаахан амарч, тогтож байгаад ер нь шүүхэд нэхэмжлэлээ гаргана гэж бодож байгаа. Мөн энэ дээр нэг зүйлийг дурдах нь зөв байх. Бид бол нийтийн эрх ашгийг хамгаалж байгаа хүмүүс. Нийтийн эрх ашиг гэдэг бол ундны ус, байгаль орчин, нийт иргэдийн амьдралтай холбоотой асуудал. Энэ утгаараа бид хувийн өмч, хувийн эрх ашгаа хамгаалж байгаа биш, нийтийн эрх ашгийг хамгаалж байгаа учраас хүний эрх хамгаалагчийн үүрэгтэй адил байр суурьт ордог. Ийм төрлийн үйл ажиллагаа олон улсад ч хамгаалагддаг. Бид сая НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссын түвшинд энэ чиглэлээр уулзалт хийсэн. Тухайн үед холбогдох байгууллагуудтай ийм төрлийн гомдол, хэрэг маргааныг хэрхэн бүртгэж, хамгаалдаг талаар ярилцсан. Тиймээс бид зөвхөн Монголын шүүхийн хүрээнд бус, шаардлагатай бол олон улсын механизмуудыг ашиглана гэж бодож байна.
– Та хотын дарга асан Х.Нямбаатарыг үүрэгт ажлаа хэр сайн гүйцэтгэсэн гэж үзэж байна вэ? Нийслэлчүүдийн хувьд түгжрэл, агаарын бохирдол зэрэг олон асуудал бий. Энэ хүрээнд бодит үр дүн гаргах боломж байсан гэж бодож байна уу?
– Би Х.Нямбаатарыг хувь хүнийх нь хувьд, өөрийн үзэл бодлоор маш муу ажилласан гэж боддог. Бидний хувьд тэр хүн хоёр жилийн турш хотын дарга хийж байсан хугацааг харсан. Тэр хүний зан авир, олон нийттэй харилцаж байгаа байдал нь өөрөө нийгэмд маш сөрөг нөлөө үзүүлсэн гэж харж байна. Бид нийгэмдээ хэрэгтэй зүйлсээ шаардаж байсан. Төсвийн мөнгийг зөв зүйлд зарцуулъя, хүүхдийн сургууль, цэцэрлэг, нийгмийн тулгамдсан асуудлуудаа шийдье гэж хэлж байсан. Гэтэл иргэдийн ийм шаардлагад тайлбар өгөхийн оронд хэрэлдэж, сөргөлдөж байсан. Энэ нь өөрөө нийгэмд ямар үр дагавар үүсгэдэг вэ гэхээр “ингэж харьцаж болдог юм байна” гэсэн ойлголтыг өгч байна. Тэр хүн чинь өндөр албан тушаалтан, нийгэмд нөлөөтэй хүн. Тэгэхээр түүний харилцааны хэв маяг өөрөө нийгмийн жишиг болж хувирдаг. Хүүхдүүдийн дунд хүртэл “Нямбаатараа ингээч, тэгээч” гэж яригдаж байх жишээтэй. Өөрөөр хэлбэл улс төрчдийн харилцааны хэв маяг хүүхдүүдийн хэл ярианд хүртэл нөлөөлж байна. Энэ бол маш буруу үзэгдэл. Миний бодлоор энэ хугацаанд түүний гаргаж байсан үйлдэл, харилцаа, шийдвэрүүдийг нийлүүлж харахад нийгэмд үзүүлсэн нөлөө нь эерэг биш, харин эсрэгээрээ хортой байсан гэж дүгнэнэ. Мөн би энэ асуудлыг зөвхөн хувь хүний хэмжээнд биш гэж харж байгаа. Учир нь нийтийн албан тушаалтан гэдэг бол нам, бүтэц, ёс зүйн хариуцлагатай холбоотой байдаг. Тухайн нам дотор тодорхой ёс зүйн шугам, хариуцлагын тогтолцоо байх ёстой. Гэтэл ийм тогтолцоо сул байвал ийм төрлийн үйлдлүүд хэвийн мэт үргэлжлэх эрсдэлтэй. Миний хувьд энэ нь зөвхөн нэг хүний асуудал биш, харин улс төрийн тогтолцооны хариуцлагын асуудал гэж харж байна.
– Энэ дээр бас нэг дурдах ёстой зүйл олон нийтийн шүүмжлэлийг маш их хүлээсэн зүйл бол Ерөнхий сайдаа “алиа бацаан” зэргээр шууд дамжуулалтын үеэр хэлсэн явдал. Энэ талаар маш олон хүн шүүмжилсэн.
