Н.Учрал: Уурхайн цооногт хүүхэд унасан нь санамсаргүй явдал огт биш, харин манай улсад хариуцлагын зуд нүүрлэсний тод илрэл

Н.Учрал: Уурхайн цооногт хүүхэд унасан нь санамсаргүй явдал огт биш, харин манай улсад хариуцлагын зуд нүүрлэсний тод илрэл

Төв аймгийн Заамар сумын нутагт уурхайн өрөмдлөгийн цооногт гурван настай хүүхэд унасан хэрэгтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдэл хийлээ. 

Тэрбээр "Төв аймгийн Заамар сумын нутагт гурван настай хүүхэд уурхайн өрөмдлөгийн цооногт унаснаас хойш 48 цагийн хугацаа өнгөрч байна. Хоёр шөнө, гурван өдрийн турш Онцгой байдлын алба хаагчид, аврагчид ажиллаж, цаг тутам мэдээллийг өгч байна. Эсэн мэнд байгаасай, ээж аавдаа тэврүүлээсэй хэмээн Ерөнхий сайдын хувьд ч, дөрвөн хүүхэдтэй эцэг хүний хувьд ч сэтгэл зовж, зүрх шимширч байна. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн өмнөхөн болж байгаа энэ харамсалтай үйл явдал Монгол Улсад хүүхдийн аюулгүй байдал ямар түвшинд байгаа вэ гэдгийг тод томруун харуулж байгаа юм. Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн даргын хувиар хүүхдийн төлөө зөвлөлийнхөө хурлыг хийсэн. Өнгөрсөн хугацаанд тус зөвлөлд өгсөн үүрэг даалгаврын биелэлт бараг 100 хувь биелээгүй байсан. Тиймээс эдгээрийг шахаж шаардаж биелүүлэх, мөн хэрэгцээтэй арга хэмжээнүүдийг авахаар ажиллаж байна. Уурхайн цооногт хүүхэд унасан нь санамсаргүй тохиолдол огт биш ээ. Харин хууль дүрмээ барьдаггүй, стандартаа барьдаггүй, хяналт сул, хүүхдийн аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэг хариуцлагаа бүх шатан ухамсарлахгүй байгаагийн тод илрэл гэж үзэж болно.

Манай улсад сахилга, хариуцлагын "зуд" нүүрлэсэн байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсан байна. Тийм ч учраас үйлдвэрийн осол, гэмтлээс шалтгаалж байгаа гэнэтийн золгүй явдал жил бүр нэмэгдэж байгаад бид үнэлэлт, дүгнэлт хийх хэрэгтэй. Иймд ажлаа авсан даруйдаа "Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль"-ийг шинээр боловсруулж, эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж эхэлсэн. Өнөөдөр УИХ-ын даргад "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн" тухайн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ. Монгол улсын хэмжээнд стандартыг барьж, хариуцлагаа ухамсарлан ажиллахыг бүх шатанд шахаж, шаардах болно. Уул уурхайн олборлолт явагдаж буй бүх талбайд улсын хэмжээний төлөвлөгөөт бус үзлэг, тооллого явуулж, бүх аймаг сумын засаг дарга, төрийн байгууллагуудад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгахыг даалгалаа" хэмээн мэдэгдсэн юм. 

ВИДЕО: