ОХУ-ын Засгийн газар тийрэлтэт онгоцны түлшний экспортыг энэ оны арваннэгдүгээр сарын 30 хүртэл түр хугацаагаар хориглох шийдвэр гаргаснаа даваа гарагт мэдэгдлээ. Тус шийдвэрийг дотоодын түлшний зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилгоор хэрэгжүүлж байгаа гэж албаныхан тайлбарлав.
Сүүлийн саруудад Украйны нисгэгчгүй төхөөрөмж болон пуужингийн довтолгооны улмаас Оросын хэд хэдэн газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаа доголдож, дотоодын түлшний үйлдвэрлэл буурсан байна. Үүний улмаас зарим бүс нутагт шатахууны нийлүүлэлт тасалдах, хомсдол үүсэх шинж тэмдэг ажиглагджээ. Шинэ журамд Оростой засгийн газар хоорондын идэвхтэй гэрээ хэлэлцээртэй улс орнуудад хийх нийлүүлэлтийг хоригт хамруулахгүй байхаар тусгасан байна.
Оросын бизнесийн мэдээллийн RBC агентлагийн мэдээлснээр, энэ нь тус улс тийрэлтэт онгоцны түлшний экспортыг анх удаа хориглож буй тохиолдол болж байна.
Харин ОХУ-ын Тээврийн сайд Андрей Никитин сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, улсын хэмжээнд онгоцны түлшний хомсдол үүсээгүй бөгөөд уг шийдвэрийг үндэсний агаарын тээврийн компаниудын ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гаргасан гэж мэдэгджээ. ЭНД дарж уншина уу.