– Үгүй ээ, ер нь энэ хүн өөрөө “би аягүй сайн ажил хийж байна” гээд байгаад байгаа. Гэхдээ бидний нүдэн дээр ажил нь маш тодорхой харагдаж байсан. Бордюр солих асуудал байна. Сэлбэ гол, Дунд голыг өөрчилсөн асуудлууд байна. Туул голтой холбоотой бичиг баримтуудыг хүртэл өөрчилсөн, өмнө нь байгаагүй судалгааны нүүрийг сольж оруулсан гэх мэт зүйлс бий. Мөн хоёр гарын үсэг хуурамч байсан гэж үздэг. Түүнчлэн СХД-ийн хорооны дарга нарыг бөөнөөр нь авчирч байгаад олон нийтийн сүлжээнд сэтгэгдэл бичсэн иргэдийг “бүлэглэн шахах” байдлаар оролцуулсан гэж харсан. Коммент бичсэн хүмүүсийг нэг бүрчлэн тодруулж, хорооны дарга байна гэж ил тод харуулж байсан тохиолдлууд ч бий. Хэрвээ ийм үйлдлүүд гарч байгаа бол энэ бол зүгээр нэг ажил биш. Нийгэмд сөрөг нөлөөтэй үйлдэл гэж би харж байна. Гэтэл нөгөө талд нь өндөр албан тушаалтан өөрөө шийдвэр гаргаж, албан тушаалтнуудыг томилж, чөлөөлөх эрхтэй хүн байж “алиа бацаан” гэх мэт үгээр олон нийтийн өмнө хандаж байгаа нь ойлгомжгүй. Ийм хүн нэг өдөр нэг зүйл хэлээд, дараа нь өөрөөр хандаад байвал энэ нь өөрөө тогтворгүй байдал үүсгэнэ. Тогтворгүй сэтгэлзүйтэй, тогтворгүй харилцаатай хүнээр шийдвэр гаргуулна гэдэг нь нийгэмд эрсдэлтэй. Бидэнд тодорхой байдал хэрэгтэй. Маргааш, дараа сард юу болох нь тодорхой байх ёстой. Гэтэл одоо эсрэгээрээ нэг хүн гарч ирээд л шийдвэрээ хэлчихдэг, дараа нь хэн буруутайг заадаг байдал давамгайлж байна. Үүний үр дүнд нийгэмд тодорхойгүй байдал үүсэж байна. Тодорхойгүй байдал гэдэг нь хүмүүс төлөвлөгөө гаргаж чадахгүй, байнгын эргэлзээ, айдастай амьдрах нөхцөл үүсгэнэ. Ийм орчинд нийгэм урагшлах боломжгүй гэж би үздэг.
"Х.НЯМБААТАР ЯАЖ Ч ХИЧЭЭСЭН Л.ОЮУН-ЭРДЭНЭ ШИГ ИРГЭДЭЭС ДАХИН ИТГЭЛ АВЧ, УЛС ТӨРД ИРЖ ЧАДАХГҮЙ"
-Х.Нямбаатар улс төрд эргэн ирэх болов уу?
-Тэр хүн өөрөө их хичээх байх. Бууж өгөхгүй байгаа нь харагдаж байна. Ер нь “Алиа бацаан аа” гээд Ерөнхий сайддаа хүртэл хандаж байгаа хүн шүү дээ. Л.Оюун-Эрдэнэ хэчнээн хичээгээд ч өнөөдөр хэн ч биш болчихсон байгааг хүмүүс харж байна. Яг ийм дүр зураг Х.Нямбаатарт тохиолдоно. Тэр яаж ч хичээсэн олон нийт түүнд одоо итгэл өгөхгүй. Би Т.Даваадалайд гуравдугаар сарын 30-нд хэлж байсан. “Чи залуу хүн байна, карьераа бод. Даргынхаа өмнөөс бүх зүйлд орж гүйгээд байж болохгүй” гэж. Гэтэл намайг жүжигчин, мэдрэл муутай гэх мэтээр доромжилж байсан. Өнөөдөр тэр хүн ямар байдалтай байна вэ. Улс төрийн карьер нь үндсэндээ дуусчихсан. Маргааш би мундаг улс төрч байсан гэж ярилаа ч хүмүүс итгэхгүй. Итгэл гэдэг байнга цэнэглээд байдаг зүйл биш. Нэг алдсан бол эргээд авах маш хэцүү. Х.Нямбаатарын хувьд ч ялгаагүй. Улс төрд эргэж ирэхийн төлөө зүтгэх байх. Гэхдээ иргэдийн итгэлийг алдсан хүнийг хүмүүс дахиж дэмжихгүй.

– Хэрэв шинэ хотын удирдлага Туулын хурдны замын төслийг үргэлжлүүлбэл та бүхэн тэмцлээ үргэлжлүүлэх үү?
– Нэг сонин зүйл ажиглагдсан. Х.Нямбаатарын талд зогсож, бидний эсрэг худал мэдээлэл тарааж байсан зарим редакц шинэ хотын дарга гарч ирэнгүүт “Туулын хурдны замыг үргэлжлүүлнэ” гэсэн мэдээллийг дахин түгээж эхэлсэн. Бид сүүлийн хоёр сарын хугацаанд ямар мэдээлэл хаанаас, ямар зорилготой гарч байгааг анзаарч байсан. Иргэд 60 хоногийн турш энэ төслийг эсэргүүцсэн. Гэтэл тэр эсэргүүцлийг шинэ хотын дарга руу чиглүүлж, улс төрийн ажилбар хийх оролдлого харагдсан. Хэрэв шинэ дарга үнэхээр Туулын хурдны замыг өмнөх хэлбэрээр нь үргэлжлүүлнэ гэж гарч ирвэл улс төрийн карьераа өөрөө эрсдэлд оруулж байна гэсэн үг. Би хувьдаа тийм алхам хийхгүй байх гэж бодож байна. Харин тэгж шийдвэл нийгэм өөрөө үнэлэлтээ өгнө. Иргэдийн байр суурь тодорхой байгаа. Тиймээс асуудал зөвхөн бид тэмцэх эсэхдээ биш, олон нийтийн эсэргүүцэл ямар хэмжээнд хүрснийг ойлгох ёстой гэж бодож байна.
-Ярилцсанд баярлалаа.