Хотын дарга болсон Б.Пүрэвдагва “Хуримаа цуцалж, тостой тогоо руу үсэрч” буйгаа мэдэгдлээ

Хотын дарга болсон Б.Пүрэвдагва “Хуримаа цуцалж, тостой тогоо руу үсэрч” буйгаа мэдэгдлээ

Энэ долоо хоногийн улс төрд хамгийн анхаарал татсан үйл явдлын нэг нь яах аргагүй Улаанбаатар хотын шинэ удирдлагатай болсон явдал байлаа. Тодруулбал, өмнөх хотын даргыг ажлаас чөлөөлсөнтэй холбоотойгоор Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XII хурал зохион байгуулагдаж төлөөлөгчдийн 92.3 хувийн саналаар Б.Пүрэвдагвыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилохыг дэмжсэн.

Улмаар Ерөнхий сайд Н.Учрал түүнийг албан ёсоор батламжилсан билээ. Хотын даргын суудал ойрын үед угаас олны анхааралд байгаагийн сацуу шинэ даргын анхны илтгэл, НИТХ дээр хэлсэн үгс болон хэвлэлд өгсөн ярилцлагууд түүнийг төв цэгт нь аваачсан юм. Ингээд түүний хэлсэн зарим үгсийг тоймлон хүргэе.

- "НИЙСЛЭЛД ДАХИЖ ТАТВАР ХУРААМЖ НЭМЭХГҮЙ, ТӨР БИЗНЕСТЭЙ ӨРСӨЛДӨХГҮЙ" - 

Хотын даргын өгсөн ярилцлагуудын дотроос хамгийн том алга ташилт авах сэдэв нь яах яах аргагүй “татвар нэмэхгүй” гэсэн үг байлаа. Тодруулбал, тэрбээр  Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XII хуралдаанаар төлөөлөгчдийн асуултад хариулахдаа “Нийслэлд дахиж татвар хураамж нэмэхгүй. Төр бизнестэй өрсөлдөхгүй. Бизнесийн байгууллага болон хувийн хэвшлийн хийж чадах ажил руу нийслэлийн өмчит компаниуд орохгүй. Хэрэв байвал татан буулгахаас буцахгүй” хэмээсэн.

Сүүлийн жилүүдэд авто зам ашигласны төлбөр, автомашины татвар дээр нэмээд хотын татвар хүртэл нэмж төлдөг болсон нийслэлийн иргэдийг энэ үгээр баярлуулж чадахаа хотын дарга сайн мэдэж буй бололтой. Угтаа бол хотын татвар "тэнгэрт тулчихаад" дахиж нэмэх боломж үлдээгүй билээ. 

Түүнчлэн “төр бизнестэй өрсөлдөхгүй, төрийн өмчит компаниудыг татан буулгана” гэдэг нь чихээр сонсоход сайхан боловч начир дээрээ “төрийг багасгана” гэсэн улс төрийн лоозон болчихов уу гэсэн таамаг ч байна. Учир нь нийслэлийн өмчит байгууллагуудын ихэнх нь хотын суурь үйлчилгээ буюу ашиг багатай ч зайлшгүй шаардлагатай салбаруудыг хариуцан ажилладаг билээ. Үүнийг ч мөн хамгийн сайн мэдэх ёстой албан тушаалтан нь хотын дарга билээ.

- "ХОТЫН АСУУДЛУУД УЛС ТӨРЖИХ ЦАГ ХУГАЦААГ ХҮЛЭЭХГҮЙ" - 

Үргэлжлүүлэн Б.Пүрэвдагвын бараг хамгийн олон давтаж хэлсэн “би улс төржихгүй” гэсэн үг нь анхаарал татах сонирхолтой сэдвүүдийн нэг боллоо. Тэрбээр “Би улс төржихгүй ээ, надад улс төржих цаг хугацаа байхгүй. Хотын асуудлууд улс төржих цаг хугацааг хүлээхгүй. Иргэд улс төрийн хэрүүл талцлаас залхсан байна. Одоо зүгээр л ажлаа хийцгээе” хэмээж байв. Гэвч хотын даргын албан тушаал өөрөө улс төрийн хамгийн том институцүүдийн нэг байдаг билээ.

Тиймээс хотын иргэдийн хувьд том төсөл хөтөлбөрүүд, төсөв, тендер, мега төсөл, газрын бодлого гээд улс төрөөс хамааралтай нийслэлийн асуудлаасаа л битгий ангид ажиллаасай хэмээн хүлээж байна.

Тэрбээр мөн Дулааны V станцын талаар ярихдаа “энэ төслийн ард гаръя гэсэн залуу хүний амбиц байна” хэмээн хэлсэн нь өмнөх үеийнхний дуусгаагүй төслүүдийг дуусгаж чадна гэж итгэж буй эрч хүчтэй удирдагчийн дүрээр өөрийгөө харуулахыг зорьсон мэт харагдав. Гэвч “амбиц” гэдэг үг нь өөрөө төлөвлөгөө, санхүүжилт, бодит хэрэгжилтээс илүүтэй хувь хүний хүсэл эрмэлзлийг харуулсан улс төрийн өнгө аястай сонсогдож байгаа юм. Энэ нь түүний “би улс төржихгүй” гэсэн байр суурьтай тодорхой хэмжээнд зөрчилдөж буй мэт харагдаж байна. 

- "МИНИЙ ХАМГИЙН ДОТНЫ САЙН НАЙЗ БОЛ ХӨДӨЛМӨРЧ, СЭТГЭЛТЭЙ, ЧАДВАРТАЙ ХҮМҮҮС БАЙНА" - 

Хотын шинэ дарга мөн “хэлбэр үзүүлдэг, ажлаа хийж мэддэггүй” хүмүүстэй ажиллахгүй гэдгээ илэрхийлсэн. Тэрбээр “миний гол зарчим бол ажлаа мэддэг, ажилдаа эзэн болсон, иргэдийнхээ асуудлыг шийдье гэсэн сэтгэлтэй хүмүүстэй л ажиллана. Түүнээс биш ажил нь албан тушаал болчихсон юм шиг хэлбэр үзүүлдэг, ажлаа хийж мэддэггүй, сэтгэлгүй хүмүүстэй ажиллахгүй. Миний хамгийн дотны сайн найз бол ажилсаг хөдөлмөрч, сэтгэлтэй, чадвартай хүмүүс байна” гэсэн юм. Энэ үгнээс харахад ажил урагшлуулах тухай ярианаас гадна хотын дарга "ажилсаг, хөдөлмөрч, сэтгэлтэй" өөрийн багийг шинээр бүрдүүлэх орон зайгаа гаргасан байх магадлалтай. 

- "ГЭНЭТ АЖИЛ ГАРЧ ИРЭЭД, ХУРИМАА ХҮРТЭЛ ЦУЦАЛСАН" - 

Ингээд хотын дарга ямартай ч одоогийн байгаа бүрэлдэхүүнтэйгээ шууд ажилдаа орсон бөгөөд “урд шөнө унтаагүй” тухай яриа нь нийслэлчүүдэд “сонин” байлаа. Үүн дээр нэмэгдээд тэрбээр мөн “хуримаа хүртэл цуцалсан” билээ. Хотын даргын энэ мэтээр хувийн амьдралаа нийтэд дэлгэж, шууд ажилдаа орсон зэрэг яриа нь өөрийгөө асуудлыг биеэр мэдэрч буй удирдагчийн дүрээр харуулахыг зорьсон мэт харагдаж байгаа юм.

Тэрбээр хуримаа цуцалсан тухай ярихдаа “Би сая зургаадугаар сарын 18-нд хуримаа төлөвлөчихсөн байсан. Гэнэт энэ ажил гарч ирээд л хувийнхаа хуримыг хүртэл цуцалж байна шдээ. Хань ижлээсээ уучлалт хүсмээр байна аа” гэж байв.

Харин дээрх үгийг өөрөөр тайлж уншвал,  би энэ албан тушаалд суухыг зориогүй, ажил өөрөө гэнэт гараад ирсэн хэмээх утгыг мөн гаргажээ. Өөрөөр хэлбэл, өөрийгөө эрх мэдэл хөөцөлдсөн улс төрч бус, харин хариуцлага үүрэхээс өөр аргагүй болсон Улаанбаатарын иргэн гэсэн дүр бий болгохыг зорьжээ гэсэн таамаг байна. Ерөнхийдөө Б.Пүрэвдагвын эхний өдрүүдийн зарим мэдэгдлүүдээс харахад тэр өөрийгөө “ажил хийдэг, эрч хүчтэй залуу менежер” гэсэн дүрээр олон нийтэд ойлгуулахыг зорьж буй нь анзаарагдав. Түний ярьж буй зүйлс бодит төлөвлөгөө, тооцооллоосоо илүүтэй иргэдийн бухимдлыг намжаах, өөрийгөө таниулах улс төрийн өнгө аяс давамгайлсан мэт харагдаж байна. Эцэст нь хотын даргын хувьд имидж бус, үр дүнгээрээ үнэлэгдэх цаг удахгүй ирэх биз ээ.