Монгол Улсад өмнө нь бүртгэгдэж байгаагүй шүлхий өвчний САТ-1 хэв шинж тавдугаар сарын 22-нд Баян-Өлгий аймгийн Алтай суманд анх илэрсэн юм. Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр халдварын төрөл батлагдсан байна.
Тэгвэл Өнөөдрийн /2026.06.02/ байдлаар Баян-Өлгий аймагт шинэ голомт бүртгэгдээгүй ч халдварын голомт болон хавьтлын бүсэд байсан 602 толгой малыг устгалд оруулаад байгаа бөгөөд аймгийн хэмжээнд 10 хяналтын пост ажиллуулж, гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарласан байна. Мөн Ховд аймгийн Булган, Үенч суманд шүлхийн дөрвөн голомт бүртгэгдэж, 15 өрхийн 96 толгой үхэр өвчилсөн бөгөөд одоогоор хоёр аймагт нийт 700 орчим мал халдвар аваад байгаа юм.
САТ-1 хэв шинжийн эсрэг вакцинд Монголын мал сүрэг хамрагдаагүй тул өвчлөл цааш тархах эрсдэл өндөр байгааг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна. Шинэ төрлийн вакциныг татан авах ажил үргэлжилж байгаа бөгөөд долоодугаар сарын дунд үеэс нийлүүлэх төлөвтэй байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Увс аймаг Баян-Өлгий чиглэлийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож, Мал эмнэлгийн ерөнхий газар болон орон нутгийн байгууллагууд эрсдэлтэй бүсүүдэд тандалт, хяналтаа эрчимжүүлжээ. Мэргэжлийн байгууллагуудын урьдчилсан таамгаар халдвар хөрш орнуудаас хилийн бүсийн бэлчээр, зэрлэг ан амьтнаар дамжин орж ирсэн байж болзошгүй бөгөөд эцсийн дүгнэлт хараахан гараагүй байна